|
|
||
2009 оны 10-р сарын 13-ны өдөр Монголын Гадаад хэрэг худалдааны сайд Сүхбаатарын Батболд Бээжинд дэх ХНШУА-д хүрэлцэн ирж, энд байгаа Хятадын Монголд холбоотой олон салбарын хүмүүст хандан лекц уншсан байна. Лекц унших хурлыг ХНШУА-ын олон улсын судалгааны газрын дарга Жан Юүньлинь даргалсан байна.
"Хятад, Монгол хоёр орон бол дотно элэгсэг анд нөхөр юм. Дипломат харилцаа тогтоосон 60 жилийн турш хоёр орны харилцаа тал бүрийн хөгжлөө олсон байна. 60 жилд хоёр талаараа хамтын ажиллагааны тал бүрийн түншийн харилцаа тогтоосон. Эрхэм сайдын энэ удаагийн айлчлал нь БНХАУ байгуулагдсаны 60 жил, мөн Хятад, Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаагаараа онцлог болж байна. Батболд сайдын айлчлал нь хоёр орны харилцааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж найдаж байна" гэжээ.
Монголын Гадаад хэрэг худалдааны сайд Сүхбаатарын Батболд энэ удаа Хятадын гадаад хэргийн сайд Ян Жечигийн урилгаар Хятад улсад айлчилж байгаа болно. Тэрээр уншсан лекцээ "Тулгын гурван чулуу" гэдэг сэдвээр эхлүүлсэн байна.
Батболд хэлэхдээ, Монгол ахуйд болон Монгол хэлэнд "тулгын гурван чулуу" хэмээх ойлголт, хэллэг тун түгээмэл хэрэглэгддэг. Энгийн ахуй амьдралаас урган гарсан үг хэллэг яван явсаар гүн ухааны агуулгатай болж хувирсан. Нүүдэлчин монголчууд мал ахуйгаа хөөцөлдөн хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж явахдаа цай хоолоо хийх тогоогоо гурван чулуугаар тулдаг байж. Ингэж тулсан тогоо хазайхгүй, унахгүй тогтвортой болдог. Энэ нь явсаар "тулгын гурван чулуу" шиг түшиг тулгууртай бол аливаа бэрхшээл, дайралтад сөхрөхгүй, сөгдөн унахгүй гэсэн монгол ахуй, улс төр нийгмийн сэтгэлгээнд гүн гүнзгий шингэсэн ойлголт болон төлөвшсөн байна.
Харилцааны хэдэн зуу, мянган жилийн түүхэн уламжлалтай Монгол, Хятадын хооронд орчин цагийн дипломат харилцаа тогтоож хөгжүүлсэн эхний нэгэн жаран дуусаж, шинэ жаран эхлэх гэж байгаа энэ цаг мөчид эргэцүүлээд харахад харилцаа, хамтын ажиллагааны "тулгын гурван чулуу" нь энэ хугацаанд тавигджээ гэж хэлж болох юм. Энд би юуг хэлээд байгааг тайлбарлая.
"1949 оны 10-р 6-нд Монгол улс Хятадын ГХЯ-ны сайд Жөү Эньлайд ноот бичиг явуулсан юм. Жөү Эньлай мөн сарын 16-нд "БНХАУ болон БНМАУ-ын хооронд дипломат харилцааг даруй байгуулах ба дипломат төлөөлөгчид солилцох явдалд баяртай байна" гэсэн хариу ирүүлжээ. Хоёр улсын засгийн газар ийнхүү дипломат харилцаа тогтоохоор тохиролцож, Монгол улс шинэ тутам байгуулагдсан БНХАУ-ыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон анхны орнуудын нэг болсон. Тулгын гурван чулууны анхных нь ийнхүү тавигдаж харилцаа хөгжих анхны хөрс суурь бий болсон.
Тулга түших хоёр дахь чулуу маань 1960 онд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жөү Эньлай манай оронд айлчлах үеэр "Найрамдал, харилцан туслах тухай гэрээ" байгуулснаар тавигдсан юм. Ингэснээр шинэ тутам хөгжиж байгаа хоёр орны харилцааг олон улсын эрх зүйн үүднээс хөгжүүлэх тулгуур тавигдсан бөгөөд цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, соёлын солилцоо өргөжиж байлаа.
Өнөөгөөс 15 жилийн тэртээ 1994 онд Монгол, Хятадын "Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ"-г байгуулсан нь хоёр орны орчин цагийн харилцааны зарчим, хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлсон түүхэн үйл явдал болсон юм. Миний бие энэ үйл явдлыг тулгын маань хамгийн сүүлчийн гурав дахь чулуу гэж зүйрлээ хэлмээр байна" гэжээ.
Хятад, Монгол хоёр орон харилцааныхаа нэгэн жарнаас нөгөө жаранд шилжиж байна. Өнөөдөр хоёр улсын харилцаа түүхэн хамгийн тааламжтай үедээ оршиж байна. Хүний амьдралаар бол жаран гэдэг бол бүхэл бүтэн нэгэн үеийн амьдрал. Харин хоёр орны харилцаан дээрээс авч үзвэл магадгүй ид хийж бүтээх цаг, идэр насандаа хүрч байгаа хэлтэй. Хоёр орны харилцааны хожим ирээдүйд хандан сайд Бат-Бод ийнхүү ярилаа:
"Шинэ жарны түүх эхлэх энэ цаг үед даяаршил, түүний эерэг хийгээд сөрөг боломжуудыг ухаалгаар ашиглах, дэлхийн дулаарал, байгаль цаг уурын өөрчлөлтийн хүсэшгүй үр дагаврыг багасгаж, байгаль эхээ улам хайрлаж хамгаалах, хөгжил дэвшлийн үр шимийг хүн ардынхаа сайн сайхны төлөө, хүний хөгжилд шингээж оруулахын төлөө, хоёр талын дипломат харилцааг Зүүн хойд Ази, Номхон далайн бүс нутгийн интегралчлалтай олон талаар уялдуулан хөгжүүлэх бодит шаардлага тулгарч байна. Тулгын гурван чулуугаар тулж түшсэн хоёр орны харилцаагаа шинэ жаранд улам өрнүүлэн, дарга Хү Жиньтао 2003 онд Монголд айлчлах үеэрээ хэлсэнчлэн "гар гараасаа барилцан хамтран хөгжих"-д хоёр орон хүчин чармайлт, бие биенээ хүндэтгэх хүндэтгэл, итгэлцэл чухал юм" гэжээ.\Хүчит редакторлан бичиж, Цэцэн хянав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |