• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"12-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд өндөр насны тэтгэмжийн тогтолцоог боловсронгуй болгоно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-09 12:29:03

    Хятадын Иргэний засаг захиргааны яам 8-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, өндөр насны тэтгэмжийн тогтолцоог боловсронгуй болгон, настан буурлуудын тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Иргэний засаг захиргааны яамны албаны хүн хэлэхдээ, Хятад улс "12-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд өндөр насны тэтгэмжийн тогтолцоог боловсронгуй болгох тал дээр хүч тавин ажиллаж байна гэлээ.

    Одоогоор Хятад улсад өндөр настны асрамжийн 3 сая 120 мянган ор бүхий 40 мянган байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, өнчин хүүхэд гээд нийт 2 сая 365 мянган хүнийг нийгмийн асрамжид хамруулаад байна. Иргэний засаг захиргааны яамны сайд Ли Лигүө хэлэхдээ, одоогоор өндөр настны асрамжийн тогтолцоог бүх Хятадын хэмжээнд туршин хэрэгжүүлж байна гэлээ.

     Тэрээр хэлэхдээ, "Өндөр настны асрамж халамжийн тогтолцоог таван мужид туршиж байснаас 12 мужид өргөтгөж, барааны үнэ өсөж байгаа нөхцөлд, амьдрал хүнд хэцүү иргэдийн амьжиргааны үндсэн шаардлагыг баталгаажуулж байгаа бөгөөд 7 муж нь өндөр настай иргэдэд нөхвөр олгох дүрэм хэрэгжүүлж байна " гэлээ.

    Эмчилгээ болон түргэн тусламжийн үйлчилгээний түвшин дээшилснээр, 1999 онд Хятадын нийгэм хөгшрөлтийн үе шат руу орж, 2009 он гэхэд 167 сая өндөр настантай болсон байна. Үүнд 80-аас дээш насалсан хүн 18 сая 990 мянга, өөрийгөө асрах чадваргүй настан 10 сая 360 мянгад хүрсэн байна. Холбогдох салбарын урьдчилсан тооцооллоор, 2015 он гэхэд Хятад улс 215 сая өндөр настантай болж, энэ нь бүх хүн амын 15 хувийг эзлэх болно.

    Иргэний засаг захиргааны яамны орлогч сайд Дөү Юйпэй хэлэхдээ, "12-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд Хятад улс өндөр насны тэтгэмжийн тогтолцоог боловсронгуй болгоно гэжээ. Тэрээр хэлэхдээ,  "Бид одоо өндөр насны асрамж халамжийн тогтолцоо тогтоож байгаа нь айл өрхөөр үндэс суурь болгон, оршин суугчдын хорооллоор түшиг болгож, өндөр настны асрамжийн газруудаар тулгуур болгон, хөрөнгө мөнгө болон үйлчилгээг баталгаажуулж, үндсэн үйлчилгээ болон сонголт хийх боломжтой үйлчилгээг уялдуулан, засгийн газар голлон удирдаж, нийгэм нийтээрээ оролцон, бүхэл нийгмээрээ анхааран халамжлах үйлчилгээний систем байгуулахын төлөө юм" гэжээ.

    Дөү Юйпэй онцолж хэлэхдээ, үр хүүхэд нь настан буурлаа асрах нь Хятадын уламжлал билээ. Энэ нь үр хүүхэд нь аав ээжийнхээ ачийг хариулан, настан буурлууд нь үр хүүхдийнхээ сайныг үзэж, аз жаргалтай аж төрөхөд нь тустай юм. Гэтэл одоо үр хүүхдүүд нь тусдаа амьдардаг болсноор настан буурлаа асран халамжилж чадахгүй болсон тул нийгмийн үйлчилгээний дэмжлэг туслалцаа шаардлагатай болоод байгаа юм. "12-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд хятад улс оршин суугчдын хорооллын өндөр насны үйлчилгээний хүн хүч болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, тэтгэн дэмжих, асран харгалзах, насан эцэс болоход нь хайр халамж үзүүлэх зэрэг үйлчилгээний байгууламжууд байгуулна гэжээ.

    Тэрээр хэлэхдээ,  "Олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн настан буурлуудад асрамж халамжийн үйлчилгээ үзүүлэхийг урамшуулан дэмжихийн зэрэгцээ интернет сүлжээг ашиглан, өндөр насалсан иргэдэд асрамж үйлчилгээний талаар шууд харилцах боломж хангаж, түргэн дуудлагын систем байгуулна " гэлээ. \Э.Цогзолмаа, Сарантуяа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе