2008 оны 12-р сарын 15-ны өдөр Хятадын эх хуурай болон Тайваний хооронд тэнгис болоод агаарын шугам, шуудан холбоо, худалдаа шууд нэвтэрч эхэлсэн. Үүнээс өмнө Тайваний иргэд уламжлалт цагаан сарын баяр болон бусад баяр ёслолын үеэр Шянган, Японоор дамжиж, онгоц солин байж эх хуурайд ирдэг байсан бол одоо шууд онгоцоор ирэх болсон билээ. Мөн Тайваний амтат сайхан жимс, жимсгэнийг ч тэнгис, агаарын тээврээр шууд эх газарт оруулж, эх газрын иргэд шинэхэн, бас нэн хямдхан Тайвань жимсийг амтлах болж, Тайваний жимсний тариаланчид ч ашиг орлогоо нэмэгдүүлж байна.
80-аад оны сүүлчээс Тайваний жимс, жимсгэнэ эх газрын зах зээлд орж ирэх болсон. Төрөл зүйл олонтой, амтлаг мөртөө чанар сайн Тайваний жимсийг эх газрын иргэд ихэд таашаадаг билээ. 2005 оноос эх газрынхан Тайванаас оруулах жимсийг татвараас чөлөөлөх зэрэг хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлснээр Тайваний жимс, жимсгэнийг эх газрын зах зээлд нийлүүлэх явц түргэн болсон юм. Үүний дагуу 2006 онд эх газрынхан Тайваний жимс, жимсгэнийг борлуулан тараах төвийг Тайваньтай тэнгисээр холбогдож байдаг Шя мэнь хотод байгуулсан билээ.
Үүнээс хойш Тайваний жимс, жимсгэнэ эх газрын зах зээлд хэвийн борлуулагдаж, импортын хэмжээ жил дараалан нэмэгдэж ирсэн юм. Шя мэниэр жишээлэн хэлэхэд, 2006 онд Тайванаас оруулсан жимс 200 тоннд хүрч байсан бол, 2008 он гэхэд 1600 тонноос давсан байна. Хэдий ийм байлаа ч гэсэн Тайваний жимс кг бүрдээ хэдэн арван юань, цаашлаад хэдэн зуун юаньд хүрч, борлуулалтын үнэ нь Америкаас оруулсан жимснээс ч илүү үнэтэй тул олонх иргэд авч чаддаггүй байв. Гол учир шалтгаан нь гэвэл урт удаан хугацааны турш хоёр эргийн хооронд худалдаа, тээвэр шууд нэвтрэхгүй, нэвтэрсэн ч Шянган, Японоор дамжиж эх газар орж ирдгээс тээврийн хугацаа урт, өртөг өндөр, мөн жимс муудаж гэмтэх зэрэг олон асуудалтай холбоотой байв. Иймээс ч Тайваний жимс, жимсгэнэ эх газрын зах зээлд өрсөлдөх чадваргүй байсан юм.
2008 оны 12-р сарын 15-ны өдөр, Тайваний хоолойн хоёр эргийн хооронд түүхэн ач холбогдол бүхий тэнгис, агаарын тээвэр шууд нэвтрэх болсон нь Тайваний жимсний аж ахуй шууд ашиг хүртэх болов. Тайваний жимсний ажил үйлсийн хөгжилд тус дөхөм үзүүлэхийн тулд Шя мэнь хотод Тайваний жимс, жимсгэнийг борлуулан тараах шинэ төв байгуулсан бөгөөд энэ оны 1-р сарын 8-ны өдөр албан ёсоор ашиглалтад оруулжээ. Саяхан Шя мэнь хот Тайваний жимсний захиалгын анхны хурлыг зохион байгуулж, Бээжин, Шанхай, Наньжин, Шаньдүн зэрэг газрын жимсний бизнесмен болон Тайваний бараа хангагч бизнесменийг урьж бизнес уулзалт хийв. Тайвань районы Чин Гүө худалдааны ажил төрлийн нэгдсэн холбоо, Тайвань мужийн Хөдөө аж ахуйн хороо, Тайнань шяний хөдөө аж ахуйн хороо, Жинь мэний хөдөө аж ахуй, загасны аж ахуйн үйлдвэрлэлийн тээвэр борлуулалтын хамтарсан хоршоо зэрэг байгууллага тэнгис, агаарын шууд тээвэр нэвтэрсний дараах Тайваний жимсний анхны захиалгын хуралд оролцож, өөр өөрийн бүтээгдэхүүнээ танилцуулсан билээ.
Урьд нь Тайваний жимсийг Шянган болон бусад газраар дамжуулан эх газар оруулж, наанадаж 4—5 хоног болдог байсан. Тэгвэл өнөөдөр тэнгис, агаарын шууд тээвэр, худалдаа бизнес, шуудан холбоо шууд нэвтэрдэг болсноор хагас өдөртөө л эх газрын зах зээл дээр жимсээ борлуулах болж, Тайваний жимсний тариаланчдад их ашиг хүртээх болсон гэж Тайнань шяний хөдөө аж ахуйн хорооны зөвлөлийн дарга Хүн Мүхуа хэлж билээ.
Шя мэнь хотын Тайваний жимс, жимсгэнийг борлуулан тараах шинэ төв нь газар зүйн давуу, зам харилцааны дөхөм байдлынхаа дагуу Тайваний жимсний бизнесменд бөөний худалдааны газар, агуулах, үзэсгэлэнгийн танхим, пүүс дэлгүүр, эрүүл ахуй хяналт шалгалт зэрэг тал бүрийн үйлчилгээ үзүүлж байна. Өнөө Тайвань мужийн хөдөө аж ахуйн нийгэмлэг зэрэг бизнес худалдааны 29 байгууллага энэ шинэ төвд байрлаж, Тайваний бизнесмений уг төвийг ашиглаж байгаа хэмжээ нь 90 хувиас давж байна. Шя мэнь Тайваний жимсийг борлуулан тараах уг төвийг цаашид сайтар удирдан хамаарч хоёр эргийн иргэдэд нэн их ач тус хүртэх болно гэж Шя мэнь хотын орлогч дарга хатагтай Хуан лин хэлжээ. \Урангоо орчуулж бэлтгэв\
|