• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шилийн хотод өнгөрүүлсэн нэг өдөр... сэтгүүлчийн замын тэмдэглэл

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-29 08:58:34

     Бид Эрээнээс өглөөний 8 цагт Өвөрмонголын Шилийн гол аймгийг чиглэн гарав. Цаг орчмын дараа Дэрстэй хэмээх газар ирлээ. Энэ нутаг нэрэнтэй зохицсон дэрс ихтэй юм. Замын хоёр хажуугаар дэрс салхины аясаар найгана. Удаж төдөлгүй Шилийн гол аймгийн Зүүн Сөнөд хошууны төв Мандалтын хажуугаар өнгөрөв. Зүүн Сөнөд гэж аль эртний хошуу баймаарсан. Гэтэл нүдний минь өмнө ёстой будаг нь ханхалсан цоо шинэ жижигхэн хот харагдах юм. Хуучин байшин балгас үзье ч гэсэн даан ч алга. Бүр гайхлаа, тэгээд энэ Зүүн Сөнөд мөн гэж үү? гэж асуухад, "Мөн, мөн. Зүүн Сөнөдийн хуучин төв нь манханд дарагдчихаад энд шинээр байгуулсан юм" гэж Гэрэлт танилцуулав. Тал дээр буй үлгэрийн юм шиг бяцхан сууринг хараад надад цааш нь асууж лавлах үг ч олдсонгүй. Удалгүй бид "машинаа хооллохоор" Шилийн гол аймгийн Авга хошууны төвд орж ирлээ. Бензин авах хооронд би Авгын төвийг сонирхон харлаа. Авга сайхан ч нутаг, домог түүхтэй ч нутаг юм. Энд мөн л бүтээн байгуулалт өрнөж, шинэ хуучин хоёр зэрэгцэн байна. Хуучны улаан тоосгон намхан намхан байшингуудтай шинэ цагийн өнгөлөг цагаан байшингууд зэрэгцэн байна. Хотын замыг өргөтгөж байгаа бололтой өчнөөн техник замын хажуугаар зогсчихсон хөдөлмөр ундарч байна. Авга хошуунд Бэлгүтэй баатартай холбоотой түүхт зүйл олон гэнэ. Авгын баруун талаар намхан атлаа сунайсан урт уул байна. Их намхан юмаа. Шовгор овгор орой гэж байхгүй шув шулуухан тэгш оройтой, ер нь их сонин хэлбэртэй уул юм. Энэ ууланд Бэлгүтэй баатрын эгмийн ясыг тахисан байдаг гэнэ. Бэлгүтэйгийн эгмийн ястай холбоотой олон домог хууч яриа байх юм. Бас Бэлгүтэйгийн эгмийн ясанд чоно үүрэлсэн гэнэ. "Чоно хийморьтойд нь үзэгдэж, илүү хийморьтойд нь алагддаг" гэж монголчууд бид ярьдаг ч ортой бололтой. Ингээд бид Авгаас цааш зүүн хойш чиглэн явлаа. Зам цааш хөвөрсөөр… Бодлоосоо салж цонх руу хартал нүдний минь өмнө миний нутаг тэр чигээрээ гараад ирлээ. Бүр юу билээ гэсэн бодол төрсөн шүү. Надад УБ-аас гараад явж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн. Шилийн гол аймгийн нутаг манай нутагтай ямар адилхан юм бэ? Нов ногоон тал, цэв цэнхэр тэнгэр, хөвөн цагаан үүл намайг дагаж үргэлжлээд л… нутаг минь санагдчихлаа.

1 2 3 4 5 6
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе