|
|
||
Өмнөд Солонгосын их дээд сургуулийн элсэлтийн шалгалт саяхан явагдаж дууссан байна. Элсэлтийн шалгалтын дараа чухам юуг хамгийн түрүүнд хүсч байна вэ гэж шалгалтанд оролцогчдын дунд санал асуулга явуулахад дийлэнх нь олонх нь "Гоо сайхны мэс засалд орж, биеийн жингээ хасах" гэж хариулсан тухай Солонгосын "Төвийн өдрийн сонин","Азийн эдийн засаг" сонингууд мэдээллээ.
Элсэлтийн шалгалтын дараа гоо сайхны мэс засалд орж, гадаад төрхөө өөрчлүүлэх нь солонгост маш их халуурал үүсгээд байгаа ажээ. Зах зээлийн эрэлтээ дагаад солонгост гоо сайхны мэс ажилбар хийдэг гоо сайхны газар, эмнэлгүүд ч гэсэн энэ үеэр олны хөл хөдөлгөөнтэй газруудад янз бүрийн хөнгөлөлт, урамшууллын тухай зурагт хуудас нааж, үйл ажиллагаагаа сайтар сурталчилдаг болсон байна. Энэ үеэр ихэнх гоо сайхны мэс ажилбарууд 30-50% хөнгөлөлт зарлаж, мөн олон төрлийн мэс ажилбаруудыг иж бүрдлээр нь санал болгодог. Тухайлбал, нүдний давхраа болон хамар өндөрсгөх мэс заслын иж бүрдэл, эсвэл нүүрний мэс заслын иж бүрдэл гэх мэт. Хамгийн сүүлд гарсан нэгэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нь "Элсэлтийн шалгалтад оролцогчид ээжтэйгээ хамт гоё сайхан болох" мэс заслын иж бүрдэл ажээ.
Сүүлийн хэдэн жил ахлах сургууль төгсөгчдийн дунд нэлээд газар аваад байгаа гоо сайхны мэс заслын халуурлыг хэн ч зогсоож дийлэхгүй. Сургуулийн төгсөлтийн баяр, найз нөхдийн уулзалт цуглаан дээр ч нэг нэгийгээ танихгүй байх тохиолдол элбэг болжээ.
Сөүлийн нэгэн гоо сайхны эмнэлэгийн ажилтан сэтгүүлчид ярихдаа, "Элсэлтийн шалгалтын дараа утасны дуудлага хэдэн мянгаараа орж ирдэг. Төлбөр мөнгөнөөс гадна мэс ажилбарын дараа хэдий хугацаанд эргэж хэвийн байдалтай болох вэ гэх мэтчилэн асуултыг зарим эцэг эхчүүд ч хүртэл утсаар асуудаг. Тэдний хувьд элсэлтийн шалгалтын дараачаас их сургуульд орох хүртэлх амралтын хугацаагаа ашиглах боломж илүү их" гэжээ.
Өөр нэгэн гоо сайхны эмнэлэгийн ажилтан хэлэхдээ, "Элсэлтийн шалгалт дууссаны дараа мэс ажилбарын захиалга нэлээд ихсэх хандлагатай болдог. Энэ жилийн захиалгын хувьд өнгөрсөн жилийнхээс 10% өссөн. Зарим төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ захиалга нь ханачихсан тул захиалга авахаа зогсоосон" гэж мэдээллээ.
"Гоо сайхны мэс заслын дараа охид улам үзэсгэлэнтэй хөөрхөн болдог ч гэсэн ямар нэг охидын хамтлаг эсвэл дуучинтай ялгахын аргагүй адилхан болчихдог болохоор өөрийн гэсэн онцлог төрх нь дутагддаг" гэж Солонгосын "Төвийн өдрийн сонин"-ийн нийтлэлд дурджээ.
Ахлах сургууль төгсөгчид олноороо гоо сайхны мэс засалд орох болсон нь нийгмийн санааг зовоосон хүнд асуудал болоод байна. Мөн мэс заслын дараах хүндрэлүүдээс болж гоо сайхнаараа хохирох асуудал ч жилээс жилд нэмэгдэх болсон тухай солонгосын "Азийн эдийн засаг" сонинд тэмдэглэсэн байна. Солонгосын хэрэглэгчийн үйлчилгээний төвийн мэдээгээр, 2010 оны байдлаар гоо сайхны мэс ажилбарын дараах 71 гомдол санал гарч, шүүхээр шийдвэрлүүлсэн бол энэ тоо 2011 онд 87, 2012 онд бүр 130-д хүрсэн юм. Санал гомдол дундаас нүдний давхраа хийлгэх мэс ажилбарын явцад эмчийн гаргасан алдаатай үйл ажиллагаатай холбоотой санал гомдол их ирдэг аж.
"Өсвөр насны охид гоо сайхны талаар бүрэн ойлголтгүй байдаг. Энэ үе дээрээ хөнгөн гоомой шийдвэр гаргаж, гоо сайхны мэс засал хийлгэснээс болоод хожим хойноо харамсах нь ч бий. Ахлах сургууль төгсөгчдийн дунд гоо сайхны мэс засалд орох хүчтэй хандлага бий болсон нь гоё сайхан царай зүсийг чухалчилдаг болсон өнөөгийн нийгмийн бурангуй үзэл солонгосын өсвөр насныхны дунд ч газар аваад байгааг харуулж байна" хэмээн сэтгэлзүйч ярьж байна. / Орчуулсан: Э.Эрдэнэсувд /
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |