|
|
||
Өнөө өглөө Хятадын Ерөнхий сайдын айлчлал Монгол, Хятадын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсоноор эхэллээ. Уг уулзалтад БНХАУ-ын Худалдааны сайд болон тус яамны Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг болон БНХАУ-ын томоохон бизнесийн корпорацын төлөөлөгчид оролцов. Монгол, Хятадын бизнесийн уулзалтын үеэр Монголын тал хөрөнгө оруулах боломжтой салбараа танилцуулав. Уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарын төлөөлөгчид энэ удаагийн уулзалтад түлхүү оролцож байгаа нь харагдаж байлаа. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вень Жябао өнөө өглөө Монгол, Хятадын эдийн засгийн чуулганд оролцож үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, Хятад улс 11 жилийн турш Монголын хамгийн том худалдаа эдийн засгийн түнш байсаар ирсэн. Хятадын Монгол дахь хөрөнгө оруулалтын төсөл нь Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд түлхэц өгсөөр ирсэн. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны үр дүн түүн дотроо дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулахаас гадна Монголын талд энэ салбарын мэргэжилтэй ажилчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ. Манай хоёр орон олон жилийн найрсаг хамтын ажиллагаатай хөрш орнууд гэдгийг цаг хугацаа харуулж байна. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа маш их ирээдүйтэй гэж үзэж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа аль алинд нь түлхэц өгнө гэж ноён Вэнь Жябао хэллээ.
Монгол, Хятадын бизнесийн форумд Монгол Улсын Ерөнхий сайд оролцлоо. МУ-ийн Ерөнхий сайд дараа нь хэвлэлийнхний сонирхсон асуултад хариулсан юм. Тэрээр хэлэхдээ, хоёр орны хоорондын худалдааг нэмэгдүүлэх, уул уурхай, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Хятадын талаас олгосон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, манай улсад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулж экспортод гаргах зэрэг асуудлаар ярилцаж тодорхой тохиролцоонд хүрсэн" талаар яриад, Хятадын Засгийн газраас Монгол Улсад 500 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл өгөхөөр боллоо. Мөн таван жилийн хугацаанд Монголоос 2000 оюутныг Хятадад сургана. Таван жилд, жил бүр 60 монгол залууг БНХАУ-д аялуулахаар боллоо. Мөн есөн төрлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан гэж тэрээр Хятадын Ерөнхий сайдын айлчлалын үр дүнг онцлон тэмдэглэлээ.
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябаогийн албан ёсны айлчлалын хүрээнд Улаанбаатар хотноо БНХАУ-ын Соёлын төв нээлтээ хийлээ.
Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын Монголын хэсгийн дарга, Монгол Улсын Шадар сайд Энхболд нар нээлтэд оролцлоо.
БНХАУ, Монгол Улсын хооронд харилцан Соёлын төв байгуулах тухай хэлэлцээрт өнгөрөгч 5 дугаар сард Шанхай хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, БНХАУ-ын дарга Ху Жиньтао нар гарын үсэг зурсан юм.
Соёлын төв байгуулагдсанаар хоёр улсын соёлын солилцоо шинэ шатанд гарч, энэ төвөөр дамжуулан Монголчууд Хятадын соёлыг таньж мэдэн, ард түмнийх нь ахуй амьдрал, эдийн засгийн хөгжилтэй танилцаж, хоёр орны иргэдийн харилцан ойлголцол нэмэгдэх юм гэж Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао хэллээ.
Соёлын төвийн нээлтийн үеэр БНХАУ-ын Фөшань хотын уран бүтээлчид шаазан вааран эдлэлийн урлагийн үзэсгэлэнгээ толилуулж байлаа.
Энэ арга хэмжээний дараа Монгол улсын Ерөнхийлөгч Элбэгдоржид БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао бараалхсанаар түүний монгол улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө. Тэрээр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас тусгай үүргийн онгоцоор эх орон руугаа буцлаа. (Монголоос ирүүлсэн мэдээлэл: Монголын дуу хоолой радиогийн сурвалжлагч Мөнх-туул мэдээлэв)
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |