• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-11 09:17:52    
"Наран тойрог" нэвтрүүлгийн хоёрдох дугаар

CRI

     Ред: Хятадын олон улсын радиогоос ярьж байна . Эрхэм сонсогчид оо , Наран тойрог нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна . Одоо та бүхэндээ " Хятадын төмөр зам" тэмдэглэл сонсгохоор бэлтгэлээ .

     Ред : Хятад орныг төмөр замгүйгээр төсөөлөхийн аргагүй . Ялангуяа саяхан болж өнгөрсөн Хятадын уламжлалт цагаан сарын баяраар үнэхээр галт тэрэг хийгээд төмөр зам гэдэг Хятад хүний хувьд хичнээн чухал зүйл болохыг ухаарч билээ . Үнэндээ цагаан сар гэлтгүй Хятадын томоохон баяр ёслол , амралтын өдрүүдэд төмөр замаар зорчигсодын тоо эрс нэмэгддэг хэдий ч угаасаа ажлын төлөвлөлт зохион байгуулалт сайтай төмөр замынхны хувьд нэг их ачаалал биш бололтой .

     Хятадын төмөр замын яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Юн Пин энэ сарын 19-нд хийсэн мэдээлэлдээ 2009 оны Хятадын цагаан сарын оргил ачааллын үеийн зорчигч тээвэрлэлтийн ажил 40 хоног үргэлжлээд үндсэндээ дууслаа гэсэн байна . Юу гэвэл энэ сар илүү гаруйхны хугацаанд өөрийн гэр орондоо очиж хөгшид настайчууддаа золголт хийж дууссан гэсэн үг . Түүний мэдээлснээр энэ хугацаанд Хятадын төмөр зам 192 сая зорчигч тээвэрлэн , өдөрт дунджаар 4,8 сая иргэнийг зорьсон газарт нь хүргэсэн байх юм . Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10,6 хувиар нэмэгдсэн гэсэн тоо нь хүмүүс төмөр замаар зорчих явдлыг илүүд үзэх болсныг илтгэж байгаа юм .

     Үнэндээ төмөр замаар зорчиход үнэ хямд , илүү олон кг ачаа тээвэрлэн авч явах боломжтой , цаг хугацааны хувьд онгоцноос удаан ч тохь тух , унтаж амраад аялахад бас тийм ч муугүй зэрэг давуу талтай , тэгээд ч хэдэн жилийн өмнө хонон өнжин явдаг байсан олон мянган км газрыг одоо электрон галт тэрэг бий болоод улам бага хугацаанд туулаад хүрдэг болсон нь хүмүүст төмөр замыг сонгоход хүргэдэг болов уу гэж бодогдоно .Тэгээд ч онгоц бүх хүмүүст ижил үнэ тарифаар үйлчилдэг бол галт тэргээр зорчиход үнийн сонголт ихтэй . Энэ нь ч хот орж ажил хийгээд халаасандаа хэдхэн төгрөг хураасан тариачдын хувьд мөнгөө хэмнэх хамгийн сонгодог зам байх жишээтэй . Төмөр замаар зөвхөн тариачид зорчдог гэвэл худлаа . Өөр хотод суралцаж буй оюутнууд , гэр лүүгээ ээж аав руугаа зорьсон жирийн ажилчид , амраг бүсгүй хайрт руугаа тэмүүлэх залуус , сэхээтнүүд гээд тоочихын аргагүй . Хамгийн гол нь бид иргэдийг аюулгүй зорчих бүхий л боломжоор хангаж өгсөн байх ёстой . Сүүлийн жилүүдэд том жижиг осол аваар огт гараагүй гэж төмөр замын яамнаас мэдээлж байна .

     Ред : Одоо төмөр замын түүхээс товч танилцуулья л даа . Хамгийн анхны галт тэрэг Хятадад орж ирсэн түүх тэртээ 144 жилийн өмнөөс эхтэй , 1865 он буюу хар тамхины дайны дараахан Английн худалдаачин Дураанд нийслэл Бээжин хотын Суан Ү мэн дүүрэгт сурталчилгааны зориулалттай 500 метр төмөр зам тавьсан нь тухайн үеийн Чин улсын засгийн газрыг цочоож ширүүхэн эсэргүүцэлтэй тулгарчээ . Луугийн судсыг цочоож , уул усыг эвдэж сүйтгэж байна гэсэн шалтгаанаар түүний барьсан энэхүү богинохон түүхтэй төмөр замыг нураах шийдвэр гаргасан нь Английн наймаачин Дураандын төмөр замаар дамжуулж Хятадын зах зээлийг нээх санааг бүтэлгүй болгожээ .

     Харин энэ явдлаас хагас зуун жилийн дараа буюу 1909 онд Хятадын хамгийн анхны төмөр зам 200 гаруй км урттайгаар ашиглалтанд орж байлаа . Эдүгээ Бээжин хотоор цөмөө болгосон Бээжин –Шаньдун , Бээжин –Гуанжоу , Бээжин –Баотоу,Бээжин –Жю лун зэрэг 15 гол шугам нийт 7721 км замыг туулахдаа асар уудам нутагтай Хятадын нутгийг хөндлөн гулд туулж , олон мянган зорчигчийг зорьсон газарт нь саадгүй хүргэх үүргээ нэр төртэй гүйцэтгэж яваа .

     Бээжин хотын төмөр замын хэрэг эрхлэх газар зөвхөн дотооддоо төдийгүй эх орныхоо хилээр үй олон хүнийг гадаад орнуудтай холбох үүргээ гүйцэтгэж байна . 1954 онд Бээжин Пхеньяны олон улсын шууд галт тэрэг , 1959 оноос Бээжин Москвагийн галт тэрэг 7826 км замыг туулан ажил үүргээ гүйцэтгэж яваа . Эдүгээ Тайванаас бусад бүх муж хот , шууд харьяа хот нийслэл Бээжинтэй галт тэргээр холбогдсон гэсэн мэдээлэл бий .

     Ред : Иймэрхүү маягаар эрхэм сонсогч танд мэдээллийг хүргээд байхад үнэхээр сонирхол татах тоо баримт маш олон байна . Хүн ам олонтой том гүрний хувьд Хятад орон харьцангуй боловсронгуй авто болон төмөр замын , агаарын сүлжээг нэгэнт бий болгож чаджээ . Аливаа зүйлийг шинээр бүтээх босгох нэг хэрэг , харин түүнийгээ улам боловсронгуй болгож ажил үйлчилгээгээ сайжруулах нь бүхнээс чухал байдаг шүү дээ .

     Одоо та бүхэнд бас нэгэн сонирхолтой мэдээлэл дуулгая . Өдөрт хэдэн зуун сая хүнд үйлчилдэг галт тэрэгний үйлчлэгч жолоочоос гадна хамгийн их ачаалалтай хүн бол тасалбар борлуулагч нар байдаг . Өдөрт 12 цаг ажиллахдаа зорчигч нартай 6 мянга гаран өгүүлбэрээр харилцдаг . Аль болох бага ус уудаг , учир нь ажлын ачааллын үед бие засах газар руу байнга явах боломжгүй гэсэн байна . Бас хамгийн их ачаалалтай ажилладаг хүмүүсийн тоонд бараа шалгагч нар ордог гэнэ . Галт тэрэг вокзалд орж ирэхэд ачаа бараа шалгах , буулгаж ачих ажилтай тэдний хувьд өдөрт 12 цаг ажиллаад нийт 30 гаруй км алхсан байх нь энүүхэнд гэнэ шүү .

     Одоо дахиад л түүх өгүүлье . Өнгөрсөн зууны 50-аад оны үед Бээжингийн төмөр замын хэрэг эрхлэх газар анх байгуулагдах үед цагт 30-хан км цагийн хурдтай цөөхөн тэрэг хүлээн авсан гэдэг . Галт тэрэгнүүд бүгд ногоон өнгөтэй , дотор нь ороход 1 талд нь 3 хүний , нөгөө талд нь 2 хүний суудлууд байх бөгөөд мөн л ногоон өнгөтэй байх аж . Гол төлөв уулнаас бууж ирэх уурхайчид , цөөхөн зорчигчид , галт тэрэгний үйлчлэгч зэрэг цөөхөн хүмүүс суудаг байжээ . Хүмүүс түүнийг "Ногоон арьстай тэрэг" гэж нэрлэдэг байж . Цаг хугацаа улиран одохын хэрээр өнөөх ногоон дээлтэй тэрэгнүүд аажмаар багасч , 2004 оны 4 сарын 18-нд төмөр зам 5 дахь удаагийн том орон зайн хурдны өөрчлөлт хийсний дараа тохилог унтлагын ор , агааржуулагч бүхий цоо шинэ тэрэгнүүд замд гарсан байна . 2007 оноос хойш ашиглалтанд явж буй цагаан өнгийн тэрэгнүүд орчин үеийн зорчигчдын шаардлагад бүрэн нийцсэн өргөн хаалгатай , тэргэнцэртэй иргэдэд зориулсан , мөн тусгай суудалтай тэрэгнүүд үйлчлэх болжээ . Цэвэрлэгээний хувьд одоо санаа зовох явдалгүй болсон . Учир нь шинэ тэрэгнүүд буудалд орж ирсний дараа цэвэрлэгээний хэсэг маш богино хугацаанд цэвэрлэгээ хийж дуусдаг болсон гэж тэндхийн ажилчид ярьж байна .

     Ред: Бээжин –Улаанбаатарын олон улсын галт тэрэг Бээжин вокзалд орж ирж байна . Та ачаа тээшээ цэгцэлж буухад бэлдээрэй .

     Тийм ээ , алба амины ажлаар Бээжин орох зорчигчдыг хамгийн түрүүн Бээжин вокзал тосч авдаг . Манайхан ч Бээжин вокзалыг хамгийн сайн мэддэг гэхэд хилсдэхгүй . Анх 1959 онд 30 мянга гаруй хятад барилгачид 8-хан сарын хугацаанд тухайн үеийнхээ Хятадын хамгийн орчин үеийн вокзал болох Бээжин вокзалыг барьж босгожээ . 1996 онд Бээжингийн баруун вокзалыг барьсан нь тэр үедээ Азидаа хамгийн томд орж байлаа . Одоо тэгвэл удахгүй Бээжингийн бэлэг тэмдэг болсон өөр нэгэн буудал – Бээжингийн шинэ өмнөд вокзал зорчин явагсдаа хүлээж авахаар бэлдэж байгаа гэнэ . Мөнгөлөг өнгөтэй оройтой эрт эдүгээгийн уран барилгын нийлмэл загвар бүхий энэхүү шинэ буудал нь Бээжин Шанхай чиглэлийн хурдны галт тэрэгний эхлэл станц болох юм . Тэртээ өнгөрсөн зуунд цагт 30-аадхан км –ын хурдтай явдаг асан ногоон тэрэгнүүд эдүгээ түүх болон ард хоцорч , цагт 300 км-ээр хурдлах мөнгөн цагаан тэрэгнүүд цаг хугацаатай уралдан эх орны өнцөг булан бүрт зорчих цаг айсуй .

     Цаг хугацаа алгуурхан урсаж байна . Гагцхүү хүмүүн бид дээшээ од харах ч сөхөөгүй маргаашаас өнөөдрийг булаах мэт яаран ажиллаж байна . Эрчит тэрэгний намуухан дуу цагйин урсгалыг бидэнд сануулах мэт уул ус гол горхийг дамнан хурдалсаар .

     Эрхэм сонсогчид оо , та бүхэндээ Наран тойрог нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүргэлээ . \Бэлтгэж хөтөлсөн редактор Доржсүрэнгийн Мөнхжаргал \