Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба 2-ны өдөр "Түвдийн ардчилсан өөрчлөлтийн 50 жил" цагаан ном нийтэлсэн байна. Уг цагаан номд тэмдэглэхдээ, Түвдийн ардчилсан өөрчлөлт бол Түвдийн нийгмийн хөгжил болон хүний эрхийн дэвшлийн цаг үе заагласан түүхэн том чухал үйл хэрэг болох бөгөөд хүн төрөлхтөний соёл иргэншлийн хөгжил, дэлхийн хүний эрхийн түүхэн дэх чухал ач холбогдолтой дэвшил юм гэжээ.
Уг цагаан ном нь 5 бүлгээс бүрдэж, 50 жилийн өмнө Түвдэд ардчилсан өөрчлөлт хийсэн түүхэн нөхцөл байдал, өөрчлөлтийн явц, ардчилсан өөрчлөлт хийсний дараах Түвдийн өөрчлөлт дэвшил тэрчлэн ардчилсан өөрчлөлтийн ололт амжилтыг нарийн бодитой дэлгэрэнгүй танилцуулжээ.
Уг цагаан номд маш олон түүхэн материалаар Түвдэд ардчилсан өөрчлөлт хийсний түүхэн нөхцөл байдал болон түүний явцыг нарийн танилцуулсан байна. 1951 онд Хятадын төв Засгийн газар Түвдийн орон нутгийн Засгийн газартай "Түвдийг энх тайвнаар чөлөөлөх аргын тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурсан байна, үүнийг бас "17 заалттай хэлэлцээр" гэдэг. "Түвдийн орон нутгийн Засгийн газар өөртөө өөрчлөлт хийх ёстой" гэж уг хэлэлцээрт цохон тэмдэглэжээ.
1959 оны 3-р сарын 10-ны өдөр, Түвдийн орон нутгийн Засгийн газар "17 заалттай хэлэлцээр"-ийг илээр зөрчиж, Хятадын эсрэг гадаадын хүчний дэмжлэг дор зэвсэгт урвалгаан гаргасан байна. Энэ урвалгааныг хоёр жил шахам төлөвлөж, Хятадын эсрэг өрнөдийн зарим орны дэмжлэг туслалцааг олсон байна. Хятадын төв Засгийн газар болон Түвдийн ард түмэн хамтаар зэвсэгт урвалгааныг төвшитгөж, мөн оны 3-р сарын 28-ны өдөр Ерөнхий сайд Жоу Эньлай Төрийн Зөвлөлийн зарлиг нийтэлж, Түвдийн орон нутгийн Засгийн газрыг тарааж, төр шашин хосолсон феодалын хамжилгын байгууллыг цуцалж, сая хамжилгачуудыг чөлөөлсөн байна.
2-ны өдөр нийтэлсэн цагаан ном тэмдэглэхдээ, Түвдэд ардчилсан өөрчлөлт хийснээс хойших 50 жилд, улс төр, эдийн засаг, соёл, гэгээрэл боловсрол тэрчлэн нийгмийн хөгжил зэрэг олон талаар түүхэн чанартай өөрчлөлт гарсан. 1965 онд Түвдийн Өөртөө Засах Район байгуулагдаж, үндэстний нутаг районы өөртөө засах дүрмийг тогтоосон байна. 1951-2008 онд, Төв засгийн газраас Түвдийн дэд бүтцийн байгуулалтад нийт 100 тэрбум гаруй юаний хөрөнгө оруулалт хийсэн байна. 1994 оноос хойш, Түвдийн Өөртөө Засах Районы дотоодын нийт үйлдвэрлэлийн өсөлт нь жил тутамд дунджаар 12.8 хувьд хүрч, бүх Хятадын дундаж төвшингээс давсан байна.
Үүний зэрэгцээ, Төв засгийн газрын дэмжлэг дор, Түвдийн ард түмний амьдралын төвшин ихээр дээшилж, орон сууц, эм эмнэлэг, эрүүл мэнд, гэгээрэл боловсрол болон соёл, үйлчилгээний нөхцөл байдал нь ч маш ихээр сайжирлаа. Түвдийн уламжлалт үндэстний соёл ч ихээр хөгжиж, шашин шүтэх эрх чөлөө нь бүрэн хүндэтгэгдэж байна.
Цагаан номд тэмдэглэхдээ, Түвд өнөө түүхэн хөгжлийн хамгийн сайхан үе шатанд байна. Үүнтэй зохицолдохгүй зүйл бол 50 жилийн турш, Далайн бүлэг төр шашин хосолсон феодалын хамжилгын нийгмийг сэргээх гэсэн оролдлогоо ерөөс орхиогүй явдал юм. Далайн бүлэгтэй хийж байгаа тэмцэл бол ерөөс өөртөө засах юм уу өөртөө засахгүй гэсэн асуудал биш, харин дэвшил болон ухралт, нэгдэл болох хагарлын хооронд дахь тэмцэл юм гэжээ.
Төв засгийн газраас 14-р дүрийн Далай ламын эх орноо хайрлах байр суурьд буцан ирэхийг хүлээж байгаа их хаалга ерөөс нээлттэй байсаар бөгөөд цаашид ч мөн нээлттэй хэвээр байх болно гэж цагаан номд бас цохон тэмдэглэсэн байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, О.Дарамбазар хянав.\
|