• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лондоны дээд хэмжээний уулзалт олон нийтлэг ойлголтод хүрэв

CRI       (GMT+08:00) 2009-04-03 16:44:23

     Хорин орны бүлгийн удирдах хүмүүсийн банк санхүүгийн асуудлаарх дээд хэмжээний 2-р уулзалт нэг хоног явагдаад 2-ны өдөр Английн нийслэл Лондонд өндөрлөв. уулзалтын дараа нийтэлсэн удирдах хүмүүсийн мэдэгдэлд тэмдэглэхдээ, уулзалтад оролцсон удирдах хүмүүс олон улсын банк санхүүгийн байгууллагад хөрөнгө нэмэх болон банк санхүүгийн хяналт удирдлагыг эрчимжүүлэх зэрэг банк санхүүгийн хямралыг дэлхий нийтээрээ зохицуулах асуудлаар олон нийтлэг ойлголтод хүрсэн бөгөөд одоогийн тасралтгүй даамжирч байгаа олон улсын банк санхүүгийн хямралыг зохицуулахын төлөө олон орон хамтын ажиллагаа авахаар амласан байна.

     Хорин орны бүлгийн гишүүн орны удирдах хүмүүс, тэрчлэн НҮБ, Олон улсын валютын сангийн байгууллага, Дэлхийн банк, Банк санхүүгийн тогтвортой байдлын чуулга уулзалт зэрэг олон улсын байгууллагын удирдагчид мөн өдрийн дээд хэмжээний уулзалтад оролцов. Талууд макро эдийн засгийн бодлогын зохицуулалтыг эрчимжүүлэх, олон улсын банк санхүүгийн хяналт удирдлагыг чангатгах, олон улсын банк санхүүгийн зах зээлийг тогтвортой болгох тэрчлэн олон улсын банк санхүүгийн байгууламжид өөрчлөлт хийх зэрэг асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд олон нийтлэг ойлголтод хүрсэн байна.

     Уулзалтын дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр зочлогч орон Английн Ерөнхий сайд Браун 20 орны бүлгийн удирдагчдын өмнөөс удалгүй авах 6 зүйлийн арга хэмжээг мэдэгдэв.

     Үүнд, Банк санхүүгийн хяналт удирдлагыг эрчимжүүлэх талаар, 20 орны бүлгийн удирдагчид, системийн үр нөлөө бүхий бүх банк санхүүгийн байгууллага, банк санхүүгийн бүтээгдэхүүн, банк санхүүгийн зах зээлд хяналт удирдлага хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэв.

     Макро эдийн засагт сэдэлт өгөх талаар, Вашингтоны банк санхүүгийн дээд хэмжээний уулзалтаас ирэх оны сүүлч хүртэл, дэлхийн олон орны хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж байгаа эдийн засгийн өсөлтөд сэдэлт өгөх хөрөнгө мөнгөний хэмжээ 5 триллион ам. долларт хүрэхийн зэрэгцээ олон орон хүүгийн хэмжээг бууруулах болон санхүүгийн өргөтгөх бодлогоо хэвээр хэрэгжүүлэх болно гэж Браун илэрхийлжээ.

     Олон улсын банк санхүүгийн байгууллагад хөрөнгө мөнгө нэмэх талаар, Олон улсын валютын сангийн байгууллага болон Дэлхийн банк зэрэг банк санхүүгийн олон талт байгууллагад 1 триллион 100 тэрбум ам. долларын хөрөнгө мөнгө олгоно. Үүнд эдийн засгийн хямралд автсан улс оронд туслахын төлөө Олон улсын валютын сангийн хөрөнгө мөнгөний хэмжээг 4 дахин нэмэгдүүлж, 250 тэрбумаас 750 тэрбум ам. долларт хүргэхийг удирдагчид зөвшөөрчээ. Үүнээс гадна, Олон улсын валютын сангийн байгууллага мөн гишүүн орнуудад хуваарилах тусгай санхүүжилтийн эрхийн мөнгөний хэмжээг 250 тэрбум ам. доллар нэмэгдүүлэхийн хамт хөгжиж байгаа ядуу улс оронд түлхүү олгохыг удирдагчид зөвшөөрчээ.

     Олон улсын банк санхүүгийн байгууллагын өөрчлөлтийн талаар, Банк санхүүгийн тогтвортой байдлын хороо байгуулж, өнөөгийн Банк санхүүгийн тогтвортой байдлын чуулга уулзалтыг орлуулахаар 20 орны бүлгийн удирдах хүмүүс шийдвэрлэв. Энэ хороо нь Олон улсын валютын сангийн байгууллагатай хамтаар дэлхийн макро эдийн засаг болон банк санхүүгийн зах зээлийн эрсдэлд хяналт хэмжилт хийж, урьдчилан сэрэмжлүүлэх болно. Олон улсын валютын сангийн байгууллага болон Дэлхийн банк ч мөн өөрчлөлт хийх бөгөөд шинээр хөгжиж байгаа эдийн засгийн цогцууд болон хөгжиж байгаа орнуудад нэн их төлөөлөл, үг хэлэх эрх олгох болно. Олон улсын банк санхүүгийн энэ хоёр байгууллагыг Америк, Европ тус тус эзэмшиж байсан зуршлыг өөрчилж, хожим удирдах хүнийг нь сонгохдоо чадвартай хүнийг сонгох зарчим баримтлах болно.

     Үүнээс гадна, удирдах хүмүүсийн мэдэгдэлд мөн худалдааны ивээх үзлийг эсэргүүцэж, НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтыг чармайн биелүүлж, хөгжиж байгаа орнуудад хийсэн тусламж үзүүлэх амлалтаа биелүүлж, эдийн засгийн сэргэлтийн явцад байгаль орчныг хамгаална гэж амласан байна.

      Эдгээр арга хэмжээ нь дэлхийн эдийн засгийн бууралтын цагийг богиносгож, ажлын байрыг аврах болно гэдэгт итгэж байгаагаа Браун илэрхийлсэн бөгөөд энэ оны сүүлчийн үеэр 20 орны бүлгийн банк санхүүгийн тухай дээд хэмжээний 3-р уулзалтыг зохион байгуулах болно гэж мэдээлэв.

     Энэ уулзалтаар тохиролцсон олон төрлийн нийтлэг ойлголтын дотор хамгийн баялаг үр дүн бол Олон улсын валютын сангийн байгууллагын хөрөнгө мөнгийг нэмэгдүүлэх, тэрчлэн тус байгууллага дахь хөгжиж байгаа орнуудын төлөөлөл болон үг хэлэх эрхийг эрчимжүүлсэн явдал болно гэж шинжээчид үзэж байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе