Нэвт: Эрхэм сонсогчид оо , Наран тойрог нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна . Та хүлээн авагчдаа ойртон сууна уу.Энэ удаа та бүхэнтэй тариачид хийгээд тариачдын амьдралын сэдвээр ярилцахаар бэлтгэлээ.
Н: Сүүлийн жилүүдэд Хятадын сонин хэвлэлийн хуудаснаа тариачин-ажилчин гэсэн шинэ нэр томьёо байнга үзэгдэх болсон . Эрхэм та тариачин ажилчин гэсэн 2 хүний талаар өгүүлж байна гэж эндүүрүүзэй . Энэ бол нэг л хүний талаар өгүүлж буй хэрэг.
М:Тийм ээ , үндсэндээ энэ бол хот суурин газар ажил хийхээр ирсэн хөдөө тосгоны хүмүүсийг нэрлэж байгаа юм . Тэдний дийлэнх нь Хэбэй , Шаньдун,Сычуань , Аньхуй,Өвөр Монгол , Ганьсү зэрэг мужаас ирцгээсэн байдаг . Хүний нөөц ,нийгмийн хамгааллын яамнаас оны эхэнд гаргасан албан ёсны тоогоор 130 сая тариачин-ажилчин хүн байдаг гэсэн тоо байдаг юм .
Н:Тэд ихэвчлэн ямар ажил үйлчилгээ эрхэлдэг юм бол?
М: Барилга болон үйлчилгээний салбар . Энэ талаараа нийслэл Бээжин хотын эдийн засгийг хөгжүүлж , хотын бүтээн байгуулалтад их хувь нэмрээ оруулж байгаа . Харин тэд хотод ажиллаад ямархан цалин хөлс авдаг талаар сонирхвол?
Н:Цалин хөлсний хувьд тасралтгүй өсч байгаа гэсэн судалгаа бий . Үнэндээ их хотын амьдрал тэдний хувьд яггүй чанга даваа байдаг.Мөнгөө хурааж хуримтлуулаад өөрийн төрсөн нутаг усандаа очиж сайхан амьдрах туйлын ганцхан хүсэлтэй . Барилгын зах зээлийн үнэлгээний байдлыг хуульчлах үүднээс , Бээжин хотын барилгын хороо барилгачдын цалинд саяхан зохицуулалт хийсэн байна .
М: Ингэснээр газар шорооны ажилд өдөрт 28-29 юань авдаг байсан бол одоо 40-60 юань болтлоо өссөн байна . Цаашид ч зохицуулалт хийж цалин хөлсийг нэмэгдүүлэх бодлого барина гэж тэд ярьцгааж байна .
Н: Одоо тариачид өөрсдөө хэрхэн өгүүлснийг сонсоё л доо .
М: Тариачин Лю Фү Лянь: - Цусны даралт өндрийн улмаас миний нүдний ухархайд цус хурсан . Эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй болохоор мэс засал хийлгээд 10 мянга гаруй юань зарцуулсан . Маш өндөр үнэтэй байна .
Н: Тариачин Шин Шэнь: - Манай Шанши мужийн Нань Жанцунь тосгонд 60 гарсан настайчууд амьжиргааны баталгаагүй тул үр хүүхдийнхээ өгсөн мөнгөөр амьдралаа аргацаахаас өөр орлого байхгүй .
М:Тариачин Ли: Мөнгө төгрөг цуглуулж байгаад хямд үнэтэй орон сууц худалдаж авна гэж бодож байгаа.
Н: Тийм ээ , дээрх 3 хүний яриа нийт бүх тариачдынх биш гэхэд дийлэнх хүмүүсийн санаа зоригийг илэрхийлж байгаа гэж бодож байна . Олон улсын банк санхүүгийн хямрал даамжирч , Хятадын эдийн засгийн хөгжилд шинэ өрсөлдөөн сорилт тулгарч буй энэ цаг үед Бээжинд чуулж буй БХАТИХ-ын 2 чуулган ард иргэдийн амьжиргааг баталгаажуулах , сайжруулах асуудалд түлхүү анхаарал тавьж байна .
М: Тийм ээ , Хятад иргэдийн хүсэн хүлээж буй эрүүл мэнд эмчилгээ , өндөр насны тэтгэвэр , орон сууц , боловсрол зэрэг нийгмийн баталгааны шинжтэй олон асуудлыг зүй зохистой шийдвэрлэж чадах эсэх нь өнөөгийн зангилаа асуудал болоод байгаа .
Н:Одоо эргээд хотод ажиллаж буй тариачин ажилчдын сэдвээр ярилцья . Хотод ажиллаж буй тариачдын хувьд амьдрах орон байр хамгийн хүнд асуудал байдаг . Судалгаагаар , барилга , аж үйлдвэр , олборлох салбарт ажиллаж буй тариачид олноороо нийтийн дотуур байранд амьдардаг . Харин үйлчилгээний салбарт ажиллаж буй залуус байр түрээсэлж амьдрах нь олонтой . Энэ нь тэд ажлын байраа дагаж өөрчлөгдөж байдаг байнгын хөдөлгөөнтэй холбоотой .
М: Тийм ээ , энэ бол Хятадын засгийн газрын өнөөгийн маш тулгамдсан асуудал болоод байгаа . Зөвхөн орон нутгаа орхиод ирсэн тариачид төдийгүй тэдний ар гэр , үр хүүхдийн боловсрол сургууль, за тэгээд өвдөж зовоход эмчлүүлэх гээд маш олон асуудлууд босч ирдэг .
Н: Мэдээж аливаа зүйл сайн муу 2 талтай байдаг . Тариачдын гадагшаа чиглэсэн нүүдэл хөдөө тосгон эзэнгүйдэх , тариа ногооны ажил эрхэлдэг хүн хүчний дутагдалд орох зэрэг сөрөг нөлөөтэй ч тэдний ажил хийгээд олсон хөрөнгө эргээд тосгоны өөрсдийнх нь хөгжлийн гол суурь болж өгдөг юм .
М: Тийм ээ , өнөөгийн засгийн бодлого нутагтаа очсон тариачдын ажил эрхлэлтийн асуудалд онцгой анхаарч байгаа . Хөдөө тосгоны ажиллах хүчний шилжилтийг хотын ажил эрхлэлт , дахин ажил эрхлэлттэй холбож , шинжлэх ухааны үндэстэй төлөвлөх , нэгдсэн зохион байгуулалтад оруулах зэрэг шаардлагууд байгаа .
Н : Түүнчлэн тариачин-ажилчдын бүхий л эрх ашгийг хамгаалах явдал маш хурцаар тавигдаж байна . Одоогийн мөрдөж буй "Хот хөдөөгийн иргэдийн тэгш эрхтэй хөдөлмөр эрхлэх дүрэм"-д заасанчлан тариачдын эрх ашгийг нэн түрүүнд дэвшүүлэн гаргах нь чухал байгаа юм .
М: Дараагийн нэгэн онцгой асуудал бол тосгоны хөдөлмөрлөх хүчний боловсрол сургалтыг сайжруулах явдал юм . Тосгоны тариачдын суурь боловсрол мэдлэг муу , мэргэжлийн ур чадвар тааруухан байгаа нь хөдөө тосгон суурин гацааны хөгжилд сөргөөр нөлөөж байгаа юм . Үйлдвэрлэлийн бүтцийн өөрчлөлт , орчин үеийн хөгжлөө дагаад хот суурин газруудад томоохон өөрчлөлтүүд гарч байгаа . Энэхүү хөгжлийн алхаанд нийцэж чадах эсэх нь хотод мөнгө хайн орж ирсэн тариачдын хувьд бас яггүй шалгуур болоод байгаа . Иймээс тэднийг сургах боловсруулах , өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх , зах зээлийн шинэ техник технологийн орчинд дасгах гээд олон асуудал гарч ирнэ .
Н:Ойрын үед нам засгаас тариачин-ажилчдын мэргэжлийн боловсрол олгох талаар анхаарч , 2003-2010 оны сургалтын төлөвлөгөө баталсан байна . Гэхдээ асар олон хүнийг нарийн зохион байгуулалттай сургахад хүн хүч , хөрөнгө мөнгө зохион байгуулалтын гээд олон бэрхшээлтэй асуудлууд урган гарч байгаагаас энэхүү ажил бас чамлалттай байгаа гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна .
М: Үнэндээ 130 сая хүн гэдэг асар том тоо . Тэднийг нэгдсэн удирдлага зохион байгуулалтад оруулж , нэгдсэн чиг хандлагаар хөгжүүлнэ гэдэг үнэхээр авьяаслаг менежмент удирдлага шаардсан ажил болоод байна . Ийм учраас Наран тойрог нэвтрүүлэг энэ дугаартаа асуудал хөндсөн энэхүү сэдвийг багтааж байгаа юм .
Н: Цаашдаа бид олон цуврал нэвтрүүлэг бэлтгэн сонсогч танд Хятадын хөдөө тосгонд болж буй өөрчлөлтүүдийн талаар , тариачдын амьдралд гарч буй амжилт бүтээл зэргийн талаар танилцуулах болно .
М. Үнэндээ тариачин олон амьдрахын эрхээр хот хөдөө хаа сайгүй ажил эрэн амьдралаа залгуулахаар өдөр хоногийг хэмжин тэмцэж буй хэдий ч нам засгаас нь авьяаслаг бодлого зохион байгуулалт хийн тэдний төлөө санаа тавин ажиллаж байгаа юм байна .
Наран тойрог нэвтрүүлгийн шинэ дугаарыг та бүхэнд хүргэсэн редактор Мөнхжаргал , Алтаннавч
|