|
|
||
Хятадын баруун өмнөд хил Юньнань мужийн Юйши хотын Тунхай шяний Шинмэн \Монголоо мандуулах гэсэн утгатай хятад үг\ шянийн Монгол үндэстний 2011 оны наадам 12-р сарын 13—15-ны өдрүүдэд тус шянийн Үндэстний зан заншил, соёлын өргөн талбайд боллоо.
13-ны үдээс хойно болсон Шинмэн шянийн Монгол үндэстний 2011 оны наадмын нээлтийн ёслолд Үндэстний Хэрэг Эрхлэх Улсын Хорооны орлогч дарга асан Вэнь Жин, Өвөр Монголын Өөртөө Засах Районы Үндэстний хэрэг эрхлэх зөвлөлийн дарга Адьяа болон Хар-мөрөн, Гирин, Шиньжян, Хөх-нуур зэрэг Монгол үндэстэн нэлээд төвлөрөн суугаа муж, өөртөө засах районы үндэстний хэрэг эрхлэх зөвлөл, засгийн газрын холбогдох байгууллагуудын албаны хүмүүс, Монгол үндэстний түүх соёлын судалгаа шинжилгээний нийгэмлэг, Рэнь Минь Ри Бао, Хятадын Олон Улсын Радио, Төвийн Ардын Радио, Өвөр Монголын Одон Телевиз зэрэг төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн сэтгүүлчид болон нутгийн иргэд зэрэг хэдэн зуун хүн оролцжээ.
Уг наадмын нээлтийн ёслолын ажиллагаа нь төрийн далбаа, наадмын далбааны багаас гадна, морьтнууд, бөхчүүд, сурчдын баг оролцсон байна. Энэ наадамд хүүхдүүд оролцсон нь хүмүүсийн таашаал сонирхлыг татсан нэгэн онцлог болжээ. Уран сайхны тоглолтод нутгийн монголчуудын тоглосон тоглолтоос гадна мөн Бээжин, Өмөр Монголын уран сайханчдын тоглолт болж, үзэгч олныг баясгалаа.
Шинмэн шян бол Юньнань мужийн Монгол үндэстэн төвлөрөн суугаа нутгуудын нэг юм. Юйши хотын Тухай шяньд байрладаг уг шян 1988 онд байгуулагдсан. Одоогийн байдлаар, энэ шянд Монгол, Хань, И зэрэг 9 цөөнх үндэстний 1781 өрхийн 5609 хүн амьдарч байгаа бөгөөд үүнээс Монгол үндэстэн 5379 буюу нийт хүн амын 95.9%-ийг эзэлдэг. Тэдний зонхилох нь тариалан эрхэлж аж төрдөг байна.
Манай тооллын 1253 онд Их Монгол улсын Мөнх хааны зарлигаар Хубилай цэрэг дайчлан өмнө зүгт Да-лиг эзлээд, умард руу буцах үедээ Юньнаньд хэсэг монгол цэргийг үлдээн суулгасан нь Шинмэн шянийн монголчууд юм. Түүнээс хойш хилийн хамгаалалтын алба хааж байсан тэдгээр цэргүүдийн үр ач нар 758 жилийн турш уугуул монгол нутгаасаа алс зайдуу өмнөд нутагт оршин сууж аж төрсөөр эдүгээг хүрсэн байна. Монголчууд Юньнань очсоны дараа Чюйтүө боомтыг сахин хамгаалж байсан монгол цэргүүд байнга наадам зохиодог байсан ч Мин улсын Хун-үгийн жилүүдэд тасалджээ. Юньнаний монголчууд түүхийн олон жилийн хөгжлийн замналдаа "малчин—загасчин--тариачин" болох шилжилтийн явцыг туулаад, тэдний амьдрал үйлдвэрлэлийн байдалд үндсэн өөрчлөлт гарч, үндэстний өвөрмөц онцлог бүхий соёл, зан заншлыг бүрдүүлж, үг хэл, хувцас өмсгөл зэрэг нь бусад нутгийн монголчуудынхаас эрс ялгарах өөрийн гэсэн тодорхой онцлогтой болжээ. 1981 онд Шинмэн шянийн монголчууд уламжлалт наадмаа сэргээсэн ба 1993 оноос хойш 3 жил тутамд 1 удаа зохион явуулах болсон байна.
Энэ наадмын үеэр, айл өрх бүр гахай хонь нядлан тансаг хоол базааж, хөрш зэргэлдээ айл өрх буюу ах дүү, найз нөхдөө урьж олуул цуг хоол идэж баяраа хамтдаа тэмдэглэцгээдэг заншилтай болжээ. Наадмын үеэр дуу бүжигт авьяаслаг монголчууд баялаг агуулга хэлбэртэй арга хэмжээнүүдийг зохиож, хур тунадас тэнцэж, ажил үйлс аливаа бүхэн өөдрөг байхыг бэлэгшээдэг байна.
Наадам эхлэхээс өмнө, Чингис, Мөнх, Хубилай "Гурван богд"-ыг хүндэтгэн тахидаг нь Шинмэн шянийн моголчуудын уламжлалт ёс заншил юм. Энэ нь өвөг дээдсээ дурсан санагалзаж, үндэстнийхээ уламжлалт соёлоо хөгжөөн бадрааж, үр ач нартаа өвлүүлэн залгамжлуулж, ах дүү үндэстнүүдтэй эвтэй найрсгаар зэрэгцэн оршиж хамтаар хөгжих гэсэн зорилготой аж.
2011 оны наадмын хүрээнд тал нутгийн дуу хөгжмийн "Тун-инь цом"-ын уралдаан, "Дээдсийн тахилга"-Юньнаний монгол үндэстний түүх соёлын үзэсгэлэнгийн ордны нээлтийн ёслол, уламжлалт биеийн тамир спортын тэмцээн, бизнес хөрөнгө оруулалтын танилцуулга, худалдаа ба онцлог хоол ундны соёлын үйл ажиллагаа зэрэг олон төрлийн сонирхолтой арга хэмжээнүүд зохиогдож байна.
13-ны өдрийн орой Шинмэн шянийн Үндэстний зан заншил соёлын өргөн талбайд тал нутгийн онцлогтой олон нийтийн үдэшлэг цэнгүүн-галын наадам зохиогдлоо. Үндэстний хувцас өмсгөлөөр чимсэн хүмүүс эр эм, хөгшин залуугүй галыг тойрон дуулан бүжиглэцгээж, үндэстний уламжлалт баяраа ёс төртэй жавхаа төгөлдөр тэмдэглэв. Уг үдэшлэг цэнгүүн 20 цагаас 22 цаг өнгөртөл үргэлжилсэн байна. \Мэдээг сурвалжлагч О.Дарамбазар, Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |