Орчлонгийн мянга түмэн уулс дундаас нар уруу цувсан уулсын чуулган зулаа цагаан Алтай хамгийн утга төгс, яруу тунгалаг аялгуутай билээ. Лусаан аргадах мэт хөх уулсаа түшиж, шүтэж амьдрах хүн ард тэр л ертөнцийн мянга түмэн эгшиг, утга учир, бодрол бясалгалын эргүүлгээс эмхэтгэн найруулж, нийтгэсэн яруу тансгийн төгс илэрхийлэл нь энэ Алтайн магтаал ажгуу.
Манай интернет ярилцлагын зочин Сүрэнжав чухам л төрсөн нутаг цаст Алтай ханы өвөрт орших наран ээсэн үзэсгэлэнт сайхан торгууд нутгаараа, авъяас билэг, цэцэн оюунт ойрод түмнийхээ түүх шашдир, ёс уламжлал, дуу хуурыг бахархан хөөрдөг нэгэн. Тиймдээ ч түүх хуулчилбал хуучилчихна, дуулбал ч дуулчихна, бийлвэл ч бийлчихнэ, шүлэглэвэл ч шүлэглэчихнэ. Үүнийгээ торгууд түмний маань өв гэдэг юм.
Олныг дуулсан хүний бодол уужим, Холыг харсан хүний хараа тунгалаг. Орой дээр гарсан хүн ихийг үздэг Олныг тойрсон хүн элдвийг сонсдог Цэрэнгийн Сүрэнжав МОНЦАМЭ-гийн сурвалжлагчаар Бээжинд 14 жилийг өнгөрөөхдөө Хятадын өөрчлөлт шинэчлэлтийн үйл явц, хөдөө тосгон, хүн ард гээд өргөн хүрээнд мэдээ мэдлээлэл, сурвалжлага тэмдэглэл бичиж ирсэн.
|