• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Нидерланд хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтооно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-03-24 17:11:11

    23-нд Ши Жиньпин дарга Нидерландын ерөнхий сайд Марк Рюттетэй хэлэлцээ хийж, хоёр тал хамтарсан мэдэгдэл гаргав. Мэдэгдэлд, Хятад Нидерландын нээлттэй, тал бүрийн хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоохоор санал нэгтэй зөвшөөрчээ. Үүний дараа Ши Жиньпин дарга Нидерландын хаан Виллем Александртай хамт Хятад Нидерландын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцон үг хэлж, хоёр орны хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурахад хамт байлцлаа.

    2013 оны 11-р сард, ерөнхий сайд Марк Рютте Хятадад айлчилж, дарга Ши Жиньпинтэй хэлэлцээ хийн, олон нийтлэг ойлголтод хүрсэн юм. Үүнээс хойш хэдэн сарын дараа хоёр орны удирдагч дахин уулзаж хоёр талт харилцааг хөгжүүлэх явдлыг аль аль нь чухалчилж буйгаа илэрхийллээ. Мөн өдрийн хэлэлцээний бодит үр дүнд хүрсний хувьд, Хятад Нидерланд хоёр тал хамтарсан мэдэгдэл гаргаж, хоёр орон нээлттэй, бодитой, тал бүрийн хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоохыг санал нэгтэй зөвшөөрчээ. Ши Жиньпин хоёр орны харилцааг хөгжүүлэх асуудлаар таван талт санал дэвшүүллээ. Үүнд хоёр талын дээд давхаргын харилцааг хэвээр хадгалж, харилцан итгэлцлээ гүнзгийрүүлнэ. Хөдөө аж ахуй хийгээд усан ашиглалтын хамтын ажиллагааг машид чухалчилна. Бараа бүтээгдэхүүн, боловсон хүчин, техникийн чөлөөт солилцоог ахиулна. Хятадын аж үйлдвэржилтийн шинэ хэлбэр, хотжилт, мэдээлэлжүүлэлт, хөдөө аж ахуйн орчин үеийн хөгжил цэцэглэлтэнд Нидерландын тал оролцохыг сайшаана. Харилцан нээлттэй байж, чөлөөт худалдаа эрхлэхийг баримталж, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалахын эсрэг хамтран ажиллах зэрэг болно.

    Ерөнхий сайд Марк Рютте, Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал хоёр орны харилцааг шинэ төвшинд гаргалаа. Энэ нь хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлэх болно. Хоёр талын худалдаа, харилцан хөрөнгө оруулалт, шинжлэх ухааны судалгаа, хүнсний аюулгүй байдал, нийгмийн баталгаа, хүрээлэн буй орчны хамгаалалт, үйлчилгээ зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөтгөхийг Нидерландын тал хүсэж байна гэжээ.

    Хятад Нидерландын ажил хэрэгч нээлттэй хамтын ажиллагааны тал бүрийн түншлэлийн харилцааг тогтоохоор шийдсэн нь хоёр орны удирдагчдын улс төрийн зүтгэлийг харуулсан бол дараа нь болсон Хятад Нидерландын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт энэхүү зүтгэлийн бодит илрэл болов. Мөн өдрийн чуулга уулзалтанд, Хятад Нидерландын аж ахуйн нэгжийн хэдэн зуун төлөөлөгч оролцсон байна.

    Хятад улсын дарга Ши Жиньпин чуулга уулзалтын нээлтийн ёслол дээр, " Нидерланд нь Европын худалдаа хөрөнгө оруулалтын гол төв болсоор ирсэн тул Хятад Нидерландын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд нөөц хүчин их байна. Хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь Хятад Нидерландын хөгжилд ашигтай төдийгүй дэлхийн эдийн засгийн сэргэлтэнд нэмэртэй юм. Хятад Нидерланд хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санаачилга гаргахад би бэлэн байна" гэв.

    Хурлын үеэр дарга Ши Жиньпин олон талыг хамарсан бодит санаачилга гаргасан байна. Тухайлбал, хоёр орны ирээдүйн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чиг шугамыг тодорхойлж, худалдааг хялбарчлахад тус дөхөм үзүүлж, өндөр технологийн худалдаа, банк санхүү, жуулчлал, ачаа тээвэр, соёл зэрэг үйлчилгээний худалдааг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, эрчим хүчийг хэмнэж байгаль орчныг хамгаалах, хот төлөвлөлтийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг багтаж байна.

    Тэрээр, Хятадын аж ахуйн нэгжүүд Нидерландад хөрөнгө оруулахыг Хятадын засгийн газар дэмжинэ. Мөн Нидерландын аж ахуйн нэгжүүд Хятадад хөрөнгө оруулж, судалгааны төв, орон нутгийн төв байр байгуулахыг урьж байна. Дотоодын үйлдвэрлэлийг хамгаалахын эсрэг Нидерландын талтай хамтран ажиллаж, үүсч болзошгүй худалдааны санал зөрөлдөөнийг нухацтай зохицуулан, Хятад Европын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны тогтвортой хөгжлийг баталгаажуулахад Хятадын тал бэлэн байна гэв.

    Нидерланд 11 жил дарааллан Европын холбооны орнуудаас Хятадын хоёрдох худалдааны түнш байж, өнгөрсөн жил хоёр талын худалдааны хэмжээ 70 тэрбум ам долларт хүрч шинэ амжилт тогтоожээ.

    Мөн өдөр хоёр тал эрчим хүч, хөдөө аж ахуй, эдийн засаг худалдаа, соёл зэрэг салбарыг хамарсан хамтын ажиллагааны 8 баримт бичигт гарын үсэг зурсан нь хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааны бодит биелэл болсон байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе