• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-18 16:55:07    
Дарга Хү Жиньтаогийн Ази Африкийн таван оронд хийсэн айлчлал баялаг амжилттай боллоо

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын дарга Хү Жиньтао Саудын Араб, Мали, Сенегал, Танзани, Мавритиус зэрэг таван оронд хийсэн төрийн айлчлалаа 17-нд өндөрлөжээ. Дагалдан явсан Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи эх орондоо буцан ирэх замдаа сэтгүүлчдэд хэлэхдээ, энэ удаагийн айлчлал бол шинэ нөхцөл байдалд Хятад орон болон хөгжиж байгаа улс орнууд хоорондын харилцаагаа эрчимжүүлсэн чухал дипломат үйл ажиллагаа юм. Айлчлал нь баялаг амжилттай боллоо гэжээ.

      Ян Жечи дарга Хү Жиньтаогийн энэ удаагийн айлчлалын тухай хэлэхдээ, өнөө олон улсын улс төр, эдийн засгийн байдалд гүнзгий өөрчлөлт гарч, олон улсын банк санхүүгийн хямрал улам даамжирч байгаа бөгөөд түүнээс хөгжиж байгаа орнуудад үзүүлж байгаа сөрөг нөлөө улам тодорхой болж байна. Үүний зэрэгцээ, энэ жил бол Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний бага хурлын үр өгөөжийг хүртэж байгаа жил болно. Энэ удаагийн айлчлал нь Хятад болон Ази, Африкийн улс орнуудын найрсаг хамтын ажиллагааны харилцааг бэхжүүлэн гүнзгийрүүлж, Хятадын ард түмэн болон хөгжиж байгаа улс орнуудын ард түмэн хоорондын найрамдлыг зузаатгасан, найрсаг хамтын ажиллагааны амжилттай аялал боллоо гэжээ.

     Ян Жечи хэлэхдээ, дарга Хү Жиньтаогийн энэ удаагийн айлчлалын агуулга маш өргөн байлаа. 7-хон хоногийн хугацаанд 50 гаран арга хэмжээнд оролцож, айлчлан хүрсэн улс орон бүрийн улс төрийн өндөр албаныхантай олон удаа уулзалт хэлэлцээ хийсэн төдийгүй, бас олон давхаргын зүтгэлтэнтэй өргөнөөр харилцаж, маш их амжилт олсон юм. Энэ нь голдуу 4 талаар илэрч байна.

     Нэгд, холбогдох талууд олон улсын банк санхүүгийн хямралыг шийдэн зохицуулах талаар шинэ нийтлэг ойлголттой болсон. Дарга Хү Жиньтао айлчлалын хугацаандаа Хятадын талын дэвшүүлсэн олон улсын банк санхүүгийн хямралыг зохицуулах үзэл зорилтыг бүх талаар тодорхойлон өгүүлж, хөгжиж байгаа улс орнуудыг оролцуулсан олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа өргөтгөж, үйл ажиллагаагаа зохицуулахад Хятадын тал бэлэн байна гэж илэрхийлжээ. Дарга Хү Жиньтао олон улсын банк санхүүгийн тогтолцооны өөрчлөлтийн асуудал дээр хөгжиж байгаа улс орнуудын төлөөлөх эрх болон үг хэлэх эрхийг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлж, хөгжиж байгаа улс орнууд, ялангуяа Африкийн орнуудын хүнд бэрх асуудлаа зохицуулахад нь үнэнхүү туслахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа. Үүний зэрэгцээ, тэрээр бас Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний бага хурлаас баталсан Африкт тусламж үзүүлэх арга хэмжээнүүдийг Хятадын тал нухацтай хэрэгжүүлж, өөрийн чадлын хүрээнд Африкт тусламж үзүүлж, Африкийн орнуудын өр ширийг барагдуулах, хасагдуулахаа цаашид нэмэгдүүлж, Африк хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтаа өргөтгөж, 2 талын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлнэ гэж амласан юм. Айлчилж очсон улс орнуудын удирдагчид үүнийг өндрөөр үнэллээ.

     Хоёрт, энэ удаагийн айлчлал нь Хятад болон Ази, Африкийн улс орнууд хоорондын харилцааг шинэ төвшинд хөгжүүлэн гаргалаа. Айлчлалын хугацаанд дарга Хү Жиньтао олон орны удирдагчтай хоёр талын найрсаг хамтын ажиллагааг цаашид ахиулах, Хятад Африкийн чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний бага хурлын тогтоосон Африкт туслах арга хэмжээнүүдийг нухацтай хэрэгжүүлэх, Хятад Саудын Арабын стратегийн чанартай найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, Хятад Африкийн стратегийн түншийн шинэ харилцаа зэрэг асуудлыг гүнзгий судалж, өргөн хүрээнд тохиролцоонд хүрсэн байна. Ян Жечи хэлэхдээ, дарга Хү Жиньтаогийн айлчилж очсон таван орны 4 нь Африкийн орон юм. Танзанид лекц уншихдаа дарга Хү Жиньтао шинэ байдал дахь Хятад Африкийн харилцааны талаар 6 санал дэвшүүлж, өнгөрсөн, одоо, ирээдүйд гэсэнгүй Хятадын ард түмэн Африк хоорондын уламжлалт найрамдлаа нандигнан үзэж, Африкийн ард түмнийг бүрэн итгэлтэй сайн найзаар хэмээн үзсээр ирсэн, мөн ийм байх болно. Хятадын тал Африкийн талтай хамтаар хоёр талын стратегийн түншийн шинэ харилцааг бат бэх хөгжүүлэхэд бэлэн байна гэж тодорхойлон өгүүлсэн юм гэжээ.

      Гуравт, дарга Хү Жиньтаогийн энэ удаагийн айлчилсан 5 орон нь цөмөөр хөгжиж байгаа улс орон юм. Уг айлчлалаар дамжуулан Хятад орны эдгээр улс оронтой тогтоосон олон салбарын хамтын ажиллагаа нь цаашид гүнзгийрлээ. Айлчлалын хугацаанд Хятад улс уг 5 оронтой хамтын ажиллагааны 20 гаран баримт бичигт гарын үсэг зурсан, үүнд, эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, чанарын хяналт шалгалт, эрүүл мэнд, соёл, дэд бүтцийн байгуулалт зэрэг олон салбарыг хамруулж, хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааны хэм далайцыг цаашид тэлсэн юм. Африкт айлчилж байсан хугацаандаа дарга Хү Жиньтао бас Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний бага хурлын залгамж үйл ажиллагааг биелүүлэхийн төлөө, Хятадын хүлээж авсан тусламжийн барилга байгууламжуудын газар дээр нь очиж үзсэн юм.

      Дөрөвт, дарга Хү Жиньтаогийн энэ удаагийн айлчлалд олон чухал арга хэмжээ тохиож, Хятад Саудын Араб, Хятад Африкийн найрамдал хүмүүсийн сэтгэлд гүнээ шингэж, ард олны сэтгэлийг баясгалаа. \Цогжилмаа, Хүчит орчуулж, Сайн-Өлзий хянав.\