• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Баруун Үзэмчин нутгаар хийсэн аялгуут тэмдэглэл...

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-16 09:39:23

     Ред: Өвөрлөгчид дундаа Үзэмчин нутгийг дууны далай гэдэг нь үнэний хувьтай юм билээ. Баруун үзэмчин нутгаар явж байхад дуулахгүй хүн гэж нэгээхэн үгүй. Дууныхаа домог түүхийг ярьж хуучилна ч гэж жигтэйхэн. Хэнтэй ч уулзсан дуулах дууныхаа үүх түүх, домог хуучийг яриад л эхэлнэ. Үзэмчингүүд сайхан дуулдаг төдийгүй буурал түүхийн зайд олон домог түүхт дуу зохион дуулж, монгол ардын дууны өв санд «Алтан дусал» нэмэрлэж баяжуулсаар иржээ. Тэд бүх монголчуудын далай баян ардын дуунаас аль охь сор болсон содон бүтээлийг дуундаа шингээн уусгаж, шигшин боловсруулж дуулахуйн урлагт өөрийн гэсэн онцлог хэв намбыг оруулж өгснөөрөө «Үзэмчин ардын дуу» төрж, улмаар язгуур соёл урлагийн нэгэн соргог цэцгийн мандал болон цогцолж, олны анхаарлыг татаж иржээ.
/ хөгжим /

     Ред: Аль ч түмний ардын дуу үе үеийн хүн зоны хүсэл мөрөөдөл, итгэл бишрэл, амьдрал, хайр, хорсол гээд дотоод сэтгэлийн илрэл төдийгүй ардын ёс заншил, иргэншил, хэл соёлыг тусгаж байдаг « Амьдралын толь », «Сэтгэлийн цонх» болж байдаг урлаг юм. Тиймээс түүхчид ардын дууны хууч судлалын элементийг судалгаандаа ашигласаар ирсэн түүхтэй.

     1978-онд үзэмчин нутгийн урлагийн ахмад зүтгэлтэн До.Санжаа «Үзэмчин ардын дуу» хэмээх бүтээлээ хэвлүүлснээр үзэмчин ардын дуу үсэг бичгийн тэмдэглэлтэй болж, үзэмчин ардын дуу судлалын анхны хөшиг нээгджээ. Мөн түүх судлаач Бэлхүнүтэйгийн Н.Бөххад Мэргэжлийн сургуулийн дуучин Отгонбаатар нарын эмхтгэн дэглэж хэвлүүлсэн «Үзэмчин ардын домогт дуу»-ны нэг боть ном үзэмчин ардын дууны судлалд бас нэг алхам болжээ. Энэ бүтээл үзэмчин ардын дууны домог, дууны үг, ая гурвыг хамтатгасан төдийгүй сэтгэмж шинэ, аялгууг таван утаст нотоор тэмдэглэсэн нь дэлхий нийтийн сонирхолд ойртсон, бас дууны домог ба үгийн олон хувилбарыг зэрэгцүүлэн оруулж өгсөн нь зажлуур сайтай, шинийг эрэлхийлсэн бүтээл болж чаджээ гэж судлаачид үзэж байгаа юм байна. Уг эмхтгэлд ихэвчлэн зан үйлийн холбогдолтой болон түүхт үйл явдлыг тусгасан домогт дуунууд тэмдэглэсэн бөгөөд урьд өмнө нь хэвлэгдэж нийтлэгдэж байгаагүй дуу гэхэд л хагас илүүг эзэлжээ. Мөн Үзэмчингүүдийн найрын магнай дуу, найр дэлгэрүүлэх дуу, найр жаргаах дуу, сүлд тахилгын дуу, Үзэмчин бээлийн хошууны төрийн таван дуу, шашны зан үйлийн дуу зэргийг тэмдэглэж оруулсан нь судалгааны үнэ цэнтэй зүйл болжээ. Ингээд Үзэмчин ардын домогт дууны алтан санг хамтдаа уудалъя.
/ хөгжим /

     Ред: Үзэмчин нутаг бөхөөрөө алдартай. Хүү төрвөл бөх төрлөө хэмээн эрүү өвдгийг нь барьж үзэж, шинжиж сонжиж сүйд болно. Найр наадам болоход барилдахгүй эр хүн гэж ховор. Үе дамжин ирсэн домогт бөх олонтой, түүгээрээ ч их бахархдаг юм билээ.

     Одоо Үзэмчин нутгийн алдарт бөх Дүүрэн-Зааны тухай нэгэн дуу сонсъё. Энэ дуунд: Үдшээр гардаггүй цолмон од нь

Үүрийн эртээр гялалзаад байна
Үзэмчин хошууны Дүүрэн-Заан
Үзэгдэхийн бараанаас гялалзаад байна
Арван лангийн алтан зодог нь
Арын нь дагаад гялалзаад байна
Алсын хошууны Дүүрэн-Заан
Ачин шүүрэн хаялаад байна
Хорин лангийн хоргой тоохуу нь
Хормойвчны доогуур нь мяралзаад байна
Холын хошууны Дүүрэн-Заан
Хумин шүүрэн хаялаад байна...гэж дуулдаг юм.
/ дуу /

     Ред: Дүүрэн-Заан бол баруун үзэмчин хошууны Олгой голын хойд дээгүүр Эрдэнэ овоо, Бүлээн хөндийгөөр нутагладаг Тайж нар сумын уугуул хүн. Тэрээр шар тайж хэмээгдэх Донровын гэрт 1850 онд мэндэлжээ. Багын нэр нь Дүүрэндэлгэр бөлгөө.

     Дүүрэн-Зааны эцэг шар тайж Донров бас нэгэн үеийн нэр цуутай бөх байсан гэдэг. Тэрээр хоёр хөвүүнтэй бөгөөд ихийг нь Дүүрэндэлгэр, багыг нь Тангад хэмээнэ.

     Дүүрэндэлгэр хорь хүрч эр бие жагсаж ирэхийн үесд хол ойрын олон найр наадамд удаа дараалан тэргүүлж, арслан бар шиг догшин хүчит бөхчүүдийг өвдөг шороодуулж, заан гэдэг цол хүртжээ. Тэр цагаас хойш Дүүрэндэлгэр нэр нь Дүүрэн-Заан болсон гэдэг.

     «Дүүрэн-Заан » дуу 1880-аад онд Барга хошуунд зохиогджээ. Яахаараа үзэмчин бөхийн тухай дуу Баргад зохиогддог билээ гэж гайхах хүн байдаг гэсэн. Тэр үед Хорчины засагт вангийн ордон буюу одоогийн Улаан хот хошуунд их найр наадам болж, энэ найр дээр үзэмчин чин вангийн бөх Дүүрэн- Заан түрүүлжээ.

     Хорчины ноён хутагт гэгээний бөх алдарт Маасан цоохор энэ наадам дээр бас барилдсан гэдэг. Тэр найр наадмын үеэр Аав ламын хийдийн ерөөл авах хурал давхцаж, Маасан цоохор уг хийдийн цогчин унзад болох тул барилдаж завдахгүй байж гэнэ. Үүнийг мэдсэн засагт ван Маасан цоохорыг хүлээж найраа хэдэн хоногоор хойшлуулж байсан гэдэг. Гэсэн хэдий ч тэр наадам дээр Дүүрэн-Заан түрүүлж, Маасан цоохор үзүүрлэхэд, Засагт вангийн найр дээр очсон үзэмчингүүд баярлаж хөөрөхдөө «Дүүрэн-Заан » хэмээх энэ дууг зохион дуулсан гэдэг. Учир нь тэр үед үзэмчинд их цас зуд болж, нэг хэсэг үзэмчингүүд нутаг бэлчээрийн сэрмүүнийг хөөж Хорчин аймгийн Түшээт вангийн хошуунд очиж өвөлжсөн боловч зарим нь нутагтаа эргэж очилгүй тэндээ суурьшсан юм байжээ. Тэдгээр үзэмчингүүд Засагт хошууны их найр дээр өөрийн нутгийн бөх Дүүрэн-Заан хэдэн өдрийн турш арслан бар шиг сүр жавхлантай барилдахыг хараад уусан ус, унасан газар шороогоо санан дурсахын эрхээр нутгийн бөхөө бахархан дуулсан түүхтэй юм байна. Тэр цагаас хойш «Дүүрэн-Заан » гэх дуу газар сайгүй дуулагдаж, өргөн олноо түгэн дэлгэрчээ.
/ Гарын арван хуруу дуу орж ирээд хэсэг яваад... /

     Ред: Сонсогч та "Гарын арван хуруу" ардын дуу яагаад үзэмчин нутгийн домогт дуу болчихдог билээ гэж гайхаж байна уу? Тийм ээ, энэ дууны үүх түүх үүсэл гарлыг сонсвол яах аргагүй Үзэмчин нутаг, тэр дундаа сая бид танил болсон Дүүрэн-Заан бөхтэй холбоотой юм билээ. Үзэмчин ардын дууг судлан тэмдэглэсэн Отгонбаатарын тэмдэглэлээс үзвэл, Дүүрэн-Зааны гэргий Зулцэцэг гэх бүсгүй Дүүрэн-Заанд зориулан зохиож дуулсан юм байна. Зулцэцэг нь Хөлөнбуйр аймгийн Барга хошууны мянган цагаан адуутай айлын охин аж. Тэр нэгэн жил Барга хошуунд их зуд болж, Үзэмчинд нүүдэллэн ирэх үед Зулцэцэг Дүүрэн-Заантай танилцаж, тэд хайр сэтгэлтэй болжээ. Нутагтаа буцсан хойно Зулцэцэг бүсгүй Дүүрэн зааныг дурсан санагалзаж:

Гарын арван хуруу нь
Гажаа нь үгүй шулуун даа
Гартаа хийсэн бөгж нь
Хольцоо нь үгүй шижир дээ
Хар өнгийн хоргойгоор нь
Ханцуйгаа юундаа чимэв дээ
Харийн хошууны чамдаа
Хайраа юундаа өгөв дөө
Эрээн өнгийн торгоор нь
Энгэрээр юундаа чимэв дээ
Энгийн хошууны чамдаа
Ингэтлээ юундаа даслаа даа... гэж дуулсан юм гэдэг.

     Учир нь Дүүрэн-Заан ханцуйг нь хар торгоор эмжсэн, энгэрийг нь эрээн хоргойгоор чимсэн дээл өмсдөг байжээ. Тиймээс Зулцэцэг дуундаа ингэж оруулж өгчээ. Дүүрэн зааны эцэг ч тайж удамтай чинээлэг хүн тул бэр буулгахаар хүүгээ дагуулан Баргын нутагт очиход хүүхний тал хүргэний хүчийг сорино хэмээн эр хонины хүзүүний махыг дутуу чанаж, үтэр түргэн салга хэмээхүйд Дүүрэн-Заан тэр дор нь бүгдийг ёсоор гүйцэтгэж, сэтгэлийн зул болсон Зулцэцэг бүсгүйгээ гэрийгээ болгож авсан юм гэдэг.

Ингээд танайх ч бас манайх ч гэдэг шиг "Гарын арван хуруу" дуугаа хамтдаа сонсъё.
/ Гарын арван хуруу-дуу /

     Ред: Монгол ардын ардын дуу уудлаад баршгүй уурхай, умбаад туулшгүй мөрөн лугаа билээ. Тэр дундаа Үзэмчин ардын домогт дуу үеэс үед ам дамжин уламжлагдаж ирсэн язгуур соёлын охь манлай, монгол түмний дуун урлагийн нандин өв хөрөнгө ажээ. Үзэмчин ардын дуу нь үзэмчин нутгийн өнгө төрх, үнэр амтаараа нэн өвөрмөц төдийгүй хүн ардынхаа амьдрал ахуйн ул мөрийг зураглан тэмдэглэж, шигшиж ирсэн болохоор урт удаан амь настай, дуусашгүй соёлын өв юм даа.
/ хөгжим /

     Ред: "Үзэмчин нутгийн домогт дуунаас" аялгуут тэмдэглэлийнхээ эхний хэсгийг та бүхэнд хүргэлээ. Дараагийн дугаар хүртэл баяртай.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе