|
|
||
Саран дээр тандалт хийх "Чан Э-3" аппаратыг 2013 оны 12-р сарын 2-ний 01 цаг 30 минутад амжилттай хөөргөлөө. "Чан Э-3" -нь саран дээр газардах төхөөрөмж, сарнаа хайгуул хийх аппарат гэсэн хоёр хэсгээс бүтжээ. Хэрэв бүх ажил урагштай байвал "Хас туулай" хэмээх аппарат 12-р сарын дунд үеэр саранд бууж, сарны гадаргууд ажиллаж эхлэх аж.
"Чан Э-3" төхөөрөмж, "Хас туулай" аппаратын нэр нь Хятадын соёлын онцлогийг тусгажээ. Чан Э, Хас туулай нь Хятадын эртний домогт гардаг үлгэрийн дүрүүд юм. Эдгээр домог үлгэрүүд энэ удаагийн сарыг чиглэсэн нислэгийн төсөлд ихээхэн романтик өнгө нэмж байна.
Домог үлгэрт Чан Э гэх гоо үзэсгэлэнт охин ямагт ард олонд тустай зүйлийг хийж бүтээхээр чармайдаг. Нэгэн өдөр Чан Э ард олныг аврахын тулд өөрийгөө золиосолж, эзгүй хүйтэн сар руу нисэн одож, хайрт амрагаасаа үүрд мөнхөд салжээ. Туулайн сахиус Чан Э-гийн энэ гунигт учралыг өрөвдөн уярч, бага охиноо Чан Э-д өгч бараа болгожээ. Тэр бол даруй бидний хэлээд байгаа Хас туулай билээ. Хас туулай бүжин Чан Э-д баяр жаргал авчирч, хүйтэн гөлгөр саран тийм ч хүйтэн санагдахгүй болсон гэнэ.
Саранд хайгуул хийх аппаратыг "Хас туулай" хэмээн нэрлэсэн нь ийм учиртай. Туулай өөрөө энэрэнгүй, ариун гэгээн, амьжиргааны хүч чадлын бэлгэдэл болж байдаг. "Хас туулай" маань 6 хүрдтэй, 140 кг жинтэй, нарны энерги ашигладаг бөгөөд -180-аас +150 хэмийн орчинд ажиллаж чаддаг. "Хас туулай" сарны гадаргууд гурван хэмжээст зураг авалт хийх, инфра улаан туяаны шинжилгээ хийж чадах бөгөөд сарны хөрсний зузаан болон бүтцэд судалгаа хийж, гадаргуугийн бодисын чухал элементийг тодруулах чадвартай.
"Хас туулай" бол Хятад улсын бүтээсэн сарнаа хайгуул хийгч анхны төхөөрөмж юм. Мөн Хятадын сансар судлалын түүхэнд нэгэн шинэ бэлэг тэмдэг болох юм.\Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |