• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тэнгэр нуурын ундарга тэнгэрт байдгийм болов уу ....

CRI       (GMT+08:00) 2011-09-14 17:37:51

       2011 оны 9-р сарын 9-ны өдрийн өглөө уулын царамд орших буудлаасаа эртлэн хөдөлж Тэнгэр нуурыг зорин хурдаллаа. Хоёр цаг шахам автобусны дээд хурдаар тувт өгсөн давхих нь сонирхолтой, бас аймшигтай. Учир нь өглөө эхэлсэн шивэр бороо өгсөх тусам өтгөн манан болон буух бөгөөд хааяа будан гүйх чөлөөнд тээр дор модтой уулын орой үзэгдээд далдрах нь үүлэн дээр л хөвөөд байх мэт. Гэнэт доошоо ойчвол яана ...

      Өмнөх замыг ажиглавал осолгүй л засмал замаар нэлээд өгсүүр газар яваа нь тодорхой бөгөөд замын хоёр талаар дөрөө шүргэм өвс найгах нь монгол хүний сэтгэлд отор нүүдэл, мал ахуйг аргагүй санагдуулна.

      Уулын дэвсэг дээр байрлах жижигхэн буурчийн газраас унаагаа юүлж аваад дахиад л бүр их өгсүүр өөд, бүр их хурдаар давхиж гарлаа. Цаг шахам давхиад эцсийн зогсоол хүрч түүнээс цааш сайхан зассан чулуун болон модон шатаар өгссөөр "Тэнгэр нуур"-ын барааг анх удаа харлаа. Үнэхээр тэнгэрт л байрлах тэнгэрийн нуур юм. Цэлмэг өдөр ч үүл манан дунд нуугдан үл харагддаг энэ нуур энэ өдрийн аялагчид Хятадын олон улсын радиогийнхан, түүний дотор Монголын мэргэжилтэн надаас нүүрээ буруулсангүй... Азтай одтой яваагийн минь гэрч болов уу хэмээн шившин залбирлаа...

     "Тэнгэр нуур" манай Монгол улсын Хэнтийн нурууны "Хагийн хар нуур"-тай тун төстэй юм. Ялгаа нь гэвэл "Тэнгэр нуур" галт уулсын тогоон дотор, нүцгэн уулын дунд оршдог бол манай "Хагийн хар нуур" эргэн тойрондоо битүү модтой уулсаар хүрээлэгдсэн байдаг. "Хагийн хар нуур"-т хүрэх гэж хэдэн өдөр мориор мацан уул даваа хэжиж ус намгийг гатлан зовдог бол "Тэнгэр нуур"-т машинаар давхин хүрээд бэлэн зассан шатаар тааваараа өгссөөр оччих юм. Бас Манай Хагийн хар нуурт хэдэн арван гол горхи цутгаж мөн тооны гол горхи гадагшаа урсаж байдаг бол "Тэнгэр нуур"-т нэг ч цутгал байхгүй мөртлөө хоёр ч том гол урсан гардаг байна: Сонирхолтой нь гаднаасаа цутгалгүй, хоёр том гол эх авч урсах бөгөөтөл Тэнгэр нуурын ус хэдэн зуун жил ямхын төдий дундраагүй гэнэ. Хаанаас ундарга нь орж ирдэг вэ? Газрын хөрсөн дороос ёроолоос нь ундардаг болов уу? Эсхүл дээд тэнгэр хүний нүдэнд үл харагдах хурмастын цагаан бороо буулгаж байдаг юм болов уу. Түүнийг "Тэнгэр нуур"-ын тэнгэр л мэдэх буйзаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе