• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын хүн тутмын хэвлэмэл ном уншилтын хэмжээ 4.77 байна

CRI       (GMT+08:00) 2014-04-24 15:54:34

      4 сарын 23 бол дэлхийн ном унших өдөр юм. Хятадын Ном хэвлэлийн судалгааны хүрээлэн 21-нд тайлан нийтэлж, 2013 онд Хятадын насанд хүрсэн хүн амын хэвлэмэл ном уншилтын дундаж хэмжээ 57.8% байсныг мэдээллээ. Энэ нь 2012 оныхоос 2.9 нэгж өссөн үзүүлэлт юм.

      Ном уншилтын хэмжээ 7 жил дараалан нэмэгджээ

     Хятадын Ном хэвлэлийн судалгааны хүрээлэнгээс 2013 оны 9-11 сарын хооронд үндэсний хэмжээнд явуулсан 11 дэх удаагийн судалгаанд 18-70 насны 40.6 мянган хүн оролцжээ. Судалгааны дүнгээс үзэхэд, 2013 онд Хятадын насанд хүрэгсдийн цаасан ном хэвлэл уншсан хэмжээ өнгөрсөн оныхоос 2.9 нэгж нэмэгдэж, 57.8% байсан байна. Хятадын насанд хүрсэн хүн амын хувьд ном уншилтын хэмжээ 2005 онд анх удаа 50% хүрэхгүй болтлоо буурч байсан бол 2007 оноос өсөж, 2009 онд дахин 50%-ийг давсан юм. Хятадын цаасан ном хэвлэл уншилтын хэмжээ 2007 оноос хойш 7 жил дараалан өссөлттэй байна.

      Сурагчдын ном уншилт хамгийн өндөр үзүүлэлттэй байна

     Нийгмийн давхарга, нас хүйс, мэргэжил боловсролын байдлаар авч үзвэл хүмүүсийн ном уншилтын хэмжээ харилцан адилгүй байна. Залуучууд болон дээд боловсролтой хүмүүсийн уншилт хүн амын бусад бүлгээс илүү байна. Хамгийн өндөр уншилттай бүлгүүдийг эрхэлж буй ажил мэргэжлээр нь эрэмбэлбэл "оюутан сурагчид" -ын уншилт хамгийн өндөр буюу 98%, түүний дараа аж ахуйн нэгжийн удирдагч, багш, өмгөөлөгч, төрийн албан хаагчид орж байна. Үүнээс гадна, эрэгтэйчүүдийн ном уншилт эмэгтэйчүүдээс 1.8 нэгж илүү буюу 58.7%, хот суурингийн оршин суугчдын ном унших хэмжээ хөдөө тосгоны иргэдээс 6 нэгж илүү буюу 60.8%-тай байна.

      Гар утсаар ном уншигчдын тоо илт өсөж байна

      Амьдралын хурд хэмнэл, техник технологийн хөгжлийг дагаад хүмүүсийн ном унших арга хэлбэр ч өөрчлөгдөж байна. Сүүлийн үед электрон ном хэвлэл унших хүмүүсийн тоо илэрхий өсөж, харин цаасан хэвлэмэл ном уншигчдын тоо улам бүр цөөрөх болсон. 2013 оны судалгаагаар Хятадын насанд хүрсэн хүн ам өдөртөө дунджаар 13.43 минутыг хэвлэмэл ном уншихад зарцуулж байна гэсэн тооцоо гарсан нь 2012 оноос 1.95 минут буурсан юм. Ажлын өдөр 13.49 минутыг, амралтын өдөр 13.27 минутыг тус тус ном уншихад зарцуулж байна гэж судалгааны тайланд дурджээ. Гэсэн хэдий ч 2013 онд Хятадын хүн амын гар утсаар ном уншиж байгаа хэмжээ өдөрт дунджаар 21.70 минут байсан нь өмнөх оныхоос 5.18 минут өссөнийг харуулжээ.

      Дэлхийн ном унших өдөр

      1972 онд ЮНЕСКО дэлхий дахинд "ном уншигч нийгэм байгуулах" -ын төлөө хүн бүр ном унших тухай уриалга гаргаж, ном унших нь хүний амьдралын салшгүй хэсэг гэж тунхаглажээ. 1995 онд ЮНЕСКО жил бүрийн 4 сарын 23-ныг Дэлхийн ном унших өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе