• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Англи улс "Нэг фунт нэг орон сууц" хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

CRI       (GMT+08:00) 2013-11-06 16:22:35

      Бага дунд орлоготой иргэдийн орон сууцтай болох мөрөөдлийг биелүүлэх "Нэг фунт нэг орон сууц" хөтөлбөр Англи улсад хэрэгжиж эхэллээ. Хэдийгээр английн ард иргэд энэ хөтөлбөрт янз бүрийн байр сууринаас хандаж байгаа ч нэг фунт стерлинг буюу 2700 гаруй монгол төгрөгөөр орон сууц худалдаж авна гэдэг бол бага дунд орлоготой иргэдийн хувьд санаанд оромгүй боломжуудыг нээж байгаа юм.

     Английн "Өдрийн шуудан сонин"-ийн цахим хуудсанд тун саяхан нийтлэгдсэн үл хөдлөх хөрөнгийн судалгаааас үзэхэд, санал асуулгад оролцсон нийт гэр бүлийн 29% нь амьдарч байгаа орон сууцныхаа зай талбайд сэтгэл хангалуун биш, илүү том талбайтай байр худалдаж авах гэж хүсдэг ч орлого хүрдэггүй гэж хариулсан байна. Английн газрын бүртгэлийн албаны нэгэн тоо баримтад дурдсанаар, Лондон хотод орон сууцны дундаж үнэ 330 мянга гаруй фунт стерлинг бол иргэдийн дундаж орлого 25 мянган фунт ч хүрдэггүй юм байна. Орон сууцны үнэ оршин суугчдын орлогоос 11 дахин их байгаа нөхцөлд залуу гэр бүлүүд шинэ орон сууц худалдаж авна гэдэг тун боломжгүй юм.

    "Нэг фунт нэг орон сууц" хөтөлбөрөөс иргэдэд 20,30 жилийн өмнө баригдсан хуучин орон сууц, хотын дахин төлөвлөлтөд орсон эртний барилгыг санал болгож байгааг нийгэмд янз бүрээр хүлээн авч байгаа ч энэ нь өөрийн гэсэн орон гэртэй болохыг хүссэн ч бодит орлого нь байр авахад хүрэлцэхгүй хүмүүст мөрөөдлөө биелүүлэх сайхан боломж болж байна. Мөн түүнээс гадна "Нэг фунт нэг орон сууц" хөтөлбөрт хамрагдан хямд орон сууцтай болсон зарим иргэд орон байраа бусдад түрээслүүлэх арга замаар өрхийн орлогоо нэмэгдүүлж байгаа юм.

     Нэг фунт нэг орон сууц хөтөлбөр бол Английн засгийн газраас бага дунд орлоготой иргэдийн орон байрны асуудлыг шийдвэрлэх гэсэн олон жилийн бодлогын нэгэн илрэл юм. Ер нь Англи улс иргэдийг орон сууцтай болгохын тулд засгийн газрын татаасаар эдийн засгийн хэмнэлтэт нийтийн орон сууц барьж, түүнийгээ түрээслүүлэх замаар бага орлоготой иргэдийг дэмжиж, энэ чиглэлд маш олон хууль дүрэм батлан гаргаж байсан юм.

     Дээрхээс гадна Английн засгийн газар нийтийн орон сууцны нийлүүлэлт болон хэрэглэгчийг зохицуулахын тулд орон сууцны нөхөн олговор хувиарлах бодлогыг хэрэгжүүлдэг юм. Үүнд орон сууц шинээр барих, орон сууц худалдан авах, орон сууцны түрээсийн гэсэн гурван төрлийн нөхөн олговор багтдаг юм байна. Энэ нь бас "Нэг фунт нэг орон сууц" хөтөлбөрт тусгагдсан гол зүйл юм. Нөхөн олговрын энэ бодлого хэрэгжиснээр орон сууцны зах зээлийн үнийг тодорхой хэмжээнд хязгаарлаж, мөн олон мянган иргэний орон байрны асуудлыг шийдвэрлэж, цаашлаад хөдөлмөрийн зах зээл дээрх ажиллах хүчний шилжилтийн асуудалд ч эерэг нөлөө үзүүлж байгаа юм.

     Энд нэгэн зүйлийг онцлоход, Англи улсын орон байр, нийгмийн хамгааллын систем нь их боловсронгуй, бага орлоготой иргэдийн орон байрны асуудлыг шийдвэрлэх бодлогыг хэрэгжүүлээд 100 гаруй жил болж байгаа юм. Бүр хямд үнэтэй байр түрээслүүлэх асуудал эрхэлсэн тусгай алба ч хүртэл ажилладаг. Мөн орон сууц барилгын компанийг шинээр орон сууц барихдаа бага дунд орлоготой иргэдэд тодорхой тооны орон байрыг хямд үнээр түрээслүүлэх асуудлыг заавал хариуцах тухай хуульчлан тогтоосон байдаг. Одоогийн байдлаар Англи улсад нийт хүн амын 20% нь түрээсийн байранд оршин суудаг юм байна. Эдгээр иргэдийн хувьд "Нэг фунт нэг орон сууц" хөтөлбөр өөрийн гэсэн орон сууцтай болох хүслээ биелүүлэх илүү бодит боломж олгож байна.

     Дэлхийн улс орнууд иргэдийнхээ орон сууцны асуудлыг шийдвэрлэхдээ харилцан адилгүй олон төрлийн бодлого хэрэгжүүлдэг. Гэвч аль ч улсын хувьд хүн амынхаа амьжиргааны түвшинг дээшлүүлж, орон сууцны эрэлт нийлүүлэлтийг зохистой түвшинд шийдвэрлэх нь нийгмийн хамгааллын суурь асуудал байдаг. "Нэг фунт нэг орон сууц" хөтөлбөр хэдийгээр нийгэмд олон янзын эргэлзээ, хардлага төрүүлж байгаа ч бусад улс оронтой харьцуулбал Англи улс нь иргэдийн орон сууцны асуудлыг шийдвэрлэх тал дээрээ олон жилийн арга туршлагатай улс учраас хөтөлбөрийг сайн үр дүнд хүргэнэ гэж найдаж байна. / Э.Эрдэнэсувд /

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе