• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХОУР-ийн Монгол хэлний нэвтрүүлэг эхэлсний 45 жилийн ойд зориулсан "Агаарын цэнхэр хөшиг" хөгжимт хөтөлбөр

CRI       (GMT+08:00) 2009-11-27 18:47:49

     НЭВТ: Бээжингээс ярьж байна... / таслал /

     НЭВТ: Эрхэм сонсогчдоо, ХОУР-ийн Монгол хэлний нэвтрүүлэг эхэлсний 45 жилийн ойд зориулсан "Агаарын цэнхэр хөшиг" хөгжимт хөтөлбөр хүлээн авч сонсоно уу / хөгжим /

     НЭВТ: Бээжин хотын баруун дүүрэгт Ба Бао Шань буюу монголчилбол Найман эрдэнийн уул хэмээх уул ус жигдэрсэн газар шил толь болсон нэгэн сүрлэг байшин хараа булаан байдаг юм. Эргэн тойрондоо уд мод, сарнайн төгөлтэй сайхан газар. Орж гарч буй хүмүүс нь бүр ч содон. Торгон сари намируулсан энэтхэг бүсгүй, хар алчуураар үсээ нуусан лал эмэгтэй, шаргал үстэй өрнийн залуу, цагаан шүд яралзуулсан африк эр... за тэгээд Хятад, Солонгос, Япон, Вьетнам гээд үс зүс ойролцоо боловч хэл яриа өөр дорнынхон гээд ертөнцийн хүмүүс цөм энд байдаг юм уу гэлтэй. Эд бол ХОУР-ын ажилчид юм. Үс зүс, хэл яриа, ёс заншил өөр ч үйлс зорилго нэгтэй энэ хүмүүсийн дунд МАНАЙХАН бас бий. / хөгжим /

     НЭВТ: Манайхан... гэдэг нь Монгол хэлний нэвтрүүлгийнхэн юм. Бид ам бүл 22-уулаа. Бидний мэргэжил гэвэл орчуулагч, сурвалжлагч, найруулагч, нэвтрүүлэгч...

      НЭВТ: Бид 22-уулаа монгол үндэстэн. Бид монголоороо ярьж, монголоороо амьдарч, монгол ёс заншлаа дээдэлж, монгол соёлоороо бахархаж явдаг хүмүүс ээ...

      НЭВТ: ХОУР-ийн 13 давхарт буй манай оффес их өвөрмөц. Цэлгэр уудам тасалгааныхаа хоймор Чингэс хаанаа тахичихсан, бас их олон морьтой гэж байгаа. Ямартаа л манай өрөөнд орж ирсэн нөхөд маань: "Та нар аргагүй л морьтон монголчууд юм даа" гэдэг юм. Бид бас ХОУР-доо хамгийн олон дуучидтай редакц гэгддэг...

      НЭВТ: Тиймээс бид баярын өдрөө тохиолдуулан "Агаарын цэнхэр хөшиг"-өө нээж сонсогч та бүхэнтэй ая дуугаараа мэндлэн золгохоор шийдсэн юм.

      НЭВТ: Манай агаарын цэнхэр хөшгийг нээхээр Цэцэн дарга студид хүрэлцэн ирээд байна. Бид дотроо ажил үүргийнхээ чиглэлээр мэдээ, нэвтрүүлэг, интернет сүлжээ гэсэн З хэсэгт хуваагддаг. Энэ 3 хэсгийг зангидаж удирдан чиглүүлж байдаг хүн бол Цэцэн дарга юм.

      /ХАЛЬС/ агуулга: Юуны өмнө сонсогч олондоо баярын мэнд хүргээд Агаарын цэнхэр хөшгөө нээх... /нэвтрүүлгийн эхлэл орж ирээд /

     НЭВТ: Манай мэдээллийнхэн...

     НЭВТ: Дармаа ахлагчтай манай мэдээний хэсэг нийт 8 хүнтэй. Эд нар өдөр бүр дэлхийн болоод хятад орны тухай үйл явдлын мэдээ мэдээлэл, олон улсын байдал болоод дотоодын амьдралын тухай цаг үеийн тайлбар зэргийг хятад хэлнээс монгол руу орчуулна. Бас өөрснөө сурвалжилгад явж мэдээ бэлтгэж, цаг үеийн тайлбар бичнэ. Мэдээ гэдэг шуурхай чанар шаарддаг ажил хойно энэ албаныхан их шаламгай хүмүүс. Энд чадвар, туршлагатай ахмад орчуулагчид, шинэ залуус нэгэн баг болж ажиллана.

     НЭВТ: Ер нь З үеийнхэн байдаг гэсэн үг. Пэрлаймаа, Урангоо, Баясгалан гээд 30 гаруй жил ажилласан ахмадууд, Дармаа, Цогзолмаа, Сайн-Өлзий гээд дунд үеийнхэн, Хүчит, Гантөмөр, Сарантуяа гээд шинэ үеийнхэн гар сэтгэл нийлэн ажиллаж шуурхай албыг гүйцэтгэнэ. Мэдээний албаныхан мэдээгээ бичнэ, орчуулна, бас уншина. Өглөө 9 цаг гэхэд ажил эхлэх ёстой боловч энд 8.30 гэж байхад эхний мэдээ орчуулгаас гарч байдаг юм. Харин орой 6 цаг гэхэд комьпютороо унтраагаад л босно. Ажлын цагийг ёстой нэг баримтална даа.

     НЭВТ: Мэдээний албаны дарга Дармаа нийгмийн ШУ-ны ухааны доктор. Манайхан дундаа эдийн засгийн нэвтэрхий толь л гэсэн үг. Банк санхүүгийн ээдрээ төвөгтэй үг хэллэг, эдийн засгийн шинэ нэр томьёог нөхөд нь Дармаагаас лавлаж бататгана. Манай Дармаа Монгол улсын Засаг захиргаа, олон нийтийн байгууллага, Хятад улсын Засаг захиргаа, олон нийтийн байгууллага, Дэлхийн засаг захиргаа, олон нийтийн байгууллагын нэр томьёо хэмээх З толь бичгийг бэлтгэж дуусгаад, мөдхөн хэвлэлтэд өгөх гэж байна. Одоо түүний хэлэх үгийг сонсъё. / ХАЛЬС /

     НЭВТ: Эрхэм сонсогчдоо, манай мэдээллийнхэн сонсогчтойгоо ая дуугаараа мэндлэх гэж байна. Ер нь манайхан тэр чигээрээ дуучид гэж дээр хэлсэн. Бидний дэргэд Хүчит, Гантөмөр хоёр байна. Гантөмөр өнгөрсөн жил МУИС-д дадлага хийгээд ирсэн. Харин Хүчит өнөө маргаашгүй Монгол улс руу хүлгийн жолоогоо залах гэж байна. Тэрээр Монгол улсад очоогүй ч Монголд гарсан шинэ дуу бүрийг алдахгүй сурчихсан байдаг юм. Гантөмөр Монгол улсад байх нэг жилийн хугацаандаа "Нутгийн цэнхэр аялгуу", "Мөнхийн аялгуу" гэсэн 2 дууны үг бичиж, бүр ая зохиолгоод ирсэн. Одоо Монгол улсад дуулагдаж байгаа.

     НЭВТ: Уг нь манай мэдээнийхэн дундаа хамгийн сайхан дуулдаг нь ахмад ажилтан Баясгалан. Гэвч тэр цаг бага байна, залуус нь дуулаг даа гэсэн юм. / Хүчит, Гантөмөр хоёр дуулна /

     НЭВТ: Манай нэвтрүүлгийн албаныхан...

     НЭВТ: Энд нийт 7 хүн ажилладаг бөгөөд залуу редактор Уртнасан цагийн өнгө, залуу насны тухай "Цагийн урсгал-Залуу нас" нэвтрүүлгээрээ, Урихан Хятад орны хөгжил дэвшил, өнөөгийн аж төрлийн тухай "Баясгалант Хятад орон" нэвтрүүлгээрээ, Ринчинцоо тал нутгийн тухай "Өвөр Монгол" нэвтрүүлгээрээ, Алтаннавч сонсогчтойгоо харилцдаг "Солонго" нэвтрүүлгээрээ, Алтанхуар өв соёл, ёс уламжлалын тухай "Оюунтүлхүүр" нэвтрүүлгээрээ, Анар шинэ сайхан дуу танилцуулдаг "Ая дууны хөтөлбөр"-өөрөө сонсогч олонтойгоо уулзан золгож байдаг хүмүүс.

     НЭВТ: 1993 оны хавраас нэвтрүүлгийн албаныхан уламжлалт байдалдаа өөрчлөлт хийж, радио FM-ийн хэлбэрт шилжсэн нь маш том шинэчлэлт болсон гэж хэлж болно. Үүний үр дүнд сонсогчдын цар хүрээ нь улам тэлж, тоо нь ч эрс нэмэгдсэн.

     НЭВТ: Манайхан хөтөлбөрөө их өвөрмөц харилцан ярилцах хэлбэрээр явуулдаг. Студид нэн чөлөөтэй. Зочноо дагуулаад сурвалжилга тэмдэглэлээ бариад л орно. Заримдаа бүр хятад эх бичгийг нь авч ороод шууд орчуулаад ярьж өгнө. Нэвтрүүлгээ хөтөлж явуулах, сонсогчтойгоо харилцан ярих, зочноо дагуулах чадвар их өндөр.

     НЭВТ: Ер нь манайхан хятад монгол хэлэндээ тэгш, бас хуучин бичиг, шинэ бичигдээ тэгш хүмүүс. Тэдний бичсэн материалыг аваад үзвэл хятад бичиг, хуучин монгол бичиг, шинэ бичиг гээд ёстой өнөө хятад, монгол, манж, тангад таван хэлний бичигтэн шиг харагдана.

     НЭВТ: Ийм л чадварлаг залуус өдөр бүр сонсогч олонтойгоо хятад орны тухай мэдээ, мэдээлэл бэлтгэн хүргэж байдаг юм.

     НЭВТ: Манай нэвтрүүлэг, сүлжээ ашиглагчдын сонирхлыг онцгой татаж байдаг нэг сэдэв бол "Хятад хэлний хичээл" юм. Анх Жан Цуй-лин гэх хүн эх үндсийг нь тавьсан энэ хичээлийг тасралтгүй үргэлжлүүлэн бэлтгэж хүргэж ирсэн хүн бол Номин-нарс. Тэрээр бас манай редакцийн 2 дахь доктор нь... НЭВТ: Бид 45 жилийнхээ ойг тохиолдуулан энэхүү 20 жилийн хамтын ажил хөдөлмөрөө нэгтгэн дүгнэж "Хятад хэлний радио сурах бичиг" 6 цуврал номыг сидины хамт хэвлэж гаргаад байна.

     НЭВТ: Бидний дундаас ХОУР-гоос ажил мэргэжлийг нь үнэлж олгодог профессор цолыг Цэцэн, Дармаа, Урангоо, Нарс нар хүртсэн юм.

     НЭВТ: Манай Монгол хэлний нэвтрүүлгийн бүтцэд гарсан өөрчлөлт шинэчлэлтийг ерөнхий найруулагч Баатарын уйгагүй хөдөлмөртэй холбож үздэг юм. Манай Баатар үргэлж шинийг эрэлхийлж явдаг хүн. Тэрээр шүлэг найраг бичнэ, бас сайхан дуулна. Ингээд ерөнхий найруулагч Баатарын яриаг хүргэе. / ХАЛЬС / баярын мэнд хүргээд шүлэг унших

     НЭВТ: Нэвтрүүлгийн албаныхан дуучнаас гадна бас бүжигчин. Энэ албаны 5 бүсгүй өнгөрсөн жил монгол ардын аягатай бүжиг бүжиглэж ОУ-ын радиогийнхныг бишрүүлээд авсан. Одоо манай баярын хөтөлбөрт Уртнасан, Ричнчинцоо хоёр хамт олноо төлөөлөн сонсогч олондоо ая дууны мэнд хүргэхээр ирээд байна. / дуулах /

     НЭВТ: Манай интернет сүлжээнийхэн...

     НЭВТ: Энд хэдэн хүн ажилладаг гэж бодож байна. Тэгвэл Гэрэлт, Болор гээд ердөө хоёр залуу ажилладаг юм. Хоёр хүн атлаа хорин хүний дайтай ажил хийдэг гэж нөхөддөө үнэлэгддэг бол монгол хэлний сүлжээ манай сайн сүлжээний нэг гэж ХОУР-доо бас үнэлэгдэнэ.

     НЭВТ: Бас сүлжээ ашиглагч сонирхогч нартаа магтагдана. Манай Болор интернет сүлжээгээ төдийгүй монгол хэлний редакцийн техникийн бүхий л ажлыг гүйцэтгэнэ. Тэр шаардлагатай үед аппарат бариад зураг авна, камер бариад бичлэг хийнэ. Дуу цөөнтэй Болор маань бас хөөрхөн бичнэ. Нутгаа явж ирээд ямар сайхан аян замын тэмдэглэл бичсэн гээч.

     НЭВТ: Гэрэлт бол манай монгол хэлний редакцийн орлогч дарга. Тэр энэ албынхаа хажуугаар интернет сүлжээгээ өнгөтэй зүстэй, утгатай агуулгатай авч яваа хүн. Интернет сүлжээгээ улам сайн болгох гэж байнга л шинийг эрж хайна. Манай хоёр саяхнаас Хятадын сонгодог зохиолын дөрвөн оргилын нэг "Тансан лам баруун газар зорчсон нь" үлгэрийг нэвтрүүлгийнхээ алтан сангаас авч интернет сүлжээнд тохируулан цувралаар гаргаж эхлээд байна. Үүнийгээ 45 жилийн ойг тохиолдуулан сүлжээ ашиглагчиддаа барьж байгаа бидний бэлэг гэсэн юм. Юутай ч Гэрэлтийн яриаг сонсъё. /ХАЛЬС/ Гэрэлт үг хэлээд дуулна

     НЭВТ: Эрхэм сонсогчид оо, Уг нь манай редакц З хэсэгтэй. Харин Монгол улсаас уригдаж ирсэн мэргэжилтнүүдээ оруулбал 4 хэсэг ч болох юм. Бид сүүлийн 20 жил Монголын радиотой нэвтрүүлэг болоод мэргэжилтэн харилцан солилцож, хамтран ажиллаж байна.

     НЭВТ: Манай хамт олны дундаас ахмад ажилчин Толь, Эрдэмт, Цэцэн, Баясгалан, Буян, Сайн-Өлзий гээд олон хүн Монголын радиогийн хятад хэлний нэвтрүүлэгт мэргэжилтнээр ажиллаж байсан. Манайхан мэргэжилтэн нараа үнэлж, хүндэлнэ.

     НЭВТ: Яг одоо бидэнтэй хамт Монголын радиогийн хятад хэлний орчуулагч Мөнхжаргал, сэтгүүлч Чулуунцэцэг хоёр ажиллаж байна. Мөнхжаргалыг бид хятад, монгол хэлэндээ тэгш сайн, Чулуунцэцэгийг туршлагатай гэж үнэлдэг юм.

     НЭВТ: Ингээд алба бүрээс хамт олноо төлөөлж сонсогч олондоо ая дууны мэнд хүргэж байгаа болохоор мэргэжилтнүүд маань бас хоосонгүй байгаа бололтой. Чухам хэн нь дуулж манай өнөөдрийн агаарын цэнхэр хөшгийг хаах юм бол...? / Мөнхжаргал үг хэлээд дуулна /

     НЭВТ: Түмэн хөлийн Бээжин хотод ийн монгол дуугаа дуулж, монгол хэлээрээ ярьж, монголоороо сэтгэж, амьдарч байдаг хэсэг хүмүүс бий. Тэд бол өнөөдөр 45 нас хүрч байгаа ХОУР-гийн Монгол хэлний нэвтрүүлгийнхэн буюу манайхан юм.

     НЭВТ: Өдөр бүр Монгол улсын сонсогч та бүхэнтэй агаарын цэнхэр долгионоор уулзан учирч байдаг бид төрсөн өдрийн ойгоо тохиолдуулан агаарын цэнхэр хөшгөө нээж сонсогч та бүхэндээ ая дуугаа өргөн барилаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе