|
|
||
Бидний хоёрдох өдрийн аялал Хятадад төдийгүй гадаадын олон оронд алдартай Жан Юй компанид зочилсноор эхэллээ. Тэртээ 1892 онд алдарт эх оронч ноён Жан Биши 3 сая лан цагаан мөнгөөр Жан Юй улаан дарсны үйлдвэрийг байгуулснаар Хятад оронд дарсны анхны үйлдвэрийн суурийг тавьсан байна. Эдүгээ 117 жилийн түүхтэй энэхүү үйлдвэрт биднийг очиход холбогдох хүмүүс тосон авч мэндчилээд үйлдвэрийн цех тасгуудаар дагуулан явж, үйлдвэрлэлийн явцтай танилцуулсан. 100 гаруй жилийн хөгжлийн түүхэндээ Жан Юй Хятадын төдийгүй Ази тивийн хамгийн том улаан дарс үйлдвэрлэн борлуулагч болсон байна.
Үнэхээр Жан Юй далайн эргийн Яньтай хотыг олны танил хот болгоход өөрийн зохих хувь нэмрийг оруулжээ. Тайлбарлагч бүсгүйн хэлснээр, Жан Юй компани эдүгээ 4000 гаруй ажилчинтай, нийт 2 тэрбум 290 сая юанийн хөрөнгөтэй. Үүнээс цэвэр хөрөнгө нь 1 тэрбум 480 сая юань. Гол төлөв улаан цагаан дарс, брэнди, оргилуун дарс, эмийн архи, хүнсний цагаан архи, рашаан зэргийг үйлдвэрлэдэг байна. Жилдээ 80 мянган тонн архи үйлдвэрлэж, Хятадын дотоодод төдийгүй Малайз, Америк, Голланд, Бельги, БНСУ, Тайланд, Сингапур, Хонконг зэрэг дэлхийн 20 гаруй улс, бүс нутагт борлуулдаг байна. Тэртээ 1915 онд Панамд болсон Ази Номхон далайн орнуудын яармагаас Жан Юй өөрсдийн бүтээгдэхүүнээрээ 4 алтан медалийг авчирч байлаа. Үүнээс хойш дотоодын болон олон улсын улаан дарсны үзэсгэлэнгээс нийт 30 гаруй алт мөнгөн медаль авчээ. Энэ бүхэн Жан Юй хэмээх амтат дарсны үнэлэмж , түүний ид шидийг харуулсан үзүүлэлт болох юм.
Сүүлийн жилүүдэд Жан Юй олон улсын усан үзэм улаан дарсны байгууллагатай нягт хамтран ажиллаж, түүний ажиглагч гишүүн болсон байна. Тус байгууллага Жан Юй үйлдвэр байрладаг Яньтай хотыг олон улсын усан үзэм улаан дарсны хот хэмээн өргөмжилсөн билээ. 1997 онд Жан Юй корпорац олон улсын улаан дарс үйлдвэрлэгч магнат болох Кастел компанитай техник менежмент, борлуулалтын талаар нягт хамтран ажиллах гэрээ байгуулснаар Жан Юй компанийн улаан дарс дэлхийн зах зээл гарах эхлэлийг тавьжээ.
Энэ бүхнийг тайлбарлагч бүсгүйн үгнээс сонсож мэдэж авлаа. Жан Юй компанийн байр анх очсон хүнд ямар нэгэн музейд орсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Том хаалганы гадна Жан Юй Кастел гэсэн үг нүднээ илт харагдаж, 70 га талбай бүхий усан үзмийн тариалангийн талбайн дунд Жан Юй компанийн төв байр үйлдвэрийн цех, архины агуулах зэрэг байрлах аж. Тус компаниар зочлох 1 цагийн хугацаанд зөвхөн Хятадын төдийгүй дэлхийн усан үзмийн үйлдвэрийн түүхтэй танилцах мэт сэтгэгдэл төрснийг хэлмээр байна. Хаа сайгүй улаан дарсны анхилам исгэлэн үнэр хамар цоргино. Учрыг лавлавал ирсэн гийчид архи дарснаас үнэгүй амталж болдог гэнэ. Ажилчид үдийн цайгаараа дарс амталж болох төдийгүй шал хүрсэн өндөр цонхоор усан үзмийн талбай, хэдхэн километрийн цаана тэнгисийн ус мяралзан харагдана. Дарсны агуулахаар зочлоход тэртээ 100 жилийн өмнө далайн чанадаас авчирсан торхнуудыг эгнүүлэн тавьсан төдийгүй зарим нь он цагийн эрхээр элэгдэж харин зарим нь урьдын адил ашиглагдсаар байгаа гэж тайлбарлагч бидэнд ярьлаа. Хамгийн удаан хадгалсан нь 100 жилийн түүхтэй дарс байх нь. Үнэхээр амталж үзэхэд гэмгүй шүү.
Үйлдвэрээс гарсны дараа хамт яваа сэтгүүлчидтэйгээ үйлдвэрийн талаар улаан дарсны талаар ярилцах зуур, Болгар нутаг бас усан үзмийн эх орон бараг хүн бүр хашаандаа усан үзэм тариалдаг гэж хаа нэгтэй сонссоноо санаад Болгарын сэтгүүлч Тодороос лавлавал: - миний хувьд энд сонин юм ердөө алга, манай өвөө ч одоо хүртэл тосгондоо өөрөө гэртээ дарс нэрдэг гэж билээ. Магадгүй Тодорын хувьд өвөөгийнх нь нэрсэн усан үзмийн дарснаас илүү амтат дарс үгүй байж болох юм. Юутай ч дэлхийд нэрээ гайхуулж яваа Жан Юй корпорацын хашаанаас хөдлөхөд улаан дарсны анхилам исгэлэн үнэр хамарт сэнгэнэсээр байсан билээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |