|
|
||
Хятад улсын Дарга Хү Жиньтао 5-ны өдөр Бээжинд ШХАБ-ын дээд уулзалтад оролцохоор Хятад улсад ирж айлчилж байгаа Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Рахмонтой хэлэлцээ хийжээ. Хү Жиньтао хэлэхдээ, Хятад Тажикстан дипломат харилцаа тогтоосноос хойших 20 жилд хоёр тал харилцан хүндэтгэж, харилцан туслалцан, үнэнч шударгаар хамтран ажиллаж, хоёр орны харилцаа нааштай хөгжин, хоёр ард түмэнд бодит ач тус хүртээлээ. Тажикстан өөрийн орныхоо бодит байдалд зохицсон хөгжлийн замаар замнахыг Хятадын тал өнгөрсөнтэйгөө нэгэн адилаар дэмжиж, Тажикстаны талтай хамтаар чармайн хоёр орны найрсаг хөршийн найрамдалт хамтын ажиллагааны харилцааны төвшнийг тал бүрээр дээшлүүлэхэд бэлэн байна гэжээ.
Хятад, Тажикстаны харилцааг хөгжүүлэх талаар Дарга Хү Жиньтао 4 зүйлт санал дэвшүүлжээ. Тухайлбал, нэгд, улс төрийн үндэс сууриа бэхжүүлнэ. Өндөр зиндаа хоорондын хэлхээ холбоогоо хэвээр байлгаж, хоёр талын харилцаа, тэрчлэн хамтын ашиг сонирхолд холбогдсон олон улсын болон бүс нутгийн асуудлаар цаг ямагт зөвшилцөж, заналхийлэл болон өрсөлдөөн сорилтыг хамтаар зохицуулна. Хоёрт, бүтээлч хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ. Үүнд, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа өргөтгөж, дэд бүтцийг хооронд нь залгаж холбох ажлыг түргэтгэн, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ. Гуравт, аюулгүйн салбарын хамтын ажиллагаагаа ахиулна. Хоёр орны хууль хэрэгжүүлэгч, аюулгүйн ажил хариуцсан байгууллагууд хоорондоо нягт хамтран ажиллаж, зөвшилцөл зохицуулалтаа эрчимжүүлэх хэрэгтэй. ШХАБ-ын "Энхийн үүрэг-2012" терроризмын эсрэг цэргийн сургуулилалтыг Тажикстаны тал амжилттай зохион байгуулахыг Хятадын тал дэмжиж ажиллана. Дөрөвт, хүмүүнлэгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ. Боловсрол, шинжлэх ухаан, техник, соёл, спорт зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хэвлэл мэдээлэл, аж ахуйн нэгж болон залуучууд хоорондын хэлхээ холбоог олшруулах зэрэг болно.
Эмомали Рахмон хэлэхдээ, дипломат харилцаа тогтоосноос нааш, Тажикстан, Хятадын харилцаа нааштай хөгжиж, хоёр орон хилийн зааг шугамын асуудлаа туйлбартай зохицуулан, өндөр зиндаа хоорондын хэлхээ холбоо олширч, олон салбарын хамтын ажиллагаа баялаг ололт амжилттай боллоо. Тэрчлэн хоёр орон хамтаар нэг бүлэг томоохон хэмжээний дэд бүтцийн байгуулалт хийсэн, энэ бүхэн нь хоёр орны найрсаг хөршийн найрамдалт харилцааны бэлэг тэмдэг болжээ. Тажикстаны эдийн засаг, нийгмийн хөгжилд дэмжлэг үзүүлсэн Хятад улсад Тажикстаны тал баярлаж явдаг бөгөөд хэзээд нэг Хятадын бодлого баримтлах болно. Тажикстан, Хятад бол дотно хөрш, найдвартай түнш гэдгийг практик гэрчилж байна гэлээ.
Хэлэлцээний дараа, хоёр орны удирдагчид хамтаар "БНХАУ болон БНТУ-ын хамтарсан тунхаг" болон хоёр талын хамтын ажиллагааны бусад баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцжээ.\Хүчитбаатар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |