Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 12-р чуулга уулзалт 6-р сарын 7-ны өдөр Бээжинд зохиогдоно. Хятадын Шинжлэх ухааны Академийн ШХАБ-ын судалгааны төвийн нарийн бичгийн дарга Сүн Жижүан саяхан сэтгүүлчийн асуултанд хариулж хэлэхдээ: ШХАБ-ын бүтээн байгуулалт, хөгжил нь тухайн бүс нутгийн хамтын хөгжил ба тогтвортой байдлыг хамгаалах хэрэгцээ шаардлагатай зохицон гишүүн орнуудын үндсэн ашиг сонирхолд нийцсэн бөгөөд ирэх 10 жилд уг байгууллага нь тухайн бүс нутгийн хөгжил ба тогтвортой байдалд нэн сайн нөлөө үзүүлэх болно гэжээ.
Сүн Жижүан хэлэхдээ, хойшид ШХАБ-ын аюулгүйн салбарын хамтын ажиллагааг улам нээлттэй болгож,ажиглагч орнууд уг байгууллагын терроризмын эсрэг хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох боломжтой болох бөгөөд ШХАБ бусад улс орон ба олон улсын хамтын нийгэмлэгтэй аюулгүйн салбарын уялдааг цаашид өргөжүүлэх болно. Түүнчлэн ШХАБ нь хүнсний аюулгүй байдал, банк санхүүгийн аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал, интернет сүлжээний аюулгүй байдал зэргийг багтаасан уламжлалын бус аюулгүйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх болно гэжээ.
Сүн Жижүан Гадаад харилцааны тухай хэлэхдээ, нээлттэй, ил тод, гурав дахь талд хандуулахгүй байх, цэрэг дайны холбоо байгуулахгүй байх бол ШХАБ-ын хамтын ажиллагааны үндсэн үзэл баримтлал юм. ШХАБ нь гадаад харилцааны нээлттэй байх байр суурийг баримталсаар байх бөгөөд ялангуяа НҮБ-ын эрх сүрийг хүндэтгэн НҮБ-ын ажил хэргийн талаар нээлттэй байхыг эрмэлзэх болно гэжээ. \орчуулсан Алтанхуар\