Урьхан: Эрхэм сүлжээ ашиглагчид, сонсогч та бүхэн сайн байцгаана уу? ХОУР-гийн Монгол хэлний редакцийн өөрчлөлт нээлтийн 30 жил сэдэвт интернет ярилцлага эхлэхэд бэлэн боллоо. Саяхан Хятад орон даяар өөрчлөлт нээлтийн гучин жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн. 1978 онд, тухайлбал: гучин жилийн өмнөх 12-р сарын 18-ны өдөр ХКН-ын арван нэг дэх сонгуулийн Төв хорооны 3-р Бүгд хурал Бээжинд болж, тус хурлаар Хятадын онцлогтой социализмийг байгуулах замыг сонгосон юм. Нэг үгээр, тус хурлыг Хятадын өөрчлөлт нээлтийн хөшгийг нээсэн хурал гэж хэлж болно. Түүнээс хойших 30 жилийн турш Хятад улс чухам ямар өөрчлөлтэй болсон, хэр зэрэг хөгжил дэвшилтэй болсон талаар манай ярилцлагын хоёр зочин, интернет сүлжээ ашиглагч, сонсогч та бүхэнтэй чөлөөтэй ярилцах болно. Та бүхэн анхаарлаа хандуулна уу? Өнөөдөрийн интернет ярилцлаганд МОНЦАМЭ агентлагийн ахмад сэтгүүлч Цэрэнгийн Сүрэнжав, манай яруу найрагч, НШУА-ийн эрдэмтэн, доктор Өлзийбатын Начин оролцож байна. Одоо хоёр зочдынхоо тухай танилцуулгыг сонсоё.
Урьхан: Ховд аймгийн торгууд ястан Сүрэнжав гуай, таныг хүрэлцэн ирсэнд баярлалаа. Та сүлжээ ашиглагч, сонсогчтойгоо уулзахад бэлэн болсон биз?
Сүрэнжав: Бэлэн... Юуны өмнө намайг урьж, анхны интернет ярилцлагандаа оролцуулж байгаад тун их баяртай байна. Энэ нэвтрүүлгийг сонсож байгаа болон энэ сүлжээг харж байгаа монголчууддаа юуны өмнө баяр хүргье. Энэ бол зүгээр нэг баяр биш. Энэ бол ертөнцийг өөрчилсэн гучин жилийн баяр юм. Ингээд би өөрийнхөө бодлыг чөлөөтэй яръя. Америк бол дэлхийн шилдэг орон болох гэж 300 жилийн хүчин чармайлт гаргажээ. Гэтэл Хятад хүн энэ дэлхийн хамгийн хөгжилтэй орон, хамгийн жаргалтай ард түмэнтэй болох гэж 30 жилийн хүчин чармайлт гаргажээ. Өнөөдөр бол энэ гучин жилийн баярын өдөр. Энэ нь ганц Хятад улсын баяр биш, харин хөгжил дэвшлийн баяр, дэлхийн баяр гэж бодож байна Урьхан: Баярлалаа. Сүрэнжав гуай бол хятад улсад олон жил ажилласан, туршлагатай сэтгүүлч. Одоо хамтдаа түүний ажил байдалтай танилцая.
Урьхан: Өнөөдөрийн ярилцлаганд уригдан оролцож байгаа нөгөө нэг зочин бол Ө. Начин болно. Хөх монголын өндөрлөг, Бурхан сэтгэлт ээж минь, энх мэндийн хадаг гэх зэрэг бүтээл нь интернет сүлжээ ашиглагчид, сонсочидод танил дасал болсон байхаа.
Урьхан: Үнэхээр Хөх монголын өндөрлөг дууг сонсохтой зэрэг сэтгэл ихэд хөдөлдөг. Ер нь Өвөр Монголд төдийгүй, Монгол улсад ч сүүлийн үед хит дуу болж байгаа юм. Яруу найраг, дууны шүлгээрээ өргөн олонд танил Ө. Начин гуай, та өнөөдөр манай радиод сүлжээ ашиглагчид, сонсогчидтой анх удаа уулзаж байна, сэтгэгдэл ямар байна даа?
Начин: Их баяртай байна. Эрхэм сүлжээ ашиглагч, монгол сонсогч та бүхэн сайн байцагаана уу? Уньтай гэртээ учран золгож, тоонотой гэртээ тухлан жаргаж, тарган тавтай сайхан өвөлжиж байна уу? Та нартайгаа ХОУР-гийн интернет сүлжээний цэнхэр долгионоор уулзаж байгаадаа их сэтгэл өндөр байна.
Урьхан: Баярлалаа. Тэгвэл хэний хэн гэдэг, хэт нутаг хаана байдгийг нь цааш сонсоё.
Урьхан: Сая та бүхэн манай хоёр зочны тухай танилцуулгыг сонслоо. Сүрэнжав гуай, та бол Хятад улсын хөгжлийн сүүлийн хорин жилийг өөрийн нүдээр харж, биеэр танилцаж ирсэн хүн. Тиймээс ч таныг "Хятадын нэвтэрхий толь" гэж хэлэхэд илүүдэхгүй байхаа. Таны алтан үзэгний үзүүрээс монголчууд Хятадын тухай уншсан, бас ойлгож мэдэж ирсэн. Мөн таны арван хэдэн жилийн ажлын гэрч болох "Цацлын есөн дусал" ном уншигч олны ширээн дээр хүрээд байна.Өнөөдөр та Хятад улс гэдэг том номны аль хуудаснаас нь эхэлж ярих вэ?
Сүрэнжав: Хөтлөгч Урьхан танд баярлалаа. Баярлахад ч багадаж байна. Нулмис минь урсах гээд байна. Би анх 21 жилийн өмнө Хятад оронд иржээ. Өөрөөр хэлбэл, Хятадын сүүлийн 21 жилийн энэ их хөгжил, энэ их дэвшил миний нүдний өмнө урсан өнгөрчээ. Энэ бол дэлхийг өөрчилсөн их үйл явдал. Үүнийг би өөрийн нүдээр харсан хүний хувьд, өнөөдөр би маш их баяртай байна. Үүнийгээ сонсогч, бас сүлжээ ашиглагч та бүхэнтэйгээ хуваалцаж байгаадаа ч баярлаж байна. Миний "Цацлын есөн дусал" гэдэг ном Бээжинд хэвлэгдэж гараад хоёр гурван сар болж байна. Энэ номоороо би Хятад гэдэг агуу ард түмэн, асар хурдан хөгжиж байгаа Хятад гүрний тухай, өнө мөнхийн хөрш хоёр орны найрамдлын тухай, бас өөрийнхөө тухай олон монголчууддаа хэлж өгье гэж унтах нойроо хасан байж бичиж бараад одоо та нарын гар дээр тавьсандаа их баярлаж байна. Тийм учраас энэ далимд хэлэхэд, Хятад орны тухай илүү ихийг ойлгож ухаарья гэсэн хүн энэ номыг аваад үзчихвэл миний ярихаас хэдэн арав дахин илүү ихийг мэдэх байхаа гэж бодож байна.
Урьхан: Залуу эрдэмтэн Ө. Начин 1970 онд төржээ. Тэгэхээр та 1978 онд бараг бага сургулийн хоёрдугаар ангийн хүүхэд байсан байх нь. Тэгэхлээр таныг Хятадын өөрчлөлт нээлтийн үйл явцтай хамт өсч бойжсон гэж хэлж болно. Ер нь яруу найрагч, уран бүтээлч болсоны хувьд амьдралыг нэн ч гярхай ажигладаг байж таарна. Тэгвэл өнөөдрийн ярилцлатай холбогдуулан бид Өвөр Монголын ахмад урлагчинтай хийсэн нэгэн ярилцлагаа сонсгоё.
Урьхан: Сая ахмад урлагчин Оюунсан гуай ноцож байна... гэж хамгийн борогжуун сайхан үгээр илтгэлээ. Тэгвэл таны хувьд ч соёл урлагийн салбарын хөгжил ноцож байгаа биз дээ?
Начин: Оюунсан гуайн хэлсэн их зөв байна. Би ч өөрчлөлт нээлтийн гучин жилтэй хамт өсч ирсэн. Энэ явцад соёл урлагийн олон салбар их бадрангуй хөгжлийн эрч хүчээ аван хөгжиж ирсэн. Үүнд далаад оны сүүлч, наяад оны эхээр манай Өвөр Монголын дуу хөгжим, утга зохиол, кино, телевизийн салбарт хөгжил дэвшлийн үүрийн туяа туссан. Тэр дундаа наяад оны эхээр яруу найраг ид хүч аван хөгжсөн. Би ч гэсэн тэр үед яруу найраг бичиж, яруу найргийн тавцан дээр анх гарч байсан. Дараа нь дуу хөгжим эрч хүчээ авч, 90-ээд оны эхээс одоог хүртэл бадрангуй хөгжиж ирлээ. Ирээдүйд ч гэсэн маш их хөгжих боломж байна. Өнөөдөр "Тал нутгийн дуу " хөгжмийн бүлэг гэсэн урсгал гарч ирсэн. Энэ урсгал бүлэг нь монгол, хятад хоёр хэлний дууг хийдэг юм. Дууны уран бүтээл маш олон сонсогчид үзэгчдийн сэтгэлд хүрч, олон хөгжмийн зохиолч, дууны шүлэгч, дуучин төрлөө. Үүнд Тэнгэр гэж аварга дуучин, хуучин дуучин Дэдмаа нар ид сайхан дуулж байгаа. Мөн Бүрэнбаяр, Урнаа, Улаан-туг, Цэцэнцогт зэрэг маш олон сайхан урлагийн хүмүүс энэ үед төрж гарч ирсэн. Тэгвэл кино, телевиз ч гэсэн сайхан хөгжиж байна гэж хэлж болно.
Ялангуяа сүүлийн арван жилд манай кино телевизийн уран бүтээл сайхан хийгдэж, бас олон улсын кино наадмын том шагнал авч байна. Телевизийн уран бүтээл ч гэсэн Өвөр Монголын уран бүтээлчдийн хамтын чармайлтаар "Дөлгөөн амин", "Дорнош буцсан баатарчууд" гэх зэргийн олон бүтээл нь төв телевизийн сувгаар явсан. Мөн Чингэс хаан гэсэн уран бүтээл ч явлаа. Тэгэхдээ манай уран бүтээл зөвхөн Өвөр Монголд төдийгүй бүх Хятадын хэмжээнд ч гэсэн маш их нөлөөтэй байна. Би Шинь-жян, Төвд, Сычуан гэх зэрэг олон газар явж байсан. Тэнд бүгд л манай дууг дуулж, манай уран бүтээлийг сонирхож байгааг олж харсан. Энэ бүхэн бол манай уран бүтээл нь өөрчлөлт нээлтийн гучин жилд өөрийн тойргоосоо гарч, маш өргөн хүрээнд маш их нөлөө үзүүлж, ёстой Оюунсан багшийн хэлсэнчлэн асаж ноцож, бадарч байна гэж би ойлгож байна.
Урьхан: Зөвхөн монгол үндэстнээс гадна, Хан үндэстэн, бас Хятадын өөр бусад үндэстний цөөнхийн соёл урлаг их хөгжиж, улам өргөжин дэлгэрч байна. Хятадын баруун өмнөд нутгийн Сычуаны ардын үгэнд "Цагаан муур ч бай, хар муур ч бай хулгана барьж л байвал сайн муур" гэж ярьдаг. Сүрэнжав гуай, та энэ үгийг өөрийнхөө "Цацлын есөн дусал" номд бичсэн байсан. Энэ тухайгаа сонирхуулна уу?
Сүрэнжав: Тиймээ. Муур хар, цагаан байх нь хамгаагүй, харин хулгана барьж иддэг бол сайн муур гэж агуу их Дэн Шаопин хэлсэн байдаг. Угтаа энэ үг агуу их Дэн Шяопины хэлсэн үг биш, энэ нь Сычуаний ардын үг юм. Тэр үгийг нийгмийн судалгаа, нийгмийн хөгжлийн хууль ёсон дээр маш оновчтойгоор авч хэрэглээд, ажил болгоод, эцэстээ энэ нь Марксизм, Ленинизмийг урагш түлхэж өгсөн гэж би боддог. Хар цагаан гэдэг нь хамаагүй шүү дээ. Харин хулгана барьж чаддаг бол сайн муур гэдэг нь муур хулганы тухай яриагүй байхгүй юу. Энэ бол нийгмийн хөгжлийн тухай социализм, капитализмийн тухай, өнөөгийн ертөнцийн хөгжиж урагшлах үндсэн санаа сэдлийг гаргаж өгсөн агуу их үг юм. Ийм учраас би тэр үгийг өөрийнхөө номонд оруулж, өөрийнхөө хэрээр тайлбарлав. 1982 онд Английн ерөнхий сайд асан төмөр хатагтай Тетчерыг ирэхэд агуу их онолч, суут ухаантан Дэн Шаопин түүнийг хүлээж авахдаа хэлсэн үг юм шүү дээ. Бас нэг инээдтэй юм болсон. Та бол дэлхийн хамгийн ухаантай эмэгтэйчүүдийн нэг юм шүү. Та бол ойлгох ёстой гээд Дэн Шаопин энэ алдарт үгийг хэлжээ. Харамсалтай нь Тетчер тэр үгийг ойлгосонгүй. Тэгээд дараа нь ухаант хүн утга учрыг тайлбарласан байдаг. Энэ үг бол дэлхий ертөнцийг цааш нь авч хөтөлж, хөгжүүлж явах үндсэн санаа юм. Би бас боддог юм. Өнгөрсөн мянган жилд Чингэс гэдэг агуу хүн төрсөн гэж Америкчууд хэлсэн. Гэтэл энэ өнгөрсөн зуун жилд Дэн Шаопин гэдэг хамгийн ухаантай хүн төржээ. Үүнийг би хэлээгүй, Америкийн ерөнхийлөгч асан Клинтон хэлсэн юм. 1997 онд агуу хүн нас нөгцсөний дараа Клинтон: "Сүүлийн зуун жилд төрсөн агуу их хүний зүрх зогслоо" гэж хэлсэн байдаг. Тэгэхлээр сүүлийн зуун жилд Дэн Шаопин гэдэг агуу их цэцэн билэгт ухаантай хүн төржээ. Өнөөдөр тэр агуу ухаантай хүний нутаг руу, ард түмэн рүү дэлхийн хөгжил дөтлөн ирж байна. Одоо дэлхийн өнгө аясыг хэн харуулах вэ гэвэл, дорно дахинд Ази тив харуулна.
Урьхан: Хятад орны сүүлийн 30 жилийн хөгжил дэвшилд Хятадын иргэдээс гадна, таны хэлсэн шиг дэлхийгээрээ баярлах ёстой байх. Ө. Начин та дууны шүлэг, яруу найргаас гадна, бас эрдэм шинжилгээний салбарт гялалзаж яваа хүн. Таны "Аман хүүрнэл ба айл гэрийн уламжлал" гэдэг ном Хятадын НШУ-ны салбарын залуу эрдэмтэний хамгийн өндөр шагналыг хүрсэн. Тэгвэл эрдэм шинжилгээ мөн таны өөрийн хийж байгаа ажил, эсвэл монгол судлалын хүрээн дэх хөгжил дэвшилд таны туулж ирсэн замналаар нотолж чадах уу?
Начин: Чадна гэж би ойлгож байна. Манай Хятад оронд их сургуулийн элсэлт сэргэсэн. 1977 онд би бага сургуульд байсан, хэрэв тэр үед их сургуулийн элсэлт сэргээгүй байсан бол би хаашаа явах байсанаа мэдэхгүй. Би 1987 онд их сургуульд орсон юм. Үүний арван жилийн дараа 1997 онд "Хөх монголын өндөрлөг" дуугаа бичсэн. Түүний дараа удсангүй доктор цолоо хамгаалсан. Түүний арван жилийн дараа би эрдэм шинжилгээний ажил хийсэн. Бас яруу найраг бичсэн, монгол соёлын ажилтан болоод явж байгаа. Тэгэхдээ миний өнгөрүүлж ирсэн явц бол өнгөрсөн 30 жилийн соёл, сурган хүмүүжил, боловсролын амжилтын дээжээс олж хүртсэн гэж бодож байгаа. Би өөрийгөө сайн цагийн босгон дээр, сайн цагийн зулай дээр төрсөн хүн гэж ойлгодог.
Урьхан: Та өөрийгөө өөрчлөлт нээлтийн гучин жилийн үр өгөөжийг хүртэж ирсэн гэж хэллээ...
Начин: Тиймээ, хамгийн түрүүнд хүртсэн нэгэн үеийн хүмүүн гэж өөрийгөө ойлгож байгаа. Миний аав ч гэсэн яруу найрагч хүн л дээ, далаад оны сүүлч, наяад оны дундчаас эхэлж яруу найраг бичсэн хүн. Тэр үед бичсэн аавын маань уран бүтээл надад маш их нөлөө болсон. Хэрэв өөрчлөлт нээлийн эхлэлт байгаагүй бол миний аав яруу найраг бичихгүй, би ч тийм сайхан яруу найргуудыг олж уншихгүй байсан. Миний одоогийн ухаа нээгдэж, одоогийн хэмжээнд хүрэхгүй шүү дээ. Тэгэхдээ би өөрийгөө мэдлэг сурч, хүн болж, оюутан болж хүмүүжин эрдэмтэн болсон маань бүр цагийн сайн гэж боддог.
Урьхан: Та 2006-2007 онд Монголд сурч байсан, тэгэхээр залуу эрдэмтэний хувьд маш их боломж олдсон байна, тийм үү?
Начин: Тийм, тийм. Яриангүй энэ боломж бол бүр цагийн сайн ш дээ. Тэгвэл миний ажиллаж байгаа 6000 хүн ажилладаг НШУА жилд давхардсан тоогоор 8000 хүн гадаадад сургадаг, гадаадаас ч гэсэн маш олон хүн урьж, том хэмжээний илтгэл тайлан хийдэг. Үүнд төрийн тэргүүн ч байна, олон улсын гадаад явдын яамны сайд ч байна, дэлхийн нэрт эрдэмтэн ч байна. Нобелын шагналтнууд ч байна. Эдгээр хүмүүсийн лекцыг сонсоно гэдэг тийм хялбар тохиол биш гэж би боддог. Би дуртай цагтаа очиж сонсдог. Мөн дуртай үедээ гадаадад сурч болно. Хэрэв гадаад хэлний боловсролтой л бол хаа ч явж болно. Үүнд сангийн яамнаас мөнгө төгрөгийг хангалттай өгч байна. Ийм сайхан үйлсийн орчинтай байгаа нь мөн цагийн сайн гэж бодож байна.
Урьхан: Гадаад солилцоо нь нээлттэй байх бодлогын төвлөрсөн илрэл болж байгаа. Гадаадаас суралцах, харилцан туршлага солилцох сайхан өргөн боломжийг хангаж өгсөн байна. Бидний ярилцлага сайхан үргэлжиж байна.Сүлжээ ашиглагч нар ч идэвхтэй оролцож, Хятадын сүүлийн гучин жилийн хөгжил хувиралд баярлаж байгаа сэтгэлээ хуваалцсан. Мөн өөрсдийн сонирхосон олон асуултыг дэвшүүлсэн. Тэгвэл цагийн хараагаас болж, бид тэр бүгдийг хариулах боломжгүй. Одоо түр амасхийгээд сүлжээ ашиглагчдийнхаа асуусан асуултанд хариулъя.
|