|
|
||
Цагаан сарын үеэр цаасан пуужин тавих нь Хан үндэстний уламжлалт заншил юм. Гэвч Хятадын хотжилтын хурд түргэсэж, хотын хүн ам олшрохын хэрээр цаасан пуужин тавьснаас болж гал гарах , хүн хар гэмтэж шархадсан хэрэг тасрахгүй болжээ. Цаасан пуужин тавихыг хориглох нь олон жилийн турш хүмүүсийн маргалдсаар ирсэн асуудал болж энэ онд дээрх маргаан улам ширүүссэн байна.
Туулай жилтэй золгоод 20 минут болоогүй байхад цаасан пуужин тавьснаас болж, Хятадын зүүн хойд нутгийн Шэньян хотын Хуан Чао Вань Шинь олон улсын давхар байранд гал гарч, энэхүү 152 метрийн том байр бүрэн шатаж, 3 тэрбум юаний гарз хохирол учруулжээ. Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны гал түймрээс сэргийлэх газрын тоо баримтаас харахад, энэ жилийн битүүний шөнийн тэг цагаас шинийн нэгний 8 цаг хүртэлх хугацаа бол төрөл бүрийн цаасан пуужинг ихээр тавьсан цаг ба Хятадын хэмжээнд нийт 5945 удаагийн галын аюул гарсан байна. 3-ны өдрийн 14 цагийн байдлаар, Бээжин хотод цаасан пуужин тавьснаас болж бэртэж шархадсан хүний тоо 223 болж, үүнээс 2 хүн нас барсан байна.
Цагаан сарын үеэр цаасан пуужин тавихыг дэмжих эсэх талаар манай сэтгүүлч хэсэг иргэдтэй уулзсан байна. Тэдний байр сууриас сонирхоход:
"Үнэндээ би дэмжихгүй, цаасан пуужин тавих нь байгаль орчныг бохирдуулдаг. Мөн амархан хүн харыг гэмтээж шархдуулдаг."
"Би дэмжиж байна, цаасан пуужин тавихгүйгээр яаж шинэлэх юм?"
"Миний бодлоор, орой шөнө тогтсон цагт цаасан пуужин тавьж, бусад хүний унтаж амрахад нөлөөлөхгүй байх ёстой."
Цагаан сарын хугацаанд цаасан пуужин тавихыг хориглох эсэх асуудлаар Хятадын Хэнань мужийн интернет сүлжээ ашиглагчид санал асуулга хийсний дүнд, саналаа өгсөн 80 гаруй хувийн хүмүүс хориглохыг дэмжих санал өгч, цаасан пуужин тавих нь байгаль орчныг бохирдуулахаар барахгүй, амархан галын аюул үүсгэж, хүн харын бие махбод болон эд хөрөнгө, хүмүүсийн хэвийн амьдралд шууд нөлөөлнө хэмээн үзсэн байна.
Гэвч үүний хажуугаар зарим эрдэмтэд болон хотын иргэдийн үзэж байгаагаар, цаасан пуужин тавих бол үндэстний чухал зан үйл, цагаан сарын зайлшгүй чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Цаасан пуужингийн дуу үгүй бол цагаан сар ямар ч өнгө амтгүй болно. Өнөө, уламжлалт соёл иргэншил даяарчлалын нөлөөг хүртэж байна. Бид хэрвээ үндэстний зан заншлаа хамгаалахгүй юм бол, маш амархан орхигдуулах болно гэжээ. Үндэстний зан иргэншлийн тухай эрдэмтэн Чи Шөүчэн өөрийн үзэл бодлоо ийнхүү хэлсэн байна:
Цаасан пуужин тавих бол хэдэн мянган жил уламжлагдсан зан үйл ба, хүмүүсийн зан иргэншлийг ямар нэгэн хүн тогтоосонгүйтэй адилаар ямар ч хүн хориглож чадахгүй юм" гэжээ.
Үнэндээ өнгөрөгч зууны 90 оны үеэр, Бээжин, Шанхай зэрэг хотуудын дайчлалттайгаар Хятадын ихэнх хотууд хотын төвд цаасан пуужин тавихыг хориглосон боловч, дараа нь хоригоо цуцалсан юм. 2006 оны наагуур цаагуур, хамгийн чанга хориг тавьж байсан Бээжин хот ч хориг тавихаа өөрчлөөд хязгаарлах болгосон байна. Тэгвэл цаасан пуужин тавихыг чухам хориглох юм уу, эсвэл хориглохгүй юм уу гэсэн асуудлаар холбогдох эрдэмтний үзэж байгаагаар, засгийн газраас ард иргэдийг зохих хэмжээгээр үндэстний бусад зан иргэншил луу хөдлөн дагуулахын зэрэгцээ, цаасан пуужин тавих газар болон цаг хугацааны талаар хатуу чанга дүрэм тогтоол боловсруулан хэрэгжүүлэх ёстой. Ингэвэл цаасан пуужин тавьснаас болсон эрсдэлийг бууруулах бөгөөд иргэдийн хэвийн амьжиргаанд нөлөөлөх нь багасна. Мөн хэсэг иргэдийн цаасан пуужин тавих эрэлт шаардлагыг ч хангаж чадах болно гэжээ.\Хүчитбаатар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |