|
|
||
Ресторанд тасралтгүй 74 дэх жилдээ ажиллаж буй Англи гаралтай, 99 настай Долли Савилле дэлхийн хамгийн өндөр настай зөөгч боллоо. Тэрээр удахгүй 100 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэх хэдий ч тэтгэвэрт гарах төлөвлөгөөгүй байгаа гэнэ.
Хатагтай Савилле 1940 онд 26 настай ахуйдаа Америкийн Юта мужийн Вендовер хотын Улаан арслан зочид буудалд зөөгчөөр ажиллаж, өдгөөг хүртэл 74 жилийг үджээ. 6 жилийн өмнө 94 настай байхдаа тэрээр долоо хоногийн 6 өдөр, өдөрт 6 цагаар ажиллаж байсан бол одоо мөн л долоо хоногийн 6 өдөр, өдрийн 3 цагаар ажиллаж, ширээ цэвэрлэх, хундага арчих, зочдод үйлчлэх зэрэг ажлыг хийдэг байна. Тэрээр ажиллах бүх хугацаандаа 250 мянган удаа дарс хундагалж, ердөө хоёр долоо хоногийн л чөлөө авч байсан аж.
Савилле дэлхийн нэр алдартай олон хүнд үйлчилж байжээ. Тухайлбал, Жеймс Бонд 007 Пиерс Брендан Броснан, Английн ерөнхий сайд агсан Эдвард Хит, Английн хөл бөмбөгчин Стенли Маттюс, алдарт дуучин Вера Линн, Холливудын нэрт од Элизабет Тейлор зэргийг нэрлэж болох юм.
Савилле хоёр хүүхэдтэй, хүүхдүүд нь цөм тэтгэвэрт гарцгаасан бол харин тэр өөрийн ажилдаа хайртай төдийгүй гэртээ гар хумхин зүгээр суухыг хүсдэггүй байна. "Гэрийнхэн минь намайг ажиллуулахгүй гэдэг боловч би ажилдаа маш их хайртай тул тэтгэвэрт ч гарах төлөвлөгөө алга. Рестораны эзэн маань их нөхөрсөг хүн байдаг. Хэрэв тэр намайг нэмэлт цагаар ажиллах хэрэгтэй гэвэл би зөвшөөрөхөд ч бэлэн"гэж тэрээр сурвалжлагчид хэлжээ.
Савилле Английн Итон хотод мэндэлж, 3 настай байхдаа эцэг эхийн хамт Америкийн Вендоверт нүүж очжээ. 14 насандаа сургуулиас завсардаж, ажил хийх болсон байна. Нөхөр нь Дэлхийн хоёрдугаар дайнд оролцох болсноос Савилле гэр бүлээ тэжээхийн эрхэнд энэ ресторанд ажиллах болсон түүхтэй аж. "Савилле бол гайхамшигтай хүн, тэр маш залуу эрч хүчтэй сэтгэлтэй, бид бүгд түүнд хайртай" гэж рестораны менежер бахархан ярьжээ. /Бэлтгэсэн: Э.Эрдэнэсувд/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |