• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хятад орон дипломатчдын нүдээр" Наньжин хот дах аялал амжилттай болов

CRI       (GMT+08:00) 2013-12-24 16:23:26

      Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэл мэдээллийн албанаас "Хятад орон гадаадын дипломатчдын нүдээр" нэртэй гурав хоногийн аяллыг Наньжин хотод тун саяхан амжилттай зохион байгууллаа. Наньжин хот нь хятадын эртний дөрвөн нийслэл хотын нэг бөгөөд өдгөө мэдээллийн технологи, програм хангамжийн үйлдвэрлэлээрээ Хятад улсад гуравдугаарт ордог орчин үеийн шинэ хот тул энэ удаагийн арга хэмжээг Наньжин хотод зохион байгуулсан тухай Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны төлөөлөгч мэдээлсэн юм.

      Монгол, Турк, Саудын Араб, Япон, Беларус, Бирм, Унгар, Кени, Лаос, Пакистан, Филиппин, Непал, Тайланд, Тажикстан, Сингапур, Судан, Лебанон, Танзани болон НҮБ зэрэг улс орон, олон улсын байгууллагын 26 дипломат албан хаагчид энэхүү арга хэмжээнд урилгаар оролцсон юм. Хятадын Олон улсын радио уг арга хэмжээний олон улсын мэдээллийн спонсор байгууллагаар сонгогдсон бөгөөд гадаадын 10 орны сэтгүүлчийг томилон ажиллуулсан билээ.

      Аяллын эхний өдөр гадаадын төлөөлөгчид Наньжин хотын SOFTWARE VALLEY буюу Програм хангамжийн хотхонтой танилцаж, тус хотхонд үйл ажиллагаа явуулж буй CG-анимэйшн, сүлжээний тоглоомын нэр хүндтэй компани болох АДИА энтертайнмент компанид зочиллоо. Наньжингийн Програм хангамжийн хотхон нь үйлдвэрлэлийн хүчин чадлаараа бүх Хятадад гуравдугаарт ордог үйлдвэрлэл судалгааны том бааз юм. Хотхоны бүтээн байгуулалтыг 70км2 талбайд хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар хятадад болон дэлхийд нэр хүндтэй 480 мэдээллийн технологи, програм хангамжийн компани энд үйл ажиллагаа явуулж, энэ салбарт 110000 техникийн ажилтан, програмист, компьютерийн инженер ажиллаж байна.

      Наньжин хотын эдийн засгийн чөлөөт бүс, NARI Хятадын Цахилгаан сүлжээ компани, Наньжин хотын Метро компани зэрэгтэй танилцах нь гадаадын дипломатуудын аяллын хоёрдах өдрийн гол арга хэмжээ байв. NARI нь цахилгаан системийн реле хамгаалалтын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Хятадын үндэсний хамгийн том компани бөгөөд бүтээгдэхүүнээ дэлхийн 68 оронд нийлүүлдэг. Энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дэлхийн таван том компаний нэг болох NARI-ийн бүтээгдэхүүнийг 2008 оны Бээжингийн Олимп, 2010 Шанхайн ЭКСПО зэрэг томоохон байгууламжуудын эрчим хүчний шийдэлд ашигласан нь гадаадын төлөөлөгчдийн анхаарлыг зүй ёсоор татаж байлаа.

      2600 гаруй жилийн түүхтэй Наньжин хот бол Хятадын эртний дөрвөн их нийслэлийн нэг юм. Энэ хот Хятадын түүхэн дэх 6 төрт улсын нийслэл байсан тул Шар мөрний сав газрын яндашгүй их түүх соёлын өлгий гэдэг нь маргаангүй. Тиймээс "Хятад орон гадаадын дипломатчдын нүдээр" Наньжин хот дах аяллын маршрутад Наньжин хотын 1000 наст Фүзи сүм, Минь гүрний анхдугаар хааны бунхан, Сүнь Ятсэний бунхан, Лодунмэнь эртний худалдааны гудамж, Чиньхуай голын завьтай аялал зэргийг багтаасан байв.

      Энэ удаагийн айлчлалын үр дүн, ач холбогдлын талаар Лебанон улсаас Хятад улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Аббуд Фарид манай сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, "Наньжин хот дахь энэ удаагийн аяллаар бидэнд эртний соёл иргэншил хийгээд орчин үеийн хотжилтын хөгжлийг аль алиныг харуулсан нь ихээхэн ач холбогдолтой санагдлаа. Бид Хятадын эртний түүхийн гайхамшигтай цаг хугацаагаар аялаад зогсохгүй, орчин үеийн инновацид тулгуурласан үйлдвэрлэл, мэдээллийн технологийн хөгжлөөр замнаж буй шинэ Хятад орныг нүдээр үзлээ. Аль ч улс орны хувьд нийгэм соёлын ийм том үсрэлт хийх нь маш хэцүү боловч Хятад орон хийж чадаж байна" хэмээсэн юм. \Э.Эрдэнэсувд мэдээлэв\

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе