• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадаас Монголд суугаа элчин сайд Ван Шяолүн Монголын оюутнуудтай уулзаж ярилцав

CRI       (GMT+08:00) 2013-05-15 16:51:22

      БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шяолүн 5-р сарын 15-ны өдөр Улаанбаатарт Монгол Улсын Отгонтэнгэр Их сургуульд очиж, тус сургуулийн хятад хэлний ангийн оюутнуудтай уулзан "Хятадын мөрөөдөл" болон Хятад, Монголын харилцаа зэрэг асуудлаар үг хэлсэн бөгөөд оюутнуудийн сонирхсон асуултад хариулав. "Отгонтэнгэр" их сургуулийг үүсгэн байгуулагч, Монголын УИХ-ын гишүүн Оюунхорол болон тус сургуулийн захирал, багш, оюутнууд нийт 100 гаруй хүн энэ уулзалтад оролцов. Элчин сайд Ван Шяолүний хэлсэн үг:

ХЯТАД МОНГОЛЫН ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛЖ,
ХАМТЫН МӨРӨӨДЛИЙГ БИЕЛҮҮЛНЭ

     Багш, оюутнууд аа

     Сайн байцгаана уу. Өнөөдөр энд хүрэлцэн ирээд та бүхэнтэй ярилцахад би маш баяртай байна. Би голдуу 3 талын асуудлаар яримаар байна. Нэгт, "Хятадын мөрөөдөл" гэдгийг яаж ойлгох вэ гэдгийг танилцуулъя. Хоёрт, Хятад Монголын харилцааны тухай танилцуулъя. Гуравт, Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечигийн Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнг танилцуулъя.

     Эдүгээ дэлхийн улс орнуудын харилцаа, харилцан түшиглэх байдал урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрлээ. Хүн төрөлхтөн орчин үеийн нийгэм рүү улам хурдацтай явж байгаа бөгөөд хөгжлийн хэд хэдэн төв бий болов. Олон улсын хүчний харьцаа дэлхийн энх тайван, хөгжлийн ашигтай чигт үргэлжлэн хөгжиж, энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтдаа хожих эрмэлзэл дэлхийн ард түмний сэтгэлд гүн орж байна. Дэлхийн улс орон бүр өөрсдийн мөрөөдөлтэй байдаг. Бидний амьдарч буй энэхүү эрин улс орнуудад өөрсдийн мөрөөдлийг биелүүлэх урьд өмнө байгаагүй түүхэн боломж олгож байна.

     Хятад улс өөрийн мөрөөдөлтэй. Ши Жиньпин даргын хэлсэнчлэн "Хятад үндэстний агуу их сэргэн мандалтыг биелүүлэх нь орчин үеийн Хятадын ард түмний хамгийн том мөрөөдөл" мөн. Үүнийг бид "Хятадын мөрөөдөл" гэж нэрлэдэг. Түүний үндсэн агуулга нь улсын баян хүчирхэг байдал, үндэстний сэргэн мандалт, ард түмний аз жаргалыг ханган биелүүлэхэд оршино. "Хятадын мөрөөдөл"-ийг биелүүлэхийн төлөө Хятад улс өөрийн онцлогтой социализмын замаар тууштай замнах, эх оронч үзлийг голлох үндэстний зориг санаа, өөрчлөлт шинэчлэлийг голлох эрин үеийн зориг санааг тууштай бадруулах, Хятадын бүх үндэстэн, ард түмний эв нэгдлийн хүчийг тууштай төвлөрүүлэх болно. Өнгөрсөн онд болсон Хятадын Коммунист Намын 18-р их хурлаар Хятадын хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлж, 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүн, хот хөдөөгийн оршин суугчдын нэг хүнд ногдох орлогыг 2010 оныхоос хоёр дахин нэмэгдүүлж, Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 100 жилийн ойтой золгох жил дунд зэргийн чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулна. Шинэ Хятад улсыг тунхагласны 100 жилийн ойгоос өмнө баян хүчирхэг, ардчилсан, соёл иргэншилтэй, эв зохист социалист, орчин үеийн орон байгуулах болно. Тууштай зүтгэснээр "Хятадын мөрөөдөл"-ийг биелүүлэх нь дамжиггүй гэдэгт бат итгэж байна.

     "Хятадын мөрөөдөл"-ийг биелүүлэх явцдаа Хятад улс цаг ямагт энх тайвнаар хөгжих замаар замнаж, нээлттэй хөгжил, хамтын ажиллагааны хөгжил, хамтдаа хожих хөгжилд зүтгэх болно. "Хятадын мөрөөдөл"-ийг биелүүлэх нь дэлхийд аюул занал учруулах бус, харин улам олон боломж олгоно. Хятадын ард түмэнд төдийгүй бусад улс түмэнд ач тусыг хүртээх болно гэдэгт итгэж байна.

     Монголд ажиллаж, Монгол Улсыг анхаардаг дипломатчын хувьд миний бие Монгол Улс ч өөрийн мөрөөдөлтэйг гүнээ мэдэрч ирлээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгэмд гүнзгий өөрчлөлт гарч, дэлхийн анхаарлыг татсан амжилтыг олж, олон улс дахь нөлөөлөл нь тасралтгүй өсч байгаад Хятад улс баяртай байна. Тус бүс нутгийн чухал улс орны хувьд, дэлхийн улс төр, эдийн засгийн шинэ байдалд Монгол Улс өөрийн баялгийн давуу байдалд түшиглэж, үсрэнгүй хөгжих чухал боломж тохиож байна. Эрин үеийн боломжийг ашиглаж, өөрийн давуу талаа хөгжлийн бодит хөшүүрэг болгох, ард иргэдээ аз жаргалтай сайхан амьдруулах нь Монгол Улсын тууштай хичээж буй зорилго төдийгүй Монголын ард түмний хүсэл эрмэлзэл мөн.

     Улс орны хувьд мөрөөдлөө биелүүлэхэд өөрийн хэргийг сайн хийх хэрэгтэй төдийгүй таатай, зохистой гадаад орчин байх хэрэгтэй. Энэ өнцгөөс харахад хөршийн харилцаанаас илүү чухал зүйл үгүй билээ. "Хятадын мөрөөдөл"-ийг биелүүлэхэд таатай гадаад орчин, ялангуяа хөрш зэргэлдээ таатай орчин хэрэгтэй бөгөөд Монгол Улсыг хамруулсан найрсаг хөрш орнуудын ойлголт, дэмжлэг хэрэгтэй. Монгол Улсын хувьд, Хятадын эдийн засгийн хөгжлийн боломжыг ашиглах нь Монгол Улсын мөрөөдлөө биелүүлэхэд түлхэц өгөх болно. "Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг" гэдэг монгол ардын цэцэн үг бий. Үнэхээр ийм байдаг юм аа. Одоогийн байдлаар зөвхөн гүн зузаан уламжлалт найрамдал, ашгийн нягт хэлхээ холбоос төдийгүй, хөгжлөө биелүүлэх, ард түмэнд ач тусыг өгөх гэсэн хамтын хүсэл мөрөөдөл нь Хятад Монгол хоёр улсыг холбож байна.

     Хятад, Монгол хоёр бол хөгжиж байгаа улс. Улсын байдал ялгаатай ч хөгжих эрмэлзэл, ард түмнийхээ амьжиргааг сайжруулах гэсэн зорилго адил. Хоёр улсын харилцаа нь "Хөрш айл, хамаатан садан бие биедээ сайн сайхныг хүсдэг" гэдэг зүйр үгийг харуулсан. Сайн хөршийн хувьд бие биеийн хүсэл эрмэлзлийг илүү сайн ойлгодог. Сайн найзын хувьд бидний хувь заяа улам нягт уялдаатай байдаг. Сайн түншийн хувьд бид харилцан ашигтай хамтын ажиллагааг илүү нандигнан үзэж, хамтдаа хожихыг биелүүлэхээр чармайж байна.

     Хятад Монгол хоёр улс бие биедээ чухал хөрш орон мөн. Дипломат харилцаа тогтоосны 60 гаруй жилийн хугацаанд найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаг ямагт хоёр улсын харилцааны гол урсгал болов. Сүүлийн жилүүдэд Хятад Монголын харилцаа амжилттай хөгжсөөр ирлээ. 2011 онд хоёр талын хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон нь хоёр улсын харилцааны хөгжлийн шинэ хуудас нээсэн бөгөөд Хятад Монголын харилцаанд урт хугацааны эрүүл саруул, тогтвортой хөгжилд бэх бат үндсийг тавьж, цаашид хөгжих чиг зүгийг тодорхойлсон билээ. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар эдүгээ Хятад Монголын харилцаа түүхэн дэх хамгийн сайн цаг үед байгаа.

     Өндөр түвшний харилцан айлчлал нь улсын харилцааг хөгжүүлэхэд чухал үүргийг гүйцэтгэж байна. Сүүлийн үед хоёр талын өндөр түвшний харилцан айлчлал давтагдж байгаа нь хоёр улсын нягт харилцааны тод илрэл юм. 2012 оны 8-р сард буюу Монгол Улсын шинэ Засгийн газар, УИХ байгуулагдсан үед Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингуо тэргүүтэй анхны өндөр түвшний гадаадын төлөөлөгчид Монгол Улсад амжилттай айлчилсан нь шинэ цаг үед Хятад Монголын стратегийн түншлэлийн харилцааг төлөвлөх болон харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх сайн эхлэлийг тавьсан. 2013 оны 1-р сар БХАТИХ-ын БХ-ын дарга У Бангуо Монгол Улсад амжилттай айлчилсан. Энэ нь 16 жилийн дараа БХАТИХ-ын БХ-ын дарга дахиад Монгол Улсад айлчлав. Энэ бол 2013 оны Хятад Монголын харилцааны анхны алхам бөгөөд Хятад Монголын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгий хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 2013 оны 4-р сард Монгол УИХ-ын дарга З.Энхболд Хятадад болсон Боаогийн чуулга уулзалтад оролцох үеэр манай улсын дарга Ши Жиньпин, БХАТИХ-ын БХ-ын дарга Жан Дэжян нартай хоёр талын харилцан сонирхсон асуудлаар гүнзгий санал солилцсон. Хоёр талын тохиролцсон чухал нэгдмэл санал нь Хятад Монголын харилцаанд чиглэл өгсөн. Саяхан Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечигийн Монгол Улсад хийсэн айлчлал их үр дүнтэй болов. Хоёр улсын өндөр түвшний харилцан айлчлалын хандлагыг хангав.

     Хятад Монголын улс төрийн харилцаа, харилцан итгэлцлийг бэхжүүлж байгааг даган, хоёр улсын худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлж байна. 2012 онд Хятад Монголын худалдааны эргэлтийн хэмжээ 6.6 тэрбум ам долларт хүрч, 1991 онд хоёр улсын бэлэн мөнгөөр худалдаа эхэлж байсан үеийнхээс 130 дахин нэмэгдүүлсэн бөгөөд 10 жилийн өмнөхөөс бараг 20 дахин нэмэгдүүлсэн. Арваад жилийн турш Хятад улс Монгол Улсын хамгийн том худалдааны түнш, хамгийн том хөрөнгө оруулагч орон болсон. Хятад Монголын худалдааны эргэлтийн хэмжээ нь Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлтийн 50 гаруй хувийг эзэлдэг. Хятад улсаас Монгол Улсад оруулсан хөрөнгийн нийт хэмжээ 2.2 тэрбум ам долларт хүрэв. 2012 онд хоёр улсын харилцан зорчсон хүмүүсийн тоо 1 сая 300 мянгаас давж, үүнд Хятадад зорчсон Монголын иргэдийн тоо сая гаруй болов. 8000 гаруй монголын оюутан Хятадад суралцаж байна. Эдгээр тоо баримт нь Хятад Монголын харилцааны хөгжлийн гүнзгий өргөн байдлыг харуулж байна.

     Одоо Хятад Монголын харилцааг хөгжүүлэхэд цаг үе тааламжтай, газар зүйн хувьд ашигтай, хүмүүний эе эвтэйн давуу тал бий. Хоёр орны улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжил шинэ түүхэн үед орж, үсрэнгүй хөгжих шатанд оршиж буй. Хоёр улс газар зүйн хувьд ойрхон, харилцахад хялбар, хөгжлийн бүтцийн дутууг бие биедээ нөхдөг, хамтын ажиллагааны суурь бат бэх байна. Хоёр улсын харилцааг хөгжүүлэх нь хүмүүсийн нийтлэг хүсэл болж, цаг үеийн гол хандлагатай хөл нийцэв. Эдгээр давуу талыг сайн ашиглаж, Хятад Монголын стратегийн түншлэлийн харилцааг тууштай хөгжүүлж, доорх гурван ажлыг сайн хийж чадвал бидний хамтын мөрөөдлийг улам сайн, хурдацтай биелүүлэхэд тус дөхөм үзүүлэх нь дамжиггүй.

     Нэгдүгээрт, стратегийн итгэлцлийг нэмэгдүүлнэ. Хятад Монголын хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон бөгөөд энэ харилцааны нэг чухал зүйл бол бие биеийн ашиг сонирхол, анхаарлыг өндрөөр харилцан хүндэтгэхэд оршино. Саяхан Монголын УИХ-ын дарга З.Энхболдыг Хятадад болсон Боаогийн чуулга уулзалтад оролцох үедээ Хятад улсын дарга Ши Жиньпин уулзаж ярихдаа Хятад улс Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэдгээ дахин нотлов. "Хятадын тал Монголын талтай хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ цаг ямагт харилцан ашигтай байх зарчмыг баримталж ирсэн. би хожих, чи хожигдох, би илүү аваад, чамд бага үлдээх хэргийг ерөөс хийхгүй. Хамтын ажиллагааны бодит төсөл дээр Монголын талын ашиг сонирхолыг илүү тусгах ч болно гэж хэлсэн. Энэ нь Ши Жиньпин Хятад улсын дарга болсноос хойш сайн эргэцүүлэн бодсоны дараа илэрхийлсэн байр суурь мөн бөгөөд Хятадын шинэ үеийн удирдлага Монголын талд хийсэн буурьтай амлалт юм. Энэ нь Хятадын талаас Монголын талын цөм болсон ашиг сонирхол болон хөгжлийг бүрэн дүүрэн хүндэтгэн дэмжиж байгааг харуулав. Хөршийн ёс бол бусдыг өөртэйгээ адилтган үзэх, чин сэтгэлээрээ хандахад оршино. Стратегийн түншлэлийн хувьд ийм ёс бий. Монголын тал мөн идэвхтэй, илэн далангүй сэтгэлээр Хятадын тал, Хятад Монголын харилцаанд хандаж, Хятадын талтай хамт стратегийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, хоёр улсын харилцааны хөгжлийн улс төрийн үндсийг улам бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.

     Хоёрдугаарт, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Монгол Улс баялаг ихтэй, их хөгжил, их бүтээн байгуулалтын чухал шатанд тулж ирлээ. Хятад улс зах зээл, мөнгө хөрөнгө, техник, технологи, хүний хүч зэрэг давуу талтай. Хятад Монгол хоёр улсын эдийн засаг маш их харилцан нөхвөрлөж байгаагаас шалтгаалж харилцан ашигтай байх нь хоёр талын хамтын ажиллагааны үндсэн шинж юм. Зөвхөн харилцан ашигтай байхыг баримталбал хамтын ажиллагаа бат бэх байх, гүнзгий хөгжүүлэх хөдөлгөгч хүчтэй байх боломжтой болно. Иймд Хятад Монголын хамтын ажиллагааны давуу тал үүнд оршиж байна. Хятад Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны олон төслүүд нь хоёр талын харилцан нөхөх давуу талыг хамгийн сайн тусгаж, харилцан ашигтай, хамтдаа хожихыг биелүүлэх хамгийн боломжтой салбар мөн. Хоёр талын тохиролцсон "уул уурхайн баялаг олборлох, дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүүгийн хамтын ажиллагааг уялдуулан цогцоор хөгжүүлэх" зарчмын дагуу Тавантолгой, Монголын төмөр зам, авто замтай холбох бүтээн байгуулалтын төсөл дээр хамтын ажиллагааг хөгжүүлж, хамтын ажиллагааны давуу талыг аль болох хурдтайгаар эдийн засгийн үр ашиг болгох нь хоёр талын цаашдын хамтын ажиллагааны эн тэргүүний зорилт мөн. Саяхан Хятадын тал өөрийн бэрхшээлийг даван гарч, Монгол Улсын хөгжилтэй холбоотой Оюунтолгой төсөлд цахилгаан нийлүүлсэн нь Хятадын тал Монголд уул уурхайн бүтээгдхүүнийг гүнзгий боловсруулах хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, Монгол Улсын үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэхэд туслахад бэлэн байгаагаа харуулав. Цаашид Монгол Улсад эдийн засаг, техникийн тусламжийг чадлын хэрээр үзүүлж, Монголын ард түмний амьдралыг сайжруулахад туслах болно. Харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлснээр хоёр улсын харилцааны хөгжилд байнга хөдөлгөгч хүчийг оруулах болно гэдэгт итгэж байна.

     Гуравдугаарт, иргэд хоорондын найрамдлыг гүнзгийрүүлнэ. Хятад Монгол хоёр улс зан заншлын хувьд ойролцоо, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллахад дөхөмтэй. Хоёр ард түмэн хооронд нягт харилцаатай, уламжлалт найрамдалтай байдаг. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд хүмүүсийн солилцооны тоо саяыг давж, Хятад улс Монголын иргэдийн хамгийн олноор зорчдог газар болов. Монголд зочилсон гадаадын иргэдээс хамгийн олон нь Хятад иргэд байна. Улаанбаатарт оршдог Хятадын соёлын төв, Күнзийн сургуулийн үйл ажиллагаа амжилттай явагдаж, Монголын найзуудад таалагдаж байна. Хятад улсад Монголын соёлын төв бий болгоход хүчтэй дэмжлэг үзүүлж, солилцооны үндэс суурийг сайн бүтээхэд бэлэн байна. Хятад Монголын залуучуудын солилцооны механизм бий болгож байна. 2012 онд хятадын 100 залуу Монгол Улсад амжилттай айлчлав. Энэ жил Хятадын тал Монголын 100 залууг Хятад улсад дахин айлчлахыг урьж байна. Монголын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид хэд хэдэн удаа Хятадын урилгаар манайд айлчлаж, хоёр улсын ард түмний бодит ойлголцлыг нэмэгдүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулсан. Эдгээр нь хоёр улсын харилцааны чухал үр дүн мөн. Хоёр тал идэвхтэй арга хэмжээ авч, энэхүү хандлагыг хангах ёстой. Үүнээс илүү чухал зүйл бол бид хүмүүсийн харилцааны үндсэн дээр хоёр талын иргэдийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны суурийг гүнзгий тавих ёстой. Ийм учраас хоёр ард түмний хооронд бүх талаар, гүн гүнзгий шат түвшний харилцан ойлголцол, харилцан хүлээн зөвшөөрөл, харилцан найрамдлыг бэхжүүлэхийн төлөө санаачилга гарган ажиллах ёстой. Цаашид иргэдийн найрамдлыг улам гүнзгийрүүлж, хоёр улсын харилцааны нийгмийн үндсийг бэхжүүлэх зорилгоор хоёр тал шилдэг чанартай соёлын бүтээлийг харилцан танилцуулах, соёл, урлагийн үйл ажиллагааг харилцан зохион байгуулах, залуучууд, хэвлэл мэдээллийнхний солилцоо, харилцан айлчлалыг явуулах шаардлагатай байна.

     Саяхан Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечи Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Хятадын шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа Засгийн газрын өндөр албан тушаалтан Монгол Улсад анх удаа айлчлал хийсэн нь шинэ нөхцөл байдалд Хятад Монгол хоёр талын улс төрийн чухал яриа хэлэлцээ юм. Айлчлалын үеэр Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечи, шадар сайд Д.Тэрбишдагватай хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуягт тус тус бараалхаж, Гадаад хэргийн сайд Л.Болдтой уулзав. Хоёр тал хоёр орны харилцааны хөгжлийн ерөнхий төлөвлөлт, бодит салбарын солилцоо, хамтын ажиллагааны талаар гүнзгий санал солилцож, Хятад Монголын стратегийн түншлэлийн харилцааны урт дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийг хамтран боловсруулахад нэгдмэл саналд хүрсэн. Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечигийн Монгол Улсад хийсэн айлчлал нь харилцан итгэлцлийг бэхжүүлж, найрамдлыг ахиулж, хамтын ажиллагаанд түлхэц үзүүлэхэд идэвхтэй үүргийг гүйцэтгэв. Цаашид Хятадын тал Монголын талтай нягт хамтран ажиллаж, хоёр улсын харилцааны эрүүл саруул, тогтвортой хөгжлийг хангахын төлөө айлчлалын үеэр хоёр талын удирдлагч тохиролцсон нэгдмэл саналыг хэрэгжүүлж, хоёр улсын харилцааны дээд түвшний зохиолыг сайн төлөвлөж, бүх салбарт ажил хэрэгч хамтын ажиллагааны тэргүүний чиглэл, зорилтыг тодорхойлон нарийвчлах болно.

     Багш нар бол хүн төрөлхтөний оюун санааны инженерүүд юм. Залуучууд бол улс болон үндэстний хүсэл, ирээдүй бөгөөд манай хоёр улсын харилцааны ирээдүй юм. Бид гар гараасаа барилцаж, найрамдлыг залгамжлаж, хамтын мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зүтгэн тэмцгээе.

     Анхаарал тавьсанд баярлалаа.

БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА
ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД
ВАН ШЯОЛҮН

2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр

\ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн мэдээлэв\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе