|
|
||
Манай эринээс өмнөх 1500 оны үеэр одоогийн Мексикийн өмнөд хэсэг, Гватемал болон Белизийн хавиар нутагшиж байсан эртний Маяачууд агуу их соёл иргэншлийг үүсгэн байгуулж, бүрэн бүтэн боловсронгуй үсэг бичиг зохиож, шинжлэх ухааны мэдлэг өндөр төвшинд хүрсэн ба цаг улирлыг тоолох тэргүүний мэргэжилтэй байжээ. Хэдэн мянган жилийг элээсэн Маяачуудын хойчид өнөөдөр гэхэд Мексикийн цөөн хүн амтай буурай үндэстэн юм. Тэгэхэд өнөөдөр тэдний боловсролын байдал ямар байна? Тэдний өмнө ямар ирээдүй тавигдаж байгаа бол? гэдгийг анхаарууштай юм. Одоо та бүхэнд манай радионоос Мексикт суугаа сурвалжлагч Ваньдай нарын сурвалжлан бэлтгэсэн мэдээллийг хүргэе.
"Чамайг хэн гэдэг бэ? "
"Намайг Холандо Паланочо гэдэг, энэ жил 12 настай, тус сургуулийн нэгдүгээр оны Б ангид сурдаг."
Сурвалжлагчид инхүү ярьсан энэ Маяа хүү Мексикийн Маячуудын төвлөрөн суурьшсан Тулум районы тосгоны дунд сургуульд сурдаг байна. 12-хон настай энэ хүү засгийн газраас тараасан хичээлийн бичгээ гартаа барьж, испани хэлээр өөрийгөө урстал сайхан танилцууллаа. Энэ сургуульд ойр хавийн гурван тосгоны хүүхдүүд хамт сурдаг байна. Гурван ангид нийт 80 гаруй сурагчтай бөгөөд олонх нь Маяа үндэстний хүүхдүүд. Сургуулийн захирал Рожа Раул өөрөө мөн Маяа үндэстэн, тэрээр сэтгэл зүйн мэргэжлээр их сургуулиа дүүргэжээ. Уул нь хотод үлдэж ажиллах боломжтой байсан хэдий ч харин эх нутагтаа ирж боловсролын ажил сонгожээ.
Раулын танилцуулж байгаагаар, Маяа үндэстний овог аймаг уламжлалаа нэлээд бүрэн бүтэн хадгалж байгаа тул сурагчид бүгд эх хэлээ хэрэглэдэг. Тус сургуулийнхан хоёр хэлээр хичээллэдэг байна. Дунд сургуулиас эхэлж бүх хичээл төрлийг испани хэлээр зааж, сурагчид сургуулиа дүүргээд Мексикийн орчин үеийн нийгэмд хөл тавьж, өөрийн сонголт, орон байраа олоход суурь тавьдаг байна. Багш цөөн тул сургуулийн захирал өөрөө бас хичээл зааж, нэг ангийг тусгай хариуцаж, испани хэл, шинжлэх ухаан, урлаг, математик, физик зэрэг хичээл заадаг байна. Манай сурагчид сайтар сурч, овог аймгаасаа нийгэм руу дэвшиж, хожим эх нутгийнхаа боловсролын хөгжилд хүчээ өргөх чадвартай хүмүүс нэн олон болохыг хүсэж байна, гэтэл бодит байдлаас шалтгаалж, энэхүү хүсэл мөрөөдөл биелэгдэхэд тийм хялбар биш гэж сургуулийн захирал бодол сэтгэгдлээ ярлаа.
"Орлого, амьдралаас шалтгаалж сурлагаа цааш нь үргэлжлүүлэх боломжтой хүүхдүүд тун цөөн юм. Нийт сурагчдын дотор 30-40% нь өндөр зэргийн дунд сургуульд дэвшин сурдаг. Их сургуульд сурах нь бүр цөөн, бараг 10% орчим нь их сургуульд суралцдаг. Зарим мэдлэг боловсрол эзэмшсэн Маяа хүмүүс эх нутагтаа эргэж ирдэг нь цөөн, жишээлбэл Тулум районы их сургууль төгссөн Маяа үндэстний оюутнууд олонх нь аялал жуулчлалын компанид ажиллаж, удирдлагын болон хуулийн зэрэг орлого ихтэй мэргэжил сурсан зарим оюутнууд том хотод үлдэж, боловсролын хамаатай мэргэжил эзэмшсэн тун цөөн тооны Маячууд нутагтаа ирж ажилладаг" гэж захирал хэлээ.
Орчин үеийн Маяачуудын олонх хэсэг нь төв Америкийн орнууд, Мексикийн өмнөд хэсгийн нутгаар тархан суурьшиж байдаг. Гэтэл эдгээр район нь Мексикийн хамгийн ядуу амьдралтай нутгийн нэг бөгөөд орчин үеийн нийгмээс зайдуу, испани хэлний боловсролыг гадуурхах, боловсролын багш дутуу, сурагчдын үндсэн амьдралын зардал хүндрэлтэй зэрэг тал талын шалтгаан байгаа тул Маяачууд түүнчлэн Мексикийн үндэстний цөөнхийн боловсролын хөгжил саад бэрхшээлтэй байна. Иймээс Мексикийн Боловсролын яамны Индиан боловсролын ажил хариуцсан хэлтсийнхэн Маяачууд төвлөрөн суурьшсан нутагт боловсролыг төлбөргүй түгээж, тухайн үндэстний багш боловсон хүчнийг бэлдэж, багшийн тоог нэмэгдүүлэх талаар бас зохих идэвхтэй арга бодлого авч байгаа юм байна. Раулын ажиллаж байгаа тус сургууль сурлагын төлбөр зардал авахгүй бөгөөд ном дэвтэр, бичгийн хэрэглээг үнэгүй тараадаг олон нийтийн сургууль юм. Маяачуудын районы амьдрал боловсрол хэдийгээр хоцрогдсон байдалтай хэдий ч боловсролын хөгжлийг дэмжих үр өгөөжтэй арга бодлого хэрэгжүүлснээр сүүлийн жилүүдэд зохих хэмжээгээр сайжирч, өөдрөг байдал бий болсон байна.
Тун саяхан үүрэгт ажлынхаа хугацааг дуусгасан Фелипе Калдероны засгийн газрын Боловсролын яамны Индиан боловсролын ажил хариуцсан хэлтсийн дарга асан Росалинда Гарза Индиан иргэдийн тухайн үндэстний бие даасан боловсролыг түлхүү хөгжүүлэх ач холбогдлын талаар хэлэхдээ:
"Бид бие даасан боловсролтой болохыг чухалчилж байна, бидний үр хүүхэд боловсрол хүртэхдээ өөрийнхөө үндэстний боловсролыг төлөөлөх байр суурьтай болохыг хүсэж байна гэж Индианчуудын хороолол онцлон дурдсаар юм. Энэхүү эрх үүргийн тухай шаардлага бол зүй ёсны бөгөөд үндсэн хуульд ч бичиж оруулсан байдаг. Гэтэл тэдний иймэрхүү хүсэл мөрөөдлийг хэрхэн биелүүлэх бэ гэсэн асуудал тулгарч байна. Иймийн тулд бид боловсролын холбогдох бодлого тогтоож, Индианчууд бие даасан боловсролтой болоход нөхцөл боломж бүрдүүлэхийн тулд холбогдох мэдэгдэл нийтэлж, багшийн үнэмлэх олгоход хүртэл онцгой заалт хэрэгжүүлж байгаа юм. Ингэж хийж байгаагийн зорилго нь зөвхөн боловсролын хувьд тэд өөрийн үндэстний гэсэн байр суурьтай болох төдийгүй оюун мэдлэгээ нэн илүү өргөжүүлж, гаднын дэлхий ертөнцийг нэн сайн ойлгахад нь туслах явдал юм" гэлээ.
Цаг үе өөрчлөгдөн хөгжиж байна. Мянган оны өмнө шинжлэх ухааны өндөр хөгжилд хүрч, одон гариг, цаг улирлыг тоолох мэргэжлээр баруун хагас бөмбөрцөгт тэргүүлж байсан Маяачууд өнөөдөр гэхэд Мексикийн бага буурай үндэстэн болсон байна. Маяачуудын дотоодын зарим хэвшсэн уламжлал болон хоцрогдсон зан заншил тус үндэстний урагш дэвшилд саад учруулж байна. Гэтэл цаг үеийн хөгжлийг дагалдан хуучны хоцрогдсон зонхилох зүйлс аажмаар өөрчлөгдөж байгаа юм. 21 настай маяа охин Анакуймал засгийн газрын шагнал авч, Валладолидод төслийн удирдлагын мэргэжлээр сурч байна. Маяа эмэгтэйчүүдийн уламжлал ёсоор Анакуймалын ээж 12 настай байхдаа хуримлаж, 11 хүүхэд төрүүлсэн бөгөөд одоод хүртэл испани хэлээр ганц өгүүлбэр ч зөв нийлүүлж чаддаггүй юм. Гэхдээ охин нь мэдлэг боловсрол хүртэж, азтай яваа тул энэ настан сэтгэл өөдрөг байна.
"Урьд нь манай тосгонд анх зэргийн болон өндөр зэргийн дунд сургууль гэж байгаагүй. Эдийн засгийн боломж нөхцөл ч хүндрэлтэй байсан. Гэтэл өнөө манай тосгон дунд сургуультай болж, бидний амьдрал орлого нэлээд сайжирч байгаа тул охиноо дунд сургуулийг нь амжилттай дүүргэж, их сургуульд явууллаа" гэлээ.
Анакуймал өөрийнхөө сэтгэгдлийн талаар сурвалжлагчид хэлэхдээ, тэдний тосгоноос түүнтэй адил их сургуульд ортол сурч буй эмэгтэй оюутан бараг байхгүй гэж хэлж болно. Олонх хүүхдийн ар гэрийнхэн охиноо эрт айл болгох хуучны зуршлаа баримталсаар байна гэжээ. Гэтэл тэр өөдрөг үзэл бодолтой байна. Түүний хувьд энэ бол нэгэн өөрчлөлт юм. Хожим тэрээр Канкуньд ажиллаж ар гэрээ тэтгэх бодолтой байгаа бөгөөд өөрөө үлгэр жишээ болж, нэн олон маяа охид сургуульд суралцаж, цаашлаад өндөр зэргийн боловсрол хүртэхэд тусална гэж ярьж байлаа.
Нэвтрүүлгийн эхэнд өөрийгөө танилцуулсан маяа хүү Паланочо бас азтай нэгэн. Тэр дунд сургуулийн сурлагаа эхлүүлээд удаагүй. Хожим боломжтой бол нийслэл Мехико хотод хүрч анагаах ухаан сурч, сургуулиа дүүргээд тосгондоо ирж нутгийнхаа хүмүүст туслах бодолтой гэж ярилаа. Алсын хүсэл мөрөөдөл өвөртөлсөн энэ хүүгийн яриа түүний сургуулийн захирал Раул болон маяачуудын боловсролын төлөө зүтгэж яваа бүх хүмүүсийн хүсэл мөрөөдөл байлаа.
Сургуулийн захирал Раул хэлэхдээ, "тэд бол аз завшаантай үеийнхэн юм. Орчин үеийн амьдралтай маш сайхан зохицож чадна. Тэд нэн сайтар суралцаж, ирээдүйд нэн тусгай мэргэжлийн ажилтай болох юмсан гэж хичээл зааж буй багшийн хувьд хүсэж байна. Тэдний төрж өссөн тосгонд маш олон төсөл, хөрөнгө оруулалт хэрэгжиж байна. Иймээс 5 жил, 10 жилийн дараа тэд тосгондоо, нутагтаа, эх орондоо хүчин чадлаа өргөж, аялал жуулчлалаар гол болгосон эдгээр олон төслийн бүтээн байгуулалт болон хөрөнгө оруулалтын ажилд бодитоор оролцохыг хүсэн найдаж байна" гэлээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |