• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Өөдлөх айл үүднээсээ..." сэтгүүлчийн замын тэмдэглэл

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-01-26 18:07:29

     Чука: Сайн байна уу? Би Монголын сэтгүүлч Чулуунцэцэг байна "Хятад орноор" аялалын хүрээнд ХОУР-оос Шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн ойг угтаж, Хятад орны хилийн нутгуудаар сурвалжлах "Найман замын аялал"-ын хойд нутгийн хил орчмоор аялах Лиу Тао ахлагчтай багынхан Бээжинээс Хөх хот, Хөх хотоос Эрээний чиглэлд аялсаар З дахь өдрөө Эрээн хотын үүдэнд ирээд байна.

     Сараа: Сайн байна уу? Би Монгол хэлний редакцийн сурвалжлагч Сарантуяа байна. Бид нар асар том хоёр үлэг гүрвэлийн баримал бүхий Эрээн хотын хаалганы дэргэд зогсож байна.

     Чука: Тийм шүү, үнэхээр гайхалтай юм. Эрээн хотын энэ өвөрмөц хаалга нь чөлөөт харилцаа, итгэл найдвар, соёл боловсрол, эв найрамдлыг илтгэж, "Нөхөрлөл", "Хайр"-ын билэг тэмдэг болон орсон гарсан бүхний хараа булааж, өөрийн эрхгүй бууж сонирхоход хүргэнэ.

     Сараа: Тиймээ, манай аяллынхан цөмөөрөө машинаасаа бууж дурсгалын зураг татуулж байна.

     Чука: Сонсогч та ердөө л нэг өвөрмөц зохиомжтой хаалга гэж бодвол алдаа болно. Хаалганы суурь болоод эргэн тойрныг байгалийн үнэт чулуугаар гоёж засжээ. Энд бас хавь орчинд нь олон зүйлийн үлэг гүрвэлийн баримал, бас балар эрт цагийн байгалийн өнгө төрхийг илэрхийлсэн мод бут, чулуу гээд олон сонирхолтой зүйлийг цогцоор нь үзэж сонирхож болно. Би багагүй улс орон, хот балгасны үүд хаалгыг үзэж байсан. Тэдгээр нь өөр өөрийн улс орны бэлгэдлийг илэрхийлсэн ердийн хаалга байдаг. Тэгвэл Эрээний хаалга цэвэр цэмцгэр төдийгүй нэг үгээр хэлбэл байгалийн ил музьей ч гэж болохоор юм.

     Сараа: Бас энэ хаалганаас дотогш орвол энэхүү балар цагийн өвөрмөц сонин тогтоц Эрээн хотын зах хүртэл хэдэн км үргэлжилнэ гээд боддоо. Энэ бүхнийг харсан хэн бүхэн хүний ухаан, уран сэтгэмж, нөр их хөдөлмөр, улс гүрний хөгжил дэвшлийг магтахаас өөр аргагүй ээ.

     Чука: Тийм шүү. Хөгжил хөдөлгөөн гэдэг бол хаа ч байдаг л зүйл. Чухам хөгжлийн хурд нь хэр зэрэг байна вэ гэдэг л хамгийн чухал юм байна. Би энэ замаар ажил амь гээд олон удаа нааш цааш явж байсан. Хамгийн сүүлд бараг 5, 6 жилийн өмнө явсан шиг санаж байна. Тэр үед энэ сайхан цогцолбор бүр ор мөргүй байсан. Хавар цагийн шуургатай үед авто зам элсэнд хучигдаж, машин тэрэг гаталж чадахгүй яарайтал зогсчихсон байдаг байсан. Ингэхэд Сараа, чи миний яриаг итгэж ядаад байнаа даа? Наад царай чинь хэлээд байна шүү.

     Сараа: Гайхаж л байна. Гэвч нүдээр үзсэн хүн ярьж байгаа болохоор итгэж байнаа, итгэж байна.

     Чука: Салхи шуурга ихтэй хаврын 4, 5 сард зам нь элсэнд дарагдчих тохиолдол цөөнгүй. Тэр үед машин тэрэг элсэнд суучихаад тусламж хүлээгээд бөөн түгжрэл үүсгэнэ шүү дээ. Тэр байдлыг нүдээр үзсэн би өөрөө ч өнөөгийн энэ байдлыг итгэж ядаж байхад чиний хувьд итгэхгүй байх нь аргагүй юм даа.

     Сараа: Тэгвэл үүнийг хүний хөдөлмөрийн үр шим, бас Хятад улсын өөрчлөлт шинэчлэлтийн нэг тод жишээ гэж хэлж болно доо.

     Чука: Тийм шүү. Энэ жил хур бороо элбэг дэлбэг болоод ч тэр үү, говийн энэ буйд газар үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Элс тунарч байдаг газар өвс ногоо сугсарч харагдана. Эсвэл байгаль эх хөдөлмөрч хүмүүст ингэж буян хишгээ хайрладаг юм болов уу...? Монголчууд бид "Өөдлөх айл үүднээсээ харагддаг" гэж ярьдаг. Үнэхээр Эрээн, Өвөрмонгол, цаашлаад Хятад улсын өнгө төрх, ирээдүй энэ хойд хилийн үүднээс харагдаж байна. Үүд нь ийм байгаа хойно Эрээн хот ямар байгаа бол... харахсан гэж яарах сэтгэл төрж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе