|
|
||
3-р сарын 5-ны өдөр, Хятадын шинэ сонгуулийн АТИХ-ын анхны чуулган Бээжинд нээгдэж, улс орны хамгийн дээд эрхт байгууллага болсны хувьд, Бүх Хятадын АТИХ-ын чуулганаар улс орны шинэ удирдах байгууллагыг сонгон гаргах юм. Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао мөн өдөр чуулганд дэвшүүлэн хэлэлцүүлэх засгийн газрын ажлын тайландаа цохон тэмдэглэхдээ, өөрчлөлт шинэчлэл бол Хятадын хөгжлийн үндсэн хөдөлгүүр бөгөөд бид улс төрийн нэн их итгэл зориг болон оюун ухаанаар өөрчлөлт нээлтийг ахиулах хэрэгтэй гэв.
"Манай улсын өөрчлөлт шинэчлэл өнөө нэгэнт гол чухал үедээ ороод байна, бид үзэл санаагаа улам илүү чөлөөлж, эдийн засаг, улс төр, соёл, нийгэм зэрэг олон салбарын өөрчлөлтийг улам ахиулж, өөрчлөлтийг тасралтгүй гүнзгийрүүлэх хэрэгтэй" гэжээ.
Бээжин дэх ардын их хурлын ордонд Бүх Хятадын АТИХ-ын шинээр сонгогдсон 3000 шахам төлөөлөгчдөд хандан, ерөнхий сайд Вэнь Жябао 11 дэх сонгуулийн засгийн газрын нэрийн өмнөөс хамгийн сүүлийн ажлын тайлангаа хийсэн юм. Энэхүү тайланд өнгөрсөн 5 жилийн ажлаа ерөнхийд нь дүгнэсэн ба хойшдын эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар ерөнхий шаардлага, гол болох урьдчилсан зорилт болон макро эдийн засгийн бодлого, удахгүй шинээр бүрдэх засгийн газрын ажлын талаарх санал санаачилга зэргийг дэвшүүлсэн байна.
Чуулган дээр төлөөлөгчид засгийн газрын засаглал хэрэгжүүлэх зорилтын талаар хянуур хэлэлцлээ. 30 гаруй жилийн өөрчлөлт шинэчлэлийн дараа хөгжлийн ололт амжилтыг хэрхэн нийт иргэддээ хүртээх нь засгийн газрын ажлын гол тал болсон байна. Вэнь Жябао хэлэхдээ:
"Бид ажлаар хангахыг иргэдийн амьжиргаагаа баталгаажуулан сайжруулах тэргүүн чухал ажил болгож, 5 жилийн хугацаанд ажлаар хангахад тусгай зориулалтын 197 тэрбум 300 сая юанийн хөрөнгө оруулж, их дээд сургууль төгссөн 28 сая хүнийг ажлаар хангаж, хот суурины ажлаар хангагдахад хүндрэлтэй 8 сая 300 мянган хүнийг ажлаар хангасан юм. Үүний зэрэгцээ, хот хөдөөгийн оршин суугчдыг хамарсан өндөр насны асрамжийн даатгал бүх улсын хэмжээнд хэрэгжиж, иргэдийн эм эмчилгээний даатгалын систем үндсэндээ бүрдэж, энэхүү даатгалд хамруулсан хүний тоо 1 тэрбум 300 саяыг давлаа. Түүнчлэн бид хот суурины баталгааны чанартай орон сууцны тогтолцоог байгуулан, боловсронгуй болгож, хамрах цар хүрээг нь алхам алхмаар тэлж өргөтгөж байна" гэв.
Өнгөрсөн 5 жилд Хятад улс олон улсын банк санхүүгийн хямрал, Вэньчуаний онц их газар хөдлөлт зэрэг их олон өрсөлдөөн сорилтыг даван туулсан юм. Мөн энэ 5 жилд Хятад улс ҮҮБ-ний ерөнхий хэмжээгээрээ дэлхийд 2-р байранд орсон. Ноднин жил дэлхийн эдийн засаг хүч султай байсан хэдий ч Хятадын эдийн засаг унах хандлагыг хазаарлаж, энэ оны эдийн засгийн ажилд нааштай үндэс суурийг тавьж өгсөн юм.
Гэвч хөгжлийн явцад тэнцвэргүй, зохицолдоо муутай, тогтворгүй асуудлууд товойм гарсаар байгааг ерөнхий сайд Вэнь Жябао ажлаа тайлагнах үед хүлээн зөвшөөрч байлаа. 5 жилийн өмнө олон улсын банк санхүүгийн хямрал анх үүсэж байсан үетэй харьцуулахад, өнөөгийн Хятад улсад дан ганц эдийн засаг өсөлт унах эрсдэл тулгараад байгаа бус, харин их олон бүтцийн чанартай зөрчлийг шийдвэрлэж зохицуулах шаардлагатай болоод байна. Жишээлбэл, эдийн засгийн өсөлт удаашрах дарамт болон үйлдвэрлэлийн хүчин илүүдэж байгаа хоорондын зөрчил хурцдаж байна. Мөн эдийн засгийн хөгжил болон нөөц баялаг, байгаль орчин хоорондын зөрчил улам бүр ширүүсэж байна. Түүнчлэн өөрчлөлтөд нүүрлээд байгаа ашиг сонирхлын зөрчил ч товойж байгаа зэрэг болно……
Хөгжлийг дагаад асуудлууд тодорч, түүний өөрчлөлтөөр дамжин шийдвэрлэдэг. Төр засгийн удирдлага халаа солиогоо авч байгаа үеэр, "улс төрийн нэн их итгэл зориг болон оюун ухаанаар өөрчлөлт нээлтийг улам гүнзгийрүүлэх хэрэгтэй" гэсэн үг яриа нь засгийн газрын ажлын тайланд гарч, засаг хэрэгжүүлэгч ХКН-ын өнгөрсөн онд хуралдсан 18-р их хурлаар тогтоосон "өөрчлөлт хийж, шинийг санаачлах зориг санааг улс орноо удирдан засаг хэрэгжүүлэхийн бүхий л гараанд хэрэгжүүлэх хэрэгтэй" гэсэнтэй харилцан зохицон уялдсан байна.
Удахгүй эмхлэгдэн байгуулагдах шинэ засгийн газарт хандан, эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрийг өөрчлөхөө түргэсгэж, хот хөдөөгийн хөгжлийг нэгтгэхийг ахиулан, иргэдийн амьжиргааг баталгаажуулан сайжруулахыг ерөнхий сайд Вэнь Жябао санал болголоо. Харин өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай тэрээр онцлон тэмдэглэхдээ:
"Социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог улам боловсронгуй болгож, олон хэвшлийн эдийн засаг хууль дүрмийн дагуу үйлдвэрлэлийн хүчнийг голчоор ашиглаж, зах зээлийн өрсөлдөөнд голчоор оролцон, хууль дүрмийн хамгаалалтыг эрх тэгшээр хүртсэн хууль зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Бид орлогын хуваарилалтын тогтолцоог өөрчлөхөө гүнзгийрүүлэх тухай их олон санал, арга хэмжээг боловсруулсан. Шинэ ээлжийн засгийн газар бодитой бодлого, арга хэмжээг судлан хэрэгжүүлж, орлогын зөрөөг багасган, хөгжлийн ололт амжилтыг нэн олноор, нэн голчоор нийт ард түмэнд хүртээх хэрэгтэй. Түүнчлэн, ялзралыг эсэргүүцэн, авилгатай тэмцэхээ хэлбэрэлтгүй баримталж, ариун цэгц засгийн байгуулалтыг эрчимжүүлж, дүрэм тогтолцооны хувьд эрх тушаал дэндүү төвлөрч, хяналт хязгаарлалтгүй болохыг өөрчлөх хэрэгтэй. Мөн гадаадад нээлттэй байхыг улс орны үндсэн бодлого болгож, нэн идэвхтэй нээлттэй байх стратеги хэрэгжүүлэх хэрэгтэй" гэжээ.
Эдийн засгийн хүнд хэцүү байдалд хандан, Хятад улс энэ онд эдийн засгийн өсөлтөө 7.5% орчимд байлгаж, банк санхүүгийн нааштай бодлого болон валютын эрүүл бодлогыг үргэлжлэн хэрэгжүүлж, эдийн засгийн эрүүл тогтвортой хөгжлийг биелүүлэх хэрэгтэй. Иргэдийн амьжиргааны хүндрэлтэй асуудалд хандан, иргэдийн амьжиргааг баталгаажуулан сайжруулахыг засгийн газрын энэ оны ажлын гол тал болгож, санхүүгийн хувьд иргэдийн амьжиргааг өөрчлөн сайжруулахад оруулах зардлыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж ерөнхий сайд Вэнь Жябао санал дэвшүүлсэн байна.
\Д.Х\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |