• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХОУР-ийн Монгол хэлний нэвтрүүлгийн 45 жилийн ойд зориулсан тусгай нэвтрүүлэг

CRI       (GMT+08:00) 2009-11-27 18:47:56

     НЭВТ: Бээжингээс ярьж байна... / таслал /

     НЭВТ: Товч анкет / таслал /

     -Овог ?

     -Хятад улс...

     -Нэр?

     -ХОУР...

     -Ам бүл хэдүүлээ вэ?

     -Ах дүү 53-уулаа...

     -Хамгийн том нь?

     -Хамгийн ууган нь Япон хэлнийхэн. Тэд өнөөдөр 68-тай... Хамгийн бага нь Хорват, Украин хэлнийхэн, тэд дөнгөж ой хүрч байна. Удахгүй отгон дүү Израйль хэлнийхэн мэндэлнэ.

     -Та нар...?

     -Бид цөмөөрөө хятад орны тухай мэдээ, мэдээлэл үйлдвэрлэдэг

     -Хэдий хир хэмжээтэй?

     -Өдөр бүр 53 хэлээр 1400 цагийн нэвтрүүлэг бэлтгэдэг.

     -Өөр бас юу хийдэг вэ?

     -Бид бас 59 хэлээр интернет сүлжээ ашиглагчтайгаа харьцдаг...

     -Хэрэглэгч олонтой юу?

     -Олоон, олон. Бидний хэрэглэгчид гэвэл дэлхийн таван тив дөрвөн далайд бий. Бид тэднээсээ жил бүр 2 сая гаруй захидал хүлээн авдаг.

     -Та нар...?

     -Бид ХОУР-ийн Монгол хэлнийхэн...

     -Энэ жил хэд хүрч байгаа юм?

     -Өнөөдөр 45 хүрч байна. Төрсөн өдрийн баярын нэвтрүүлгээ сонсогчдоо хүргэх гэсэн юм.

     -Баяр хүргэе, төрсөн өдрөө тэмдэглэх эпирт тавтай морилно уу... / хөгжим /

     НЭВТ: Эрхэм сонсогчид оо. ХОУР-ийн Монгол хэлний нэвтрүүлгийн 45 жилийн ойд зориулсан тусгай хөтөлбөр хүлээн авч сонсоно уу

     НЭВТ: Агаараар тавьсан найрамдлын гүүр... / хөгжим /

     НЭВТ: Холын холд буй нэгэнтэйгээ уулзах гэж Дорнынхон үүл хөлөглөж, Өрнийнхөн салхинд үгээ тээж, Лалын ертөнц нисдэг хивс бүтээж, монголчууд нисдэг бор морио унаад үүлтэй тэнгэрийн доогуур үзүүртэй модны дээгүүр давхидаг байсан. Хүн төрөлхтний бие бие рүүгээ тэмцүүлэх энэ хүсэл мөрөөдөл хэдийн биеллээ олж, өнөөдөр бодохын зуурдгүй үгээ, бодлоо хүргэдэг агаарын цэнхэр долгионоор гүүр босгожээ. Өөжин цэнхэр дэлхийг хэрэн сүлжсэн агаарын энэ солонгон гүүрээр хүн төрөлхтөн нааш цааш зорчиж байна.

     НЭВТ: Тэр олон гүүрийн нэг өнөөдөр 45 жилтэйгээ золгож байна

     НЭВТ: Энэ бол Хятад-Монгол улсыг холбосон ХОУР-гийн Монгол хэлний нэвтрүүлэг юм. / таслал /

     НЭВТ: Намтрын хуудас сөхье.

     НЭВТ: Хятад улс мянга мянган жил хаяа хаяагаа дэрлэж ирсэн хойд хөрш Монгол улстай агаарын цэнхэр долгионоор харьцах нь сайн хөршийн харилцааны эн тэргүүний зорилт хэмээн үзэж 1964 оны 12-р сарын 1-ний өдөр Монгол улсад хандсан анхны нэвтрүүлгээ цацсан түүхтэй.

     1964 оны эхээр Хятад улс олон улсын харилцааны хөгжил дэвшлийн чиг хандлагын дагуу БНМАУ-д хандсан нэвтрүүлэг явуулах тухай шийдвэр гаргаж, Төвийн ардын радио болоод Өвөр Монголын Хөх хот, Хайлаар зэрэг газраас монгол хэлний өндөр боловсролтой хүмүүсийг сонгон шилж, 12 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан Монгол хэлний нэвтрүүлгийн алба нь Хятад улсын ололт амжилт, хоёр орны найрамдалт харилцааны талаар мэдээлдэг байв.

     Харин 1966 оноос 1976 он хүртэл үргэлжилсэн Хятадын соёлын хувьсгалын нөлөөгөөр найрамдалт хөршийн нэвтрүүлгийн чиг хандлагд өөрчлөлт гарч, үзэл суртлын тулаан хийж эхэлсэн юм. Чухам энэ үе бол манай хоёр орны түүхийн ээдрээтэй үе байв. Өнөөдрийн өндөрлөгөөс тэр цаг үеийг эргэн дурсвал бас л сонин. / ХАЛЬС /

     НЭВТ: Сая та бүхэн тэр нэгэн цагийн түүхийн гэрч болсон ХОУР-ын Монгол хэлний нэвтрүүлгийн ахмад орчуулагч редактор Эрдэмт, нэвтрүүлэгч Бурмаа болоод Монголын радиогийн ахмад сэтгүүлч Чулуунцэцэг нарын яриаг сонслоо.

     Соёлын хувьсгалыг гааруулсан дөрвийн бүлгийг бут цохисны дараа ХКН-ын төв хорооны 11 дэх удаагийн сонгуулийн З-р бүгд хурал арван жил үргэлжилсэн соёлын хувьсгалын хор уршгаар Монгол хэлний нэвтрүүлгийн сурталчилгаанд гарсан чиг хандлагад дүгнэлт хийж, хоосон үг, зүүний хийрхлийг зэмлэн буруушааж, Монгол хэлний нэвтрүүлгийн чиг хандлагыг зөв зүгт хандуулсан юм.

     Ингээд 1990 онд Монгол улс ардчилсан өөрчлөлт хийж, Хятад улс өөрчлөлт шинэчлэлтийн замаар тууштай замнаж, Хятад-Монгол хоёр орны найрсаг харилцаа дахин сэргэснээр ХОУР-ийн Монгол хэлний нэвтрүүлэг шинэ үе шатандаа орсон юм. / таслал /

     НЭВТ: Бидний шинэ үе ...

     НЭВТ: 1978 оны 12-р сард болсон ХКН-ын 11 дэх удаагийн сонгуулийн 3-р бүгд хурал нь шинэ Хятад улс байгуулагдсанаас хойших нам болон улсын түүхэнд гүн гүнзгий утга агуулгатай их эргэлт болж социализмын үйл хэргийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн юм. Үүний дагуу ХОУР-гийн Монгол хэлний нэвтрүүлэгт өөрчлөлт гарч, улс орныхоо хөгжлийн шинэ зам мөр, ололт амжилт, ард түмний аж төрлийг хилийн чанадад сурталчлан танилцуулж, мөн дэлхийн улс гүрний байдал, хөгжил дэвшлийн чиг хандлагыг мэдээлэх болсон. Ингэж Монгол хэлний нэвтрүүлгийн бодлогод өөрчлөлт гарахын зэрэгцээ нэвтрүүлгийн цагийг нэмэгдүүлж, ажиллах боловсон хүчин болоод техник, тоног төхөөрөмжийг бэхжүүлж ирсэн юм.

     Урьд нь өдөрт 30 минутны нэвтрүүлэг бэлтгэн явуулдаг байсан бол өнөөдөр өдөрт хоёр цагийн нэвтрүүлэг бэлтгэж, давталттайгаар 6 цаг нэвтрүүлж, УБ-т..., Дарханд... долгионоор цацаж байна. Мөн нэвтрүүлгийн программд цоо шинэ өөрчлөлт хийж, цагийн өнгө аясыг илэрхийлсэн олон шинэ булан нээж, сонсогчдын хүрээ нь ч өргөжин тэлж ирсэн юм.

     1998 онд ХОУР тоон системд шилжиж, мөн оноос интернет мэдээллийн сүлжээгээ нээсэн юм. Харин монгол хэлний редакц 2003 оны намар интернет сүлжээтэй болсон явдал нь монгол хэлний нэвтрүүлгийн хөгжил дэвшилд нэг том алхам болж, интернет сүлжээгээр хүмүүс сонсож амжаагүй нэвтрүүлгээ сонсох, илүү олон зам сувгаар хятад орны тухай мэдээлэлтэй танилцах өргөн боломж бүрдсэн. Түүнчлэн интернет сүлжээ нь шинэ монгол бичигт шилжих урьдчилсан нөхцөл нь болж, өмнө нь хуучин монгол бичгээр бичиж, уншдаг байсан бол шинэ бичигт шилжсэнээр хэл аялгуу болоод найруулгын хувьд сонсогчдоо улам ойртож ирсэн юм.

     ХОУР нь дэлхийн улс үндэстэн Хятад оронтой харилцах гүүр, Хятад оронд хүрэх хамгийн түргэн, хамгийн дөт, хамгийн үр ашигтай зам болж байна. Өнөөдрийн байдлаар ХОУР жилдээ дэлхийн 200 гаруй улс орон бүс нутгаас нийт 2 сая гаруй захидал, үүнээс Монгол хэлний редакц нь жилдээ 10 мянга шахам захидал хүлээн авч байна. Ийнхүү ХОУР-гийн интернет болон телевизийн сүлжээ нь олон хэл дээр мэдээллээ түгээж, Хятад улсын таван том сүлжээний нэг болоод байна. / ХАЛЬС /

     НЭВТ: Сая манай Азийн 1-р төвийн орлогч дарга Тунгалаг ярилаа. ХОУР-ын радио дотроо 53 хэлийг бүлэг бүлгээр нэгтгэсэн таван төвтэй. Манай Монгол хэлний редакц Азийн 2-р төвд хамаардаг юм. Манай Азийн 2-р төвд Монгол, Япон, Солонгос, Энэтхэг, Пакистан, Урду...гээд нийт 9 хэлний редакц багтдаг, бид их олуулаа. Алив зүйл дээр төв төвөөрөө өрсөлдөнө, уралдана. Тийм болохоор бид санаа бодол нэгтэй байхыг эрхэмлэнэ. Тиймдээ ч амжилт үзүүлнэ. Заримдаа төв дотроо өрсөлдөх ч тохиолдол гарна. Өнгөрсөн жилийн оны шилдэг нэвтрүүлэг шалгаруулах уралдааны 2-р байрны төлөө бид Солонгос хэлнийхэнтэйгээ эцсийн шатанд тунаж үлдэв ээ. Гэхдээ бид түрүүлсэн. Ажил юм хойно өрсөлдөөн байлгүй яахав. Саяхан шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн ойгоор ХОУР-гийн хэл хэлний төвүүд, хэлтэс албадаараа найрал дууны тэмцээн зохиож, ёстой нэг ширүүхэн өрсөлдсөн дөө. Хэдийгээр манай Азийн 2-р төв байранд орж, манлайлж чадаагүй ч бид нэг хүсэл, нэг зорилготой гэдгээ ая дуугаараа харуулж чадсан юм. / таслал /

     НЭВТ: Манай хамтын ажиллагааны хуудас....

     НЭВТ: Өнөөдөр ХОУР-д дэлхийн олон улс орноос ирсэн 300 гаруй мэргэжилтэн "найрамдлын элч" болон ажиллаж байна. 1990 оноос Монголын радиотой хамтран ажиллаж нэвтрүүлэг солилцож, 1991 оноос мэргэжилтэн солилцох зэргээр бүх талаар хамтран ажиллаж эхэлсэн. Өнөөдөр манай хоёр радиогийн хамтын ажиллагаа улам бэхжин гүнзгийрч байна. Монгол хэлний редакц-д ажиллах анхны мэргэжилтнээр Монголын өргөн олон сонсогч, үзэгчдийн сайн танил Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Амбсэлмаа гуай ирж, манай хоёр радиогийн хамтын ажиллагааны анхны шанг татаж байсан. Энэ эрхэм хүний дараагаар Монголын радиогийн олон сэтгүүлчид ирж буцсаар 20 шахам оныг үджээ. Энэ хугацаанд гавьяат сэтгүүлч Сандуйжав, Хүрэлбаатар, нэрт сэтгүүлч Шийрэв, Мөнхөө, Буйдахмед, Эрдэнэчулуун, хятад хэлний орчуулагч Буянжаргал, Охин, Уранчимэг...гээд олон мэргэжилтэн ирж, өөр өөрийн бичлэгийн өнгө төрх, ажлын арга барилаа бидэнд шингээж, манай радиогийн түүхэнд хувь нэмрээ оруулсан юм. Энэ нөхөд маань бидэнтэй хамтран ажиллаж, уран бүтээл туурвих хугацаа нь бүтэн нэг жил байдаг боловч өглөө наран мандаж үдэш шингэх лугаа өнгөрдөг юм. Манайхан ч ижилдэн дассан нэгийгээ үдэж, шинэ нөхрөө угтан авч, радиогийн цаг наргүй их ажлын дунд нэг л мэдэхэд саяхан ирж байсан шинэ андаа үдэх болчихсон байдаг юм. Нэг жил гэдэг нэг талаар ахар богино ч гэлээ нөгөө талаар бас ч чамлаад байх хугацаа биш юм. Өнгөрсөн хугацаанд бид хамтран ажиллаж, харилцан суралцаж, шинэ санаа олж түүндээ шатаж буцалж, шинэ шинэ бүтээл туурвиж ирсэн. Биднийг гэж зорьж ирсэн нөхөд маань ч ганзага хоосонгүй буцдаг юм. Сэтгүүлч Амбсэлмаа гуай Бээжинд өнгөрүүлсэн он жилийнхээ тухай ном гаргасан бол Сандуйжав гуай олон дуу, шүлгийнхээ санааг эндээс олж, сайхан бүтээл олныг туурвисан. Орчуулагч Уранчимэг хэд хэдэн өгүүлэг орчуулж, "Хэлгүй үзэсгэлэнт бэр" өгүүлгийн номоо уншигч олондоо өргөн барьсан. Энэчлэн наран тойрох нэгэн жилийн хугацаанд ирж буцсан олон мэргэжилтэн: "Уран бүтээлийн ганзага дүүрэн олзтой байсан" гэж ярьдаг юм. Хамгийн сүүлд мордсон нөхөр маань сэтгүүлч, яруу найрагч Дашдамба билээ. Дашдамба өөрийгөө "Би хамгийн азтай нь гэж хэлэх дуртай" Яагаад гэвэл хэн бүхэнд тохиогоод байхгүй олимпийн наадмыг Бээжинд нүдээр үзэж, биеэр сурвалжилж тэмдэглэсэн болохоор нээрэн азтай байлгүй яахав. Түүний Бээжингийн олимпийн тухай бичсэн шүлэгтэй та бүхэн хэдийн танилцсан байхаа. Одоо бид саяхан л ирж байсан нэг мэргэжилтнээ үдэж, дараагийн мэргэжилтнээ угтах болчхож. Манай хоёр радиогийн хооронд зурайсан энэ зам мөр бидний хамтын ажиллагааны төдийгүй манай хоёрны найрсаг хамтын ажиллагааны тодоос тод зам мөр юм. Энэ зам цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт бид итгэлтэй байдаг. / таслал /

     НЭВТ: Бид шинэ зуунд... /ХАЛЬС/

     НЭВТ: Сая та бүхэн ХОУР-ийн Монгол хэлний нэвтрүүлгийн дарга Цэцэнгийн яриаг сонслоо. Түүнийг Монгол хэлний нэвтрүүлгийн шинэ зууны дарга ч хэлж болно. Тэрээр шинэ зуунд орох алтан мөчтэй зэрэгцэн Монгол хэлний нэвтрүүлгийн редакцын даргаар томилогдож байсан бол мөдхөн нэгэн арвантайгаа золгох гэж байна. Цэцэн дарга "Агаарын цэнхэр долгионоор найрамдлын гүүр барилцаж явна" гэж ярих дуртай. Нээрэн л түүний энгэр дээр гялалзах Монголын Радио-Телевизийн тэргүүний ажилтны тэмдэг нь үүний нэгэн гэрч болох буйзаа.

     НЭВТ: Сонсогч та бүхэн ХОУР-гийн Монгол хэлний нэвтрүүлгийн 45 жилийн ойд зориулсан "Агаараар тавьсан найрамдлын гүүр" тусгай хөтөлбөрийн эхний хэсгийг сонслоо. Дараагийн дугаараар "Агаарын цэнхэр хөшиг" хөгжимт хөтөлбөр хүлээн авч сонсоорой.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе