1994 онд Ү-Жяньминь хэвлэлийн төлөөлөгчийн ажлаасаа дипломат албанд шилжив. Тэрээр Хятадаас Голландад суух элчин сайд, НҮБ-ын Женев дэх хэрэг эрхлэх газрын элчин сайд, 1998-2003 онуудад Хятадаас Францад суух онц бөгөөд эрхт элчин сайдаар тус тус ажиллав.
Францад ажиллаж байсан он жилүүдэд тохиолдсон олон сайхан үйл явдлаас нэгэн үйл явдал түүнд мартагдашгүй дурсамж болж хоногшжээ. 1998 оны 11-р сард Францад суух шинэ элчин сайдаар томилогдсон Ү-Жяньминь Францын ерөнхийлөгчийн ордонд тухайн үеийн Ерөнхийлөгч Ширакад итгэмжлэх жуух бичиг гардуулж, Ерөнхийлөгч Ширак, Гадаад харилцааны сайд болоод Ү-Жяньминьтай хамт гэрэл зураг авахуулжээ. Зураг авах үед Ерөнхийлөгч Ширак түүнийг Гадаад харилцааны сайд хоёрын дунд зогсохыг хүссэн байна. Дипломат ёсоор бол төрийн тэргүүн дунд нь зогсох учиртай юм. Ширакийн энэ байдал тэнд байсан хүмүүст их л гайхаш төрүүлж байсан гэдэг. "Ерөнхийлөгч Ширакийн энэ хүндэтгэл бол намайг биш, Хятад улсыг хүндэтгэж байгааг харуулсан хэрэг юм. Учир нь элчин сайд бол төрийн тэргүүний бие төлөөлөгч тул Францын ерөнхийлөгч манай улс орныг хүндэтгэж байгаа юм шүү дээ" гэж Ү-Жяньминь хэлсэн юм.
Ү-Жяньминь бүрэн эрхийн хугацаандаа Хятад, Францын харилцаанд олон чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайлбал хоёр орны тэргүүн нар анх удаагаа харилцан төрсөн нутагтаа айлчлав. Хятадын хаврын баярын үеэр Парисын Эфелийн цамхагыг анх удаагаа улаан өнгөөр засаж, Хятад, Франц хоёр орон анх удаагаа "соёлын жилийн арга хэмжээ" зохион явуулах зэрэг олон зүйлийг санаачилсан юм. Ү-Жяньминий бүрэн эрхийн хугацаа дуусах үед Ерөнхийлөгч Ширак түүнд "Францын яруу алдарт баатрын одон" гардуулж, Франц,Хятадын харилцааг хөгжүүлэхэд түүний оруулсан хувь нэмрийг үнэлэн сайшаав. Энэ нь мөн Францын дипломат харилцааны түүхэн дэх анхны үйл явдал болсон юм.
2003-2007 онуудад Ү-Жяньминь Олон улсын үзэсгэлэнгийн газрын даргын тушаалд хоёр удаа улиран ажиллав. Энэ нь уг албан тушаалд ажилласан анхны хятад хүн төдийгүй Азийн анхдагч, мөн хөгжиж байгаа орны анхдагч хүн болсон юм. Албан тушаалын хугацаа нь дууссаны дараа ч тэрээр мөн Олон улсын үзэсгэлэнгийн газрын хүндэт даргаар ажилласаар байна. "Өөрчлөлт шинэчлэлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш Хятад улсын дипломат харилцаанд гарсан асар их өөрчлөлт, олсон гарамгай амжилтууд нь улс орны зөв чиг шугам, зөв бодлогын гавьяа мөн" гэж нэр хүндтэй энэ дипломат зүтгэлтэн үзэж байна.
Ү-Жяньминь хэлэхдээ: "Шинэ зуунд шилжсэний дараа манай дипломат харилцаа бүх талаар өргөжиж байна. Учир нь 1961 онд намайг анх гадаад харилцааны ажилд орох үед манай улс 50, 60-аад улс оронтой дипломат харилцаа тогтоосон байсан. Гэтэл өнөөдөр манай улстай дипломат харилцаа тогтоосон улс орон 172-д хүрээд байна. Энэ бол Хятад улс дипломат харилцааны шижир алтан цаг үед шилжсэнийг харуулж байна" гэж Ү-Жяньминь хэлж билээ. \Урангоо орчуулж бэлтгэв\
|