• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ресторанд үйлчлүүлэхдээ гар утсаа хадгалуулсан тохиолдолд 50%-ийн үнийн хөнгөлөлт эдэлнэ

CRI       (GMT+08:00) 2013-11-27 16:51:58

      Ухаалаг гар утас, интернет, хөдөлгөөнт холбоо хурдацтай түгэн дэлгэрэх болсноос дэлхий нийтээрээ дэлгэц ширтэх, кибер ертөнцтэй харилцах дадал зуршилтай болсныг хэн хүнгүй мэдэж байгаа. Автобус, метро, гудамж дэлгүүр...хаа сайгүй. Тэр ч бүү хэл хоолны газар хайртай хүмүүстэйгээ цуг байхдаа хүртэл өнөө дэлгэцээ ширтсээр л суудаг.

      Ухаалаг гар утас, компьютерийн дэлгэц хүний амьдралд орж ирснээр хүмүүсийн хоорондох амьд харилцаа өдрөөс өдөрт алдагдах болсныг Израйлын нэгэн хоолны газар маш овжин ашиглаж, бизнесийн ашиг орлогоо ч нэмэгдүүлж чаджээ. Тэд үйлчлүүлэгчиддээ хоол идэхээсээ өмнө гар утсаа хураалган түр хадгалуулж, үүнийхээ төлөө 50 %-ийн үнийн хөнгөлөлт эдлэхийг санал болгодог юм. Энэ сонирхолтой үйлчилгээнийхээ талаар хоолны газрын эзэн тайлбарлахдаа "Найз нөхөд, гэр бүлээрээ хоол идэхээр ирсэн хүмүүс дунд гар утсаараа ярих, мэссэж бичих, интернет орох зуршилтай хүмүүс өмнө нь олон байдаг байлаа. Энд тэндгүй гар утасны хонх, дуу чимээ дуугарах нь үйлчлүүлэгчдийн хувьд хоолны дуршил буурах, анхаарал төвлөрөхгүй байх зэрэг түвэг учруулдаг бол хоолноос өмнө гар утсаа хадгалуулах үйлчилгээ нэвтрүүлж эхэлнээр энэ байдал бүрэн өөрчлөгдсөн " гэлээ.

       Үйлчлүүлэгчдэд хооллохоосоо өмнө гар утсаа хадгалуулж, 50%-ийн үнийн хөнгөлөлт эдлэх боломжийг олгосон нь үйлчлүүлэгчдэд сэтгэл ханамж өгөөд зогсохгүй тус хоолны газарт ч бизнесээ хөгжүүлэх цоо шинэ нөхцлийг бий болгожээ. Тансаг сайхан орчинд, амт чанартай хоолыг 50% хямд үнээр иднэ гэдэг бол үйлчлүүлэгчийн хувьд олдошгүй боломж. Тиймээс ч энэ хоолны газрыг зорих хүмүүсийн тоо асар их нэмэгдсээр байна. Заримдаа хоосон ширээ олдохгүй, үйлчлүүлэгчид урт очер дараалалд хүлээх хэрэг гардаг байна. Энэ нь хоолны газрын хувьд байнгын ашиг орлогоо тогтвортой нэмэгдүүлэх бололцоо олгож байгаа юм.

      "Хоолны газар бол үйлчилгээний газар. Үйлчлүүлэгч гар утсаараа тоглоно уу, ярина уу, мэссэж бичнэ үү хамаагүй, дууг нь хаах эсвэл гар утсаа түр салгахад л болно шүү дээ. Хоолны газар гар утас хэрэглэхийг хязгаарлана гэдэг нь хүний хувийн эрх чөлөөнд халдсан бүдүүлэг үйлдэл" гэж зарим хоолны газрын эзэд дургүйцлээ илэрхийлж байгаа юм. Гэвч бодит ашиг орлогоо дээрх маягаар нэмэгдүүлэхийг хүссэн хоолны газрууд ч улам олширч байна. /Орчуулсан: Э.Эрдэнэсувд/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе