|
|
||
Би уул нь манж хэлний мэргэжилтэн явлаа. Зүгээрч үгүй тухайн үед Монголд ганцхан байсан их сургуулийн манж хэлний багш байсан гэсэн үг. Ер нь Монгол улсын 200 орчим жилийн түүх манж бичиг дээр бий. Яагаад гэхлээр Манж чин улс хүчирхэгжиж Хятад, Монгол хоёр улсыг ноёрхож байх үедээ 16-р зууны дунд үеэс худам монгол бичигт дусал бинт гэсэн хоёр нэмэлт хийж манж үсэг зохиосон түүхтэй. Тэгээд албан хэргээ манжаар хөтлөн явуулж байсан учраас монголтой холбоотой түүх манж бичиг дээр бий. Эдгээр түүхийн чухал баримт бичгүүд эдүгээ Монгол улсын төв номын санд хадгалагдаж байгаа бөгөөд Бээжингийн номын санд ч мөн ихээхэн түүхийн дурсгалт баримт бичгүүд бий гэдэг.
1990 онд Монголд ардчилсан хувьсгал ялснаар олон зүйл үгүй болсны нэг нь манж хэлний сургалт. Нэгэнт хичээл нь заагдахаа больсон учраас манж хэлний багш би сэтгүүлчийн салбарлуу шилжсэн. Одоогоос 21 жилийн өмнө. Мөхсөн хэл гэдэг мартагдах нь амар байдаг болохоор их мартагджээ. Манж хэл мөхсөн ч манж үндэстэн БНХАУ-д байдаг гэдгийг сонсоод уулзаж үзэхсэн гэж хүсдэг байлаа. Хүссэн юм хүзүүгээр татдаг гэдэгчлэн миний хүсэлтийг Хятадын олон улсын радио гүйцээх учиртай байж. Зүүн хойт Азийн яармаг болдог Гирин муж. Ялангуяа Байшань хотын дүүрэг бол Манжийн анхны хаан Нурхайч баатрын төрсөн нутаг юм. "Шагнах хэрэгтэй бол дайснаа ч шагна, яллах шаардлагатай бол нөхрөө ч ялла" гэдэг мэргэн үгээрээ дорно дахины нэрт жанжингуудын зиндаанд яригддаг Нурхайч баатрын тушаалыг уншиж байхад аливаа гавъяа байгуулсан хүний нэрийг "вэхэ дэ полочи ачамби" гэж их гардагсан. Энэ маань тэр гавъяа байгуулсан хүний нэрийг чулуунд цоолборлон буюу сийлбэрлэн алдаршуулбаас зохино гэсэн л үг л дээ. Энэ үгийг санасны учир бол энэ нутаг чулуун сийлбэр, шаазангийн урлалаараа хятад улсдаа гайхагддаг юм байна. Энэ нутгийн чулуудын өвөрмөц тогтоц, чулуучдын ур чадварыг үгээр хэлээд барамгүй, үзгээр бичээд гүйцэмгүй. Үнэхээр " Вэхэ дэ полочи ачамби". Бас өчүүхэн миний хүслийг гүйцээж манж хүмүүстэй уулзуулсан ХОУР-гийн ач гавъяаг ч бас " Вэхэ дэ полочи ачамби".
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |