|
|
||
Монгол улсын ерөнхийлөгчийн Гадаад харилцааны бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн 7-ны өдөр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Бээжингийн дээд уулзалтын мэдээллийн төвд манай сурвалжлагчид ярилцлага өгсөн юм. Одоо түүнтэй хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэе.
Сэтгүүлч: ШХАБ-ын Бээжингийн дээд уулзалтад Монгол улс ажиглагч орны хувиар оролцсон, Монгол улсын төлөөлөгчид ямар бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бэ?
Л.Пүрэвсүрэн : Хятадын Олон Улсын Радиогийн сонсогч та бүхэн сайн баацгана уу? Энэ 12-р удаагийн уулзалтаар Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж төлөөлөгчдийг тэргүүлэн оролцлоо. Ерөнхийлөгчийг дагалдаж ерөнхийлөгчийн гурван зөвлөх болох Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэг, Байгаль орчин, хүрээлэн байгаа орчны бодлогын зөвлөх Э.Зоригт, МУ-аас БНХАУ-д суух элчин сайд Сүхбаатар, Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Батхишиг болон бусад албаны хүмүүс оролцлоо. Энэ удаа нэлээд өргөн бүрэлдэхүүнээр оролцсон.
Сэтгүүлч: Хэвлэл мэдээллийнхэнээс бас нэлээд олон хүмүүс ирсэн бололтой?
Л.Пүрэвсүрэн : Манайхаас 10 сэтгүүлч оролцож байна. МҮОНРТ, МОНЦАМЭ агентлаг, Улаанбаатар телевиз болон бусад өдөр тутмын гол гол сонинуудаас нэлээд өргөн бүрэлдэхүүнээр ирсэн.
Сэтгүүлч: ШХАБ бүс нутгийн хөгжил, аюулгүй байдлын талаар, мөн гишүүн орнуудын хоорондох хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ямар шуу үүрэг гүйцэтгэж байгаа гэж үзэж байна?
Л.Пүрэвсүрэн : ШХАБ байгуулагдаад нэлээн олон жил боллоо, 12 дах удаагийн дээд хэмжээний уулзалтаар зөвхөн улс төрийн салбараас гадна дэд бүтэц, боловсрол, соёл урлаг, залуучуудын солилцооны салбарт эрчимтэй ажиллаж байна. Энэ нь 2 дах 10 жилийн үйл ажиллагаа эхэлж байна гэсэн үг. Энэ удаагийн хурлаар ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар шинэ хүн томиллоо. Шинэ хүн шинэ эрч хүчээр, шинэ чиглэлүүдээр байгууллагын үйл ажиллагааг тэлж, үүнээс үүдэн бүс нутагт олон талын харилцаа хамтын ажиллагаа явуулах томоохон механизмын тогтолцоо бий болж байна. Жишээлбэл энэ удаад Афганистан улсыг ажиглагчаар албан ёсоор бүртгэж авлаа. Мөн Турк улсыг яриа хэлэлцээний түнш орноор элсүүлэн авлаа. Энэ нь цаашид хүрээгээ улам тэлж, бүс нутгийн Евроазийн том байгууллага болно гэдэгт бид итгэлтэй байна.
Сэтгүүлч: Монгол улс ШХАБ-ын ажиглагч орон болохын хувьд ямар ямар салбарт уг байгууллагатай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой гэж та үзэж байна?
Л.Пүрэвсүрэн : Монгол улс бол ШХАБ-ын анхны ажиглагч орон. Бидний дараа нэлээд олон орон ажиглагчаар элсэн орсон. Ер нь бид бүс нутгийн чанартай дэд бүтцийн, байгаль орчинг хамгаалах зэрэг салбаруудад идэвхтэй оролцох байр суурьтай байгаа. Монгол улсыг дайрч өнгөрөх төмөр зам, авто замын сүлжээнүүд, хийн хоолой, Орос Хятадыг холбосон хийн хоолой гэх мэт дэд бүтцийн барилга байгуулалтад идэвхтэй оролцож зөвхөн Монгол-Хятадын эсвэл Монгол-Оросын бус харин гурван талын, цаашлаад ШХАБ-ын хэмжээнд хэрэгжих томоохон төслүүд болгон хэрэгжүүлэх сонирхолтой байна.
Сэтгүүлч: Та МУ-ын ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхийн хувьд Хятад, Монгол хоёр орны харилцааны одоогийн болон ирээдүйн хөгжлийн талаар хэрхэн үзэж байна вэ?
Л.Пүрэвсүрэн : Монгол улс бол хоёр хөрш орны нэг болох Хятадын сайн хөрш орон бөгөөд , энэ хоёр хөрш орнуудтай хамтын ажиллагаа хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болно. Иймээс Монгол улс ОХУ болон БНХАУ-тай тэнцвэртэй харилцааг хөгжүүлэх талаар ихээхэн анхаарч байна. Хамгийн гол гадаад бодлогын зорилт бол харилцан ашигтай, урт удаан хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байна. Мэдээж манай улсын хамгийн том хөрөнгө оруулагч, хамгийн том худалдааны түнш бол БНХАУ . Жилээс жилд энэ харилцаа маань улам өргөжин тэлж байна. Өнгөрсөн оноос эхлэн энэ харилцаа нь стратегийн төвшний харилцаа болон дээшилсэн байгаа. Тиймээс Монгол, Хятадын харилцаанд өргөн их ирээдүй харагдаж байна. Бие биедээ харилцан ашигтай, хамтын ажиллагаа нь бүхий л салбарт өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.
Сэтгүүлч: Энэ онд Хятад Монгол хоёр тал харилцан "Соёлын сар"-ын ажиллагааг зохион байгуулж байгаа, 4-р сард Хятадад "Монголын соёлын сар" үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа, 8-р сард Монгол улсад "Хятадын соёлын сар" үйл ажиллагаа болох гэж байна. Таны бодлоор хоёр орны соёл, иргэдийн солилцоо нь хоёр орны харилцааг хөгжүүлэхэд ямар үүрэг гүйцэтгэж байгаа гэж үзэж байна?
Л.Пүрэвсүрэн : Ер нь ийм үг байдаг. Хамгийн сайн гадаад бодлого бол соёлын гадаад бодлого. Хоёр орны ард түмэн бие биенээ сайн ойлгоё, сайн итгэлцье, ирээдүй рүү харсан хамтын ажиллагаагаа бэхжүүлье гэвэл, соёлын салбарт, харилцан бие биеийнхээ соёлыг сайн таньж мэддэг, харилцан хүндэлдэг байваас ирээдүйн харилцаа маань бат бэх суурьтай болно, энэ оны 4-р сард болсон Монголын соёлын сарын арга хэмжээ амжилттай болсон гэж би сонссон, тэгэхээр 8-р сард Монголд болох Хятадын соёлын сарын арга хэмжээ ч амжилттай болно гэдэгт би итгэлтэй байна. Хятадын эртний соёл болон орчин үеийн соёл манай Монголын ард түмний сонирхол, анхаарлыг татна гэдэгт итгэж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |