|
|
||
Хятадын ерөнхий сайд Ли Кэчян болон Монгол улсын ерөнхий сайд Норовын Алтанхуяг нар 25-нд Бээжинд "Хятад Монголын стратегийн түншлэлийн харилцааны дунд урт хугацааны хөгжлийн хөтөлбөр" -т хамтаар гарын үсэг зурсан байна. Энэхүү баримт бичигт хоёр орны эдийн засаг худалдаа, улс төр, батлан хамгаалах, аюулгүй байдал зэрэг салбарын хамтын ажиллагааны төвшнийг дээшлүүлэхээр заасан байна. Хэлэлцээнд оролцсон Хятадын ГХЯ-ны дэд сайд Лю Жэньминь хэлэхдээ, энэхүү хөтөлбөр нь хоёр орны ирээдүйн харилцааны хөгжилд чухал улс төрийн бичиг баримт болно гэжээ.
25-ны үдийн өмнө 10 цагт ерөнхий сайд Ли Кэчян Ардын их хурлын ордны зүүн хаалганы өргөн талбайд ёслол зохион явуулж, Хятадад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол улсын ерөнхий сайд Норовын Алтанхуягийг угтан авчээ. Энэ бол шинэ засгийн газар бүрдсэний дараа Бээжинд Монгол улсын засгийн газрын тэргүүнийг анх удаа угтан авч байна.
Хэлэлцээний үеэр, ерөнхий сайд Алтанхуягийн санал бодлыг Ли Кэчян баяртай хүлээн авч байгаагаа илэрхийлж байлаа.
"Ерөнхий сайд таны энэ удаагийн Хятадад хийж байгаа айлчлалын хугацаа шахуу, Чэндүд баруун бүсийн үзэсгэлэн яармагт оролцсоны дараа, Ляонин мужид айлчлан , өчигдөр Бээжинд ирсэн байна. Таны энэхүү айлчлал Хятад, Монгол хоёр орны харилцааны хөгжилд шинэ хүч сэлбэх болно. Түүнчлэн хоёр орны харилцааг чухалчилж байгааг Хятадын тал маш сайшааж байгаа бөгөөд хоёр талын болон хамтаар анхаарал хандуулж байгаа асуудлаар тантай санал бодлоо солилцоход би бэлэн байна" гэжээ. Мөн өдрийн хэлэлцээ 1 цаг гаруй үргэлжилж, хэлэлцээний дараа Хятадын гадаад харилцааны яамны дэд сайд Лю Жэньминь сэтгүүлчдэд хандан хэлэхдээ, Хятад, Монгол хоёр орны засгийн газрын тэргүүн нар хэлэлцээний явцад улс төр, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг олон салбарыг багтаасан олон нийтлэг ойлголтод хүрсэн гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Найрсаг хөршийн найрамдалт харилцааны зарчмын дагуу, Хятад, Монгол хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг шинэ төвшинд хөгжүүлэн, валютын солилцоо болон хоёр талын худалдааны явцад тухайн орны валютаар тооцоо хийх зэргийг багтаасан уул уурхай, мэдээлэл харилцаа холбоо, банк санхүүгийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талд хоёр орны ерөнхий сайд нар санал нэгджээ. 2014 онд Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиох болохоор 2014 оныг Хятад, Монголын найрсаг харилцааны жил болгохоор тогтсон байна. Түүнчлэн хоёр тал боловсролын салбарын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд ирэх 5 жилд Хятадын засгийн газраас Монгол улсын 1000 оюутанд засгийн газрын тэтгэлэг олгохоор шийдсэн байна" гэжээ.
25-ны өдрийн хэлэлцээний дараа, Хятад, Монгол хоёр орны холбогдох байгууллага нэгжүүд хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зуржээ. Үүнд эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Монгол улс технологийн үндэсний хүрээлэн байгуулах, банкуудын хамтын ажиллагаа, төмөр замын байгуулалт, нүүрснээс газ гаргаж авах төсөл болон боловсруулсан нефтиэр хангах зэрэг хамрагджээ. Хоёр орны ерөнхий сайд нар "Хятад, Монголын стратегийн түншийн харилцааны дунд, урт хугацааны хөгжлийн хөтөлбөр"-т гарын үсэг зуржээ. Гадаад харилцааны яамны дэд сайд Лю Жэньминь хэлэхдээ, энэхүү хөгжлийн мөрийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх нь Хятад, Монголын олон салбарын солилцоо болон хамтын ажиллагааг ахиулахад ашигтай юм гэв. "Хоёр орны ерөнхий сайд нар "Хятад, Монголын стратегийн түншийн харилцааны дунд, урт хугацааны хөгжлийн хөтөлбөр"-т гарын үсэг зурж, улс төр, эдийн засаг, аюулгүй байдал, худалдаа, цахилгаан холбоо, хүмүүнлэг зэрэг олон салбарын хамтын ажиллагааны бүрэн төлөвлөгөө боловсруулсан нь ирээдүйн хоёр орны харилцааны хөгжилд улс төрийн чухал иш баримт болно" гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |