|
|
||
Сэтгүүлчид бидний энэ удаа Яньтайд ирсэн хамгийн гол зорилго бол 2 жил тутам зохиогддог олон улсын улаан дарсны баярыг сурвалжлах явдал байсан. Энэхүү гадаад дотоодод нэр хүндтэй, дуулиан шуугиантай баяр бидний аяллын 3 дахь өдөр буюу 9 сарын 23-нд тохиож албан ёсоор нээлтээ хийлээ.
Олон улсын усан үзэм,улаан дарсны холбоо(OIV),Хятадын архи үйлдвэрлэгчдийн нийгэмлэг,Хятадын архины бүтээгдэхүүнийг борлуулах нийгэмлэг, Шаньдун мужийн Ардын засгийн газрын хамтран зохион байгуулж,НҮБ-ын Ази Номхон далайн ХАА-н байгууламж болон машин механизмын төв, Франц,Герман,Чили, Португали, Испани зэрэг орны улаан дарсны нийгэмлэг,Хятадын үндэсний дарсны чанарыг магадлан шалгах төв зэрэг байгууллага хамтран зохион байгуулсан наадам үнэхээр сүр жавхлантай эхэлсэн.
Энэ удаа гадаадын дээрх байгууллагын хүндэт зочдоос гадна Хятадад суугаа 10 гаруй орны элчин сайдууд мөн хүрэлцэн ирсэн байлаа.
10 цагт нээлтийн ёслол болох тул бид бүр эртлэн буудлаасаа хөдөллөө. "Хүн хар ихтэй, эртхэн очиж сурвалжлага хийх газраа олж авах нь зөв" гэж Шао дарга маань хэлсэн нь яг оножээ .Гудамж талбайд харуул хамгаалалтыг чангатгаж , цагдаагийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлж,ёслолын ажиллагаа болох Яньтай хотын олон улсын үзэсгэлэнгийн төвийн өмнөх талбайд хотын иргэд дүүрэн цугларсан байлаа . VIP гэсэн үнэмлэхтэй бидний автобус төвөггүй дотогшоо нэвтэрч чадлаа.Талбайн голд тэргүүлэгчдийн индрийн чанх өмнө тоглолт болох тайзыг далай давалгаалж буй мэт фонтой засч эртний Ромын домогт гардагчлан усан үзмээ хураагаад буцаж буй тариачны хөшөөгөөр чимэглэсэн байна. Бүхий л талбайг амьд цэцгээр чимэглэсэн нь бас цэцэрлэгт хүрээлэнд явж буй сэтгэгдэл төрүүлнэ .
Аливаа ёслолын ажиллагаа улаан тууз хайчлах зэрэг хэлбэрээр эхэлдэг бол энд нэлээд өвөрмөц хэлбэрээр эхлүүллээ.Индрийн өмнө дамнуурган дээр усан үзэм сагсайтал дүүрэн ургасан модны мөчрүүдийг өргөн авчрахад 2 дарга тэрхүү усан үзмийн багцнаас хайчилж усан үзэм хурааж буй мэт хөдөлгөөн хийснээр Яньтайн олон улсын усан үзэм улаан дарсны 3-р наадам албан ёсоор нээгдсэн юм.
Яг энэ мөчид хөгжим нижигнэж ёслолын буудлага хичнээн удаа нүргэлснийг тоолохын аргагүй. Яньтайгийн тэнгэрт өнгө өнгийн саа хийсч, бүхий л ирсэн зочид дээш харан баярлалдан байхад дараагийн сюрприз болох 5 өнгийн утаат буугаар ёслолын буудлага хийсэн нь миний өмнөх тэмдэглэлүүдэд дурьдсанчлан 5 өнгийн Яньтай хотыг билэгдсэн ажээ.Үнэхээр бүхий л ажлаа ийм ухаалаг , нарийн зохион байгуулалттай хийдэг Хятад хүний ажилсаг хичээнгүй занг биширч суулаа . Өнөөдөр 9 сарын сүүлчийн өдрүүд үргэлжилж , намрын дунд сарын баяр удахгүй болох гэж байна .Газартай харьцдаг хэн бүхэн төмс ногоо , үр тариагаа хураах ид ажлын үе. Тэгвэл Яньтай хотынхны хувьд ч усан үзмээ хураах улирал хэдийн хаяанд иржээ .Яг энэ үетэй давхцуулж усан үзэм улаан дарсны баяраа хийдэг нь бас учиртай гэнэ.Яньтай хот 10 мянга гаруй га газарт усан үзэм тариалдаг, зөвхөн усан үзэм , улаан дарсны үйлдвэрлэлээр үйл ажиллагаа явуулдаг 150 гаруй аж ахуйн нэгж байдаг тул ийнхүү усан үзмээ дээдлэхээс өөр аргагүй . Тийм ч учраас усан үзмээ хурааж буй байдлаар нээлтээ хийсэн нь тийм ч содон зүйл биш бололтой.
Нээлтийн ёслол өндөрлөж ирсэн зочдыг үзэсгэлэнгийн танхмаар орохыг урьлаа . Дэлхийд нэр хүнд бүхий улаан дарс үйлдвэрлэгч компаниуд , түүнчлэн архины тоног төхөөрөмж , баглаа боодол , төрөл бүрийн лонх ,шошгоны тоноглол үйлдвэрлэгчид гээд олон аж ахуйн нэгжүүд тус тусын байраа эзэлжээ . Аргагүй хотын эзэн гэсэндээ ч тэр үү , Жан Юй компани энэ удаа үзэсгэлэнгийн хамгийн том талбайг эзэлж ирсэн зочдод өөрсдийн бүтээгдэхүүний дээжээс танилцуулах үйл ажиллагаа явуулж байлаа.
Улаан дарс үйлдвэрлэлээр дэлхийд Франц , Итали , АНУ, Канад, Голланд, Филиппин зэрэг 9 орон тэргүүлэх байр суурьтай байгаа бол Хятадын дотоодынхны хувьд ЖунЛян корпораци, Тяньжингийн Ван Чао , Аньхуй мужийн Гү Жин корпораци , Бээжингийн Жинь Лю Фү , Шинжяны Шин Тэнь , Жө Жян мужийн Да Хун Янь зэрэг улаан дарс үйлдвэрлэгч компаниуд өөр хоорондоо өрсөлдөж байгаа аж . Та бидний танилцуулж буй Яньтай хотын Жан Юй улаан дарс Хятадын зах зээлийн 40 орчим хувийг эзэлдэг . Ёстой бидний хэлдгээр айдгийгаа авдрандаа хийсэн мэт санагдавч бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тэдний хувьд бас л чамлахаар тоо гэнэ. Энэ нь аргагүй биз дээ . "Бидэнд бас өрсөлдөгч бий . Хамгийн том нь Чан Чөн буюу Цагаан хэрэм , Вэй Лун зэрэг нэрийн архинууд" гэж Жан Юй компаныхан өгүүлж билээ.
Дэлхийд нэр хүндтэй улаан дарс үйлдвэрлэгч компаниуд Яньтайн наадамд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнээрээ оролцож буй нь энэхүү наадмын нэр хүндийг улам өндөрт өргөсөн гэж хэлж болох юм . Зарим нэг компаны нэрээс дурдвал , Францын Les Chais Du Sud , Австралийн The Standish Wine company, Хонконгийн Peterson Wine ,Германы Offenbach Am Main, Чилийн Vina Chillan , Испанийн La Casa De Vides зэрэг компаниудыг нэрлэж болох юм.
Vinexpo буюу Дэлхийн дарс , цагаан архины яармагийн захирал ноён Робертын танилцуулснаар ,эдүгээ дэлхийн улаан дарсны хэрэглээ хамгийн ихтэй зах зээл бол АНУ гэнэ .Харин дэлхийн хамгийн том улаан дарс импортлогч зах зээлээр Английн зах зээл шалгарч байна . Дээрх 2 зах зээл бол харьцангуй системжсэн , өөрөөр хэлбэл зуун зууныг дамжин улаан дарс хэрэглэсээр ирсэн зах зээл тул өрсөлдөөн маш хүчтэй явагдаж байгаа юм байна . Азийн орнуудын хувьд улаан дарсны өрсөлдөөн төдий л их биш , гэхдээ бид Өмнөд Солонгос , Хятад , Японы зах зээлийг анзаарахгүй өнгөрч болохгүй юм хэмээн ноён Роберт өгүүлж байна.
Европын хөрөнгө оруулагчдын хувьд эдүгээ Хятад , Энэтхэгийн зах зээл хамгийн их анхаарал татаж байгаа . Европчууд Хятад хүмүүстэй хамтран усан үзмийн үйлдвэрлэлийг хөгжүүлж болох юм . Эдгээр орнууд хүн ам ихтэй , зах зээлээ өргөтгөх боломж ихтэй тул Хятадын зах зээл дээр улаан дарсны үйлдвэрлэл хөгжих бүрэн боломж бий хэмээн ярианыхаа төгсгөлд тэрээр өгүүлнэ билээ.
Ийнхүү дотоод гадаадад улам нэр хүнд нь өсч буй Яньтай 2009 Олон улсын улаан дарсны үзэсгэлэн далайн салхи сэвшин үлээсэн намрын налгар өдрүүдэд нээлтээ хийлээ . Энэ хотод эдүгээ хаа сайгүй үзмийн архины үнэр ханхийж , усан үзмийн төлөө тариачдаас ч илүү санаа тавьдаг дэлхийн дарсны үйлдвэрлэгчид , мөн тэдгээрийг дагалдах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид хуран чуулж байгаа . Наадам энэ сарын 29-нд өндөрлөнө.
Яньтай хотод хийсэн сурвалжлагын 4 дэх дугаар өндөрлөж байна . \Сурвалжлагыг бэлтгэсэн редактор Мөнхжаргал\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |