• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Вэнь Жябао Монгол Улсад айлчилна

CRI       (GMT+08:00) 2010-05-26 14:59:21

      Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао Монгол Улсад айлчлах хугацаандаа Хятад, Монголын эдийн засаг худалдааны чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцоно гэж Хятадын Гадаад хэргийн яамны дэд сайд Жан Жижүнь 26-ны өдөр Бээжинд хэллээ. Энэ айлчлалаар Хятад, Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлж, ялангуяа хоёр талын уул уурхайн нөөц баялгийг нээн ашиглах, дэд бүтцийн байгуулалт болон банк санхүүгийн салбарын хамтын ажиллагааг нэгдэлтэй төлөвлөн ахиулж, хамтын ашиг сонирхлоо өргөтгөж, харилцан ашигтай хамтаар хожихыг Хятадын тал хүсэж байна гэж тэрээр хэллээ.

      Вэнь Жябао энэ долоо хоногийн баасан гаригаас БНСУ, Япон, Монгол Улс, Мьянмарт айлчлах бөгөөд БНСУ-ын Жижү арал дээр болох Хятад, Япон, БНСУ-ын удирдах хүмүүсийн бага хуралд оролцох болно. Жан Жижүнь Хятадын Гадаад хэргийн яамны үүнд холбогдуулан мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ингэж мэдээлсэн юм.

      Тэрээр хэлэхдээ, Вэнь Жябао 6-р сарын 1-ний өдрөөс Монгол Улсад айлчилж, Монголын Ерөнхий сайдтай хэлэлцээ хийх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргатай уулзаж, Хятад, Монголын харилцаа зэрэг харилцан сонирхож байгаа асуудлаар санал бодлоо гүнзгий солилцох болно. Вэнь Жябао мөн Монголын олон салбарын хүмүүстэй өргөн хүрээнд уулзан золгож, Хятад, Монголын эдийн засаг худалдааны чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцож, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн хүндэт самбарыг байрлуулах болно. Хоёр тал мөн банк санхүү, эрчим хүч, шинжлэх ухаан техник, дэд бүтэц зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна гэжээ.

      Жан Жижүнь хэлэхдээ, энэ айлчлалаар Хятад, Монголын өндөр дээд хэмжээний харилцан айлчлалыг үргэлжлүүлж, засгийн газар, парламент, улс төрийн намуудын олон зиндааны хэлхээ холбоог ахиулж, улс төрийн ойлголцол, бие биеийн итгэлцлийг бэхжүүлж, хоёр ард түмэн хоорондын ойлголцол, найрамдлыг нэмэгдүүлэн, хоёр орны харилцааны хөгжлийн нийгмийн үндэс суурийг бэхжүүлэхийг Хятадын тал хүсэн хүлээж байна гэжээ. \Цэцэн орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе