• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-16 14:43:12    
Швейцар хүн Лавренс

CRI

     Лавренс... Энэ Швейцар хүнийг олон улсын урлагийн нэрт сэтгүүл болох "Урлагийн шүүмж" сэтгүүл 2007 оны дэлхийн орчин үеийн урлагийн салбарын нөлөө бүхий 100 хүний нэгээр шалгаруулжээ. Түүний Шанхайд эрхэлж байгаа Шянгена зургийн галарей нь дэлхийн хамгийн нөлөө бүхий 75 зургийн галарейн нэг болжээ. Тиймээс Лавренсыг зургийн галарейн системийг Хятадад жинхэнэ утгаар нь авчирсан хүн гэж үзэх ёстой. Хятадын орчин үеийн урлагтай харилцаа холбоотой энэ мундаг хүнийг та бүхэнд танилцуулъя. Лавренс бас Хэ Пүлинь гэдэг хятад нэртэй.

     Швейцар, Хятад хоёр орон орчин үеийн урлагийн талаар нягт харилцаа холбоотой билээ. Швейцарчууд Хятадын орчин үеийн урлагийг таашаан сонирхдог нь одоо хэдийн гайхах зүйл биш болжээ. Зургийн галарейн систем Хятад улсад хараахан бий болоогүй байсан өнгөрсөн зууны 80-аад онд Швейцарын уран зургийн цуглуулагчид, галарей эрхлэгчид болоод урлагийн төрөл бүрийн байгууллага аль хэдийн Хятадад ирчихсэн байжээ. Гэсэн хэдий ч Лавренс Шанхайд орчин үеийн зургийн галарей нээсэн анхны хүн бөгөөд түүний галарей нь Хятадын эх газрын анхны хувийн галарейн нэг юм.

     Лавренс 1958 онд Швейцарын нэгэн уран бүтээлчийн гэр бүлд төржээ. Тэрээр 1985 онд Шанхайн Фүдань их сургуульд ирж хятад хэл сурсан нь хожим хятадын соёл, урлагийг сонирхон цуглуулахад нь их нөлөөлсөн гэдэг.

     "Тэр үед Хятад улс өдрөөс өдөр нээлттэй болж, дэлхийн үйл хэрэгт оролцож эхэлж байсан. Хятад улс өргөн уудам газар нутагтай, нэн эртний түүх соёлтой атал яагаад хятад хэл сурч болохгүй гэж? Яагаад Хятад улсад очиж болохгүй гэж би бодсон. Тэгээд л Хятад улсад сурах болсон юм даа" гэж Лавренс ярьж байлаа.

     Тэрээр Хятад улсад хоёр жил сурахдаа Хятадын кино урлагт онцгой их татагдаж, хэдэн жилийн дараа "Фүрүн тосгон " киноны талаар судалгаа хийж, магистр хамгаалжээ.

     1992 онд Лавренс Шянганд /Гон-Конг/ киноны урлагт сурахын зэрэгцээ нэгэн зургийн галарейд ажилд оржээ. "Шянганд /Гон-Конг/ байх хугацаанд Хятадын орчин үеийн урлагийн бүтээлийг таньж ойлгох боломж тохиосон юм. Учир нь би барууны урлагийг сайн мэддэг боловч Хятадын шинэ урлагийн талаар ямар ч ойлголтгүй байсан юм" гэж Лавренс ярьж байлаа.

     Тэр үед Шянганы /Гон-Конг/ урлагийн бүтээл нь зөвхөн энгийн бараа бүтээгдэхүүний адил зарагдаж байв. Лавренс уран бүтээлчидтэй уулзаж харилцах ямар ч боломж байхгүйдээ ихэд урам хугарч байлаа. Ингээд 1995 онд өөрийн дасаж дадсан Шанхайд очиж, зургийн галарей эрхлэхээр шийджээ.

     Лавренс хэлэхдээ: "Шанхай бол Хятадын орчин үеийн хөгжилтэй, олон улсын жишигт хүрсэн хот . Иймээс миний хүсэж байсан хятадын онцлогтой, дэлхийн үзэл ухамсартай орчин үеийн зургийн урлаг энэ хотод байх ёстой гэж бодсон" гэжээ. Лавренсын сонирхлыг татсан бас нэг зүйл бол Шанхайн олон шилдэг уран зураачид байв. Учир нь тэдгээрийн олонх нь 10 гаруй жил урлан бүтээж байгаа боловч хувь хувьдаа бие даан ажилладаг болохоор мэдээлэл хомс, нээлттэй биш байлаа. Тиймээс тэднийг уран бүтээлээ мэргэжлийн зургийн галарейд дэлгэж үзүүлэх, зах зээлд бүтээлээ танилцуулах боломж дутмаг болохыг олж харжээ. Жан Энь-ли бол Лавренстай эртнээс хамтран ажилласан нутгийн хүн.

     "Би 1989 онд их сургуулиа дүүргээд Шанхайд багшлахын зэрэгцээ уран бүтээл хийж байсан. Тэр үед зах зээл гэж байхгүй, уран зургийн галарей гэдэг ойлголт бүр ч байсангүй. Жилдээ ганц, хоёр удаа л зургийн үзэсгэлэн гарна. Хурд хэмнэл маш удаан. Амьдрал дэндүү энгийн, хүсэл тэмүүлэл тун бага байсан. Миний санаж байгаагаар 1990 онд найз маань зуучилж өгснөөр уран бүтээлээ анх удаа гадаадын хүнд зарж, 200 ам. доллар олоод тун их баярлаж байсан. Тэр үеийн зураачид, тэр үеийн амьдрал үндсэндээ иймэрхүү байсан тул уран зургийн галарей гэх энэ шинэ зүйлийн өмнө бид идэвхгүй байдлаа орхиж, хамтран ажиллах нь чухал байсан юм" гэж Жан Энь-ли ярьсан юм.

     Лавренс эхний хоёр жилдээ Шянгена зургийн галарейгээ Ботман зочид буудлын коридорт ажиллуулж байжээ. Энэ нь тэр үедээ Шанхай дахь Хятадын цорын ганц уран зургийн галарей болж, гадаадын зарим мэргэжлийн байгууллага болоод уран зураг цуглуулагчдын сонирхлыг татаж, тэд Шанхайд ирвэл тус зургийн галарейд заавал хэрэг болгон очдог болсон байв. Энэ мэтээр Шянгенагийн нэр түгсээр улам их нөлөөтэй болсон байна.

     1998 онд Шянгена зургийн галарей нь Ботман зочид буудлаас , Хү-шин цэцэрлэгт хүрээлэнгийн 100 ам метр талбай бүхий өргөөнд нүүж орсон юм. 2000 онд аз тохиож "Уран зургийн урлагийн олимп" хэмээх Швейцарын Баслерийн урлагийн үзэсгэлэн яармагт Шянгена галарей уригдан оролцсон юм. Энэ үйл явдал Шянгена урлагийн галарейн хувьд маш том ач холбогдолтой үйл хэрэг болжээ. Учир нь Хятадын уран зургийн галарейг мэргэжлийн биш гэсэн олон хүний ташаа ойлголтыг эвдэж, бидний урлагийн галарей жинхэнэ мэргэжлийн болсон гэдгийг харуулж чадсан юм" гэж Лавренс ярьсан юм.

     Өнөө Шянгена урлагийн танхим 10 гаруй жилийн түүхтэй болжээ. Энэ 10 гаруй жилд Хятадын орчин үеийн зургийн урлаг зах зээл байхгүй байснаа зах зээлтэй болж, ид хөгжлийнхөө үе шатанд орсон байна. 2008 оны 5-р сарын 24-д Шянганы /Гон-Конг/ Жя Шидэгийн Азийн эрин үеийн оройн дуудлага худалдаа өндөрлөж, Зэн Фаньжигийн 1996 онд бүтээсэн тосон будгийн зураг 75 сая шянган доллараар зарагдаж, Хятадын орчин үеийн зургийн урлагийн дуудлага худалдааны түүхийг дахин шинэтгэсэн юм. Хятадын урлагийн зах зээл хөгжлийн маш их ирээдүйтэй. Учир нь дэлхий нийтээрээ Хятадын орчин үеийн урлагийг сонирхож байна" гэж Лавренс итгэлтэй ярьж байлаа. \Урангоо орчуулж бэлтгэв\