Ред: ХОУР-аас ярьж байна . Эрхэм сонсогчид оо , Одоо та бүхэндээ "Наран тойрог" нэвтрүүлгийн ээлжит дугаар сонордуулъя.
Ред :Дэлхийг дулаацуулсан Хятадын жуулчид тэмдэглэл
Ред: Хятадын ард түмний уламжлалт баяр – цагаан сарын баяр өнгөрөөд хэдхэн хоногийн нүүр үзэж байхад Хятадын аялал жуулчлалын хүрээлэнгээс нэгэн сонирхолтой мэдээлэл нийтэлсэн байна . Юу гэвэл цагаан сарын үеэр ээж аав төрөл садандаа очиж золгодог , мэнд усаа мэддэг "дотоодын их нүүдэл"-ээс гадна хүмүүс хилийн чанадад зорчин аялж зугаалах явдал нэмэгдсэн гэсэн байна . Энэ жилийн хувьд 1 сая Хятадын жуулчид дэлхийн бусад улсуудад зорчсон , зөвхөн нийслэл Бээжингийн хувьд аваад үзвэл цагаан сарын амралтаараа 50 мянган хүн дэлхийн аль нэгтээ очиж амарсан гэсэн судалгаа гарчээ.
Дэлхийн банк санхүүгийн хямрал эдийн засагт , ялангуяа аялал жуулчлалын салбарт ихээхэн хүндрэл дагуулж ирсэн ч ийнхүү олон мянган хятад жуулчид тухайн салбарт асар их бизнесийн боломжийг олгосон нь нөгөө талаараа тэдэнд барьсан цагаан сарын баярын бэлэг гэлтэй.
2015 он гэхэд Хятад улс дэлхийн аялал жуулчлалын 4 дэх том жуулчдын нөөцтэй орон болох бөгөөд жил бүр 100 сая иргэнээ гадаадын оронд илгээнэ гэсэн судалгаа байдаг.
Ред : Зуун зуун жилд хөрш зэргэлдээ оршсоор ирсэн Монголчууд бид Хятадад болж буй үйл явц , хөгжлийн хурдыг анхааралтай ажиглаж байдаг юм . Тэгвэл эрхэм сонсогч танд бас нэгэн сонирхолтой баримтыг дуулгая гэж бодсон юм.
Хятад иргэд гадагшаа зорчихдоо чухам ямар зорилго тээж явдаг вэ ? Энэ асуугаад байх юун билээ гэж эрхэм та бодож болох юм . Аялж жуулчилж амарна , сэтгэлээ сэргээнэ гэдэг нь тодорхой шүү дээ.
Тэгвэл Хятадын аялал жуулчлалын хүрээлэнгээс явуулсан судалгаа танд бас нэгийг мэдүүлж хоёрыг ухааруулж болох юм . 2008 онд Хятадын 46 сая иргэн гадаадын улс орнуудад аялж жуулчилсан байна . Энэ нь өмнөх 2007 оныхоос 12% өссөн гэсэн үзүүлэлт гэнэ шүү . За одоо судалгаанаасаа уншиж танилцуулъя . Дээрх 46 сая иргэний 43% буюу хамгийн олон нь гадаадад зорчихдоо бие сэтгэлээ амраах сэргээх зорилготой гэсэн бол 22% нь шинэ юм мэдэж , мэдлэг олж авах , 13,4% нь шинэ содон соргог зүйлийг харж баясах , 7,9% нь найз нөхөд төрөл садантайгаа улам дотносох , сэтгэлийн холбоо үүсгэх зорилгоор гэсэн бол 6,4% нь хувцас хунар эд бараа худалдан авах гэж хариулсан байна . Зөвхөн 0,9% нь биеэ эмнэлэгт үзүүлж харуулах , сувилуулах гэсэн хариулт өгсөн байна.
Ред : Энэ бүхнээс хараад надад нэгэн сонин сэтгэгдэл төрж байна . Үнэхээр эдийн засаг нь хөгжөөд хүмүүсийн амьдрал сайжраад ирэхээр материаллаг соёлын хэрэгцээ багасч , оюунлаг тал руугаа хүн өөрийгөө хөгжүүлдэг болсон байна даа гэсэн сэтгэгдэл төрж байх юм . Ер нь тухайн орны нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 3000 ам.долларт хүрээд ирэхээр хилийн чанадад , ялангуяа бүс нутгийн хөрш зэргэлдээ оронд зорчих явдал эрс нэмэгддэг гэсэн судалгаа байдаг . Дэлхийн аялал жуулчлалын салбарын чиг хандлагат ч өөрчлөлтүүд гарч байгаа . Тиймээс хамгийн их Хятад жуулчдыг хүлээн авдаг Европ , Зүүн өмнөд Азийн орнууд ч тэдэнтэй харьцах шинэ шинэ бодлогоо тодорхойлж эхлээд байгаа.
"Хятад хүмүүсийн амьдралын төвшин дээшлэхийн хэрээр тэд урьдын адил цагт баригдсан богино хугацааны олон хүнтэй аяллыг сонирхох нь буурч байгаа . Зарим нэг хятад хүн ганцаарчилсан аяллыг , чив чимээгүй тэнгисийн эрэг дээр , бүүр жирийн жижиг тосгонд өнгөрүүлж , Испаны ард түмний соёлыг улам илүү мэдрэхийг хүсдэг болсон гэж Испаны аялал жуулчлалын яамны ажилтан Хосе өгүүлж байна . Харин жуулчдынхаа тоогоор 3 дахь том түнш нь болдог Хятад жуулчдын талаар Тайландчууд юу гэж үзэж байгаа вэ ?
Тэд үзэхдээ эдүгээ хятад жуулчдын бараг 40% орчим нь ганцаарчилсан аяллыг чухалчлах болсон .Интернэт утсан харилцаа сүлжээ асар өргөн дэлгэрсэн өнөө үед ингэж аялах, буудал маршрут болон цаг заваа урьдчилан мэдүүлэх нь туйлын амархан болсон болохоор Хятад жуулчид бидэнтэй байнга холбоотой байдаг юм хэмээн Тайландын аялал жуулчлалын газраас мэдэгдэж байна.
Ред : Өнөөдөр дэлхий ертөнц хүйтэн дайнаар бус , өөрсдийн оюун ухаан , түүх соёл , хүн төрөлхтний хөгжилд оруулсан хувь нэмэр , барьж байгуулсан гайхамшгаараа өөр хоорондоо өрсөлдөх болсон . Иймээс аялал жуулчлалыг хамгийн олон хүнийг хамарсан , эдийн засгийн асар том эргэлттэй салбар хэмээн үздэг . Дэлхийн олон улс орон ч ийнхүү Хятад иргэдийн гадагшаа чиглэсэн их урсгалыг өөрийн зүг рүү чиглүүлэхийн төлөө чармайн ажиллаж байгаа . Энэ бол зөвхөн хүний халаасыг тэмтрэх гэсэн оролдлого бус , харин ч өөрийн сайхан орноо бусдад нээж таниулах гэсэн сайхан санаатай нягт холбоотой . Өнгөрсөн 2008 оны 11 сард Шанхайд болсон Хятадын аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэн яармагт дэлхийн 106 орон бүс нутгийн төлөөлөгчид оролцсон . Үүн дотроо АНУ ,Япон зэрэг тэргүүлэгч орнууд түүхэнд байгаагүй том бүрэлдэхүүнтэй ирсэн нь үнэхээр 21-р зуун Хятадын жуулчдын төлөөх өрсөлдөөний зуун юм уу гэмээр сэтгэгдэл төрж байсан юм.
Ред : АНУ-ын аялал жуулчлалын холбоо саяхан мэдэгдэл гаргаж Хятад жуулчдын тус улсад зорчиход визний талаар хөнгөлөлт үзүүлэхийг уриалжээ . Тэрээр Хятадын жуулчид АНУ-ын эдийн засагт шинэ боломж авчирна гэсэн байна . Дэлхийн аялал жуулчлал хөгжсөн олон орон , ялангуяа олон зуун жил аялал жуулчлалыг өндөр хөгжүүлсэн хөгшин Европ Хятад жуулчдыг өөрийн орондоо айлчлахыг урьж байгаа юм.
"Дэлхийн нефть газрын тосны үнэ ихээр унасан , онгоцны тийз , зочид буудлын ор хоногийн мөнгө асар хямдарсан энэ сайхан боломжтой үед гадагшаа гарч зугаалах нь хамгийн чухал шүү" гэж Их Британи улс мэдэгдсэн байна . Иймэрхүү утгатай мэдээллийг дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлж байгаа юм.
Ред : Энэ жилийн хувьд Хятадын эх газрын жуулчид Тайваньд жуулчлах шинэ журам гарснаар цагаан сарын 7 хоногийн дотор 3000 жуулчин тус арал дээр айлчилж , Тайваньчуудад олон мянган долларын бизнесийн боломж бэлэглэсэн . Тайваны орон нутгийн аялал жуулчлалын салбарынхан ч эх газрын зүгээс ирэх жуулчдын их цувааг тэсэн ядан хүлээж суугаа . Хятадын бараг бүхий л том хотууд Тайваны Тайбэй хоттой шууд нислэгтэй болсон болохоор цаашид ч тийшээ зорчих жуулчдын цуваа үргэлжилнэ , тэр бүрийд дотоодын үйлдвэрлэгч , борлуулагчид ч аж ахуйгаа сэргээх бизнесийн сайхан боломж гарч ирж байгаа юм гэж Тайваны нөхөд маань өгүүлж байна.
Дэлхийн эдийн засгийн хямрал үргэлжилж хүн бүрийн сэтгэлд айдас түгшүүр нүүрлэж , дэлхийн том гүрнүүд эдийн засгаа аврах төлөвлөгөө боловсруулж суух энэ л мөчид хүн бүрийн сэтгэлийг дулаацуулдаг хаврын улирал ирж байна . Тэнэгэр хаврын цагаан сарын баяраа дагаад гадагшаа хөврөх жуулчдын их урсгал тэрхүү хаврын урин дулааныг тээн дэлхийн өнцөг булан бүрт хүрч байгаа мэт . Та бид харилцан айлчилж , харилцан ойлголцож илүү найрсаг нөхөрсгөөр амьдарвал бидний сэтгэл энэхүү хавраас ч илүү дулаахан болно доо гэсэн мэдээллээр энэхүү нэвтрүүлгээ өндөрлөж байна . \Та бүхэнд мэдээллийг хүргэсэн редактор Доржсүрэнгийн Мөнхжаргал\
|