|
|
||
БНХАУ-ын Шанхай хотноо болох Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын Дээд хэмжээний дөрөвдүгээр уулзалтанд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох гэж байгаатай холбогдуулан Хятадын Олон Улсын Радиогийн Монгол Улсад суугаа сурвалжлагч М. Цэцэн, Монголын Дуу Хоолой Радиогийн сурвалжлагч Х. Энхсүрэн нар Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д. Ганхуягаас ярилцлага авсан юм.
Сурвалжлагч: Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын Дээд хэмжээний IY уулзалтанд Монгол Улсын зүгээс ямар ач холбогдол өгч байна вэ?Ямар санал санаачилга дэвшүүлэх вэ?
Д.Ганхуяг: Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын Дээд хэмжээний IY уулзалтанд Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох гэж байгаа нь тус уулзалтанд Монгол Улс өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж үзэж байна.
АХАИББХ-ын Дээд хэмжээний IY уулзалтаас олон улсын тулгамдсан асуудлуудаар АХАИББХ-ын гишүүн орнуудын байр суурийг илэрхийлсэн төгсгөлийн баримт бичиг-Тунхаглалыг батлан гаргана. Энэхүү Тунхаглалын төсөлд манай улсын цөмийн зэвсэггүй статусыг бататган бэхжүүлэх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын судалгааны төвийн тухай болон Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх "Улаанбаатарын яриа хэлэлцээ" санаачлагын тухай заалтууд тусгагдсан.
Зүүн хойд Азид энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Яриа хэлэлцээ, нээлттэй хэлэлцүүлэг итгэлцлийг бий болгодог гэдэгт бид гүнээ итгэдэг. Тийм ч учраас "Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ" санаачилгын тухай заалтыг бид шинээр дэвшүүлэн тус Тунхаглалд тусгахаар ажиллаж байна.
Сурвалжлагч: Энэ дээд хэмжээний уулзалтаар Хятадын талаас Азийн үйл хэргийг Азиуд өөрсдөө шийднэ. Азийн улс орнууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн Азийн аюулгүй байдлыг хамгаалж, түүнд тус дөхөм үзүүлэх хүчин чадал, оюун ухаан байна гэсэн ойлголтыг дэлхий дахинд өгөх гэж байгаа. Энэ талаар МУ-ын талын баримтлах байр суурийг танилцуулна уу.
Д.Ганхуяг: Монгол Улс хоёр хөрштэйгээ олон улсын болон бүс нутгийн хэмжээнд идэвхтэй хамтран ажиллахыг зорьдог. Бүс нутгийн аюулгүй байдал бол дэлхийн улс орнуудын чухал сэдэв. Бүс нутаг аюулгүй, тайван байж гэмээ нь эдийн засаг тогтвортой хөгжих үндэс болно. Дэлхийн хөгжлийн хандлага Ази руу чиглэж байгаа өнөө үед Хятад улсын олон улсын тавцан дахь үүрэг улам өсөж байна. Энэ утгаараа олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдалд Хятад улс хувь нэмрээ оруулж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Азийн орнууд бүс нутгийнхаа аюулгүй байдлын төлөө дуу хоолойгоо нэгтгэж, хамтын ажиллагаа өрнүүлж байгааг Монгол Улс сайшааж байна.
Сурвалжлагч: Сүүлийн жилүүдэд Ази тивийн улс орнууд эдийн засгийн хөгжлээрээ дэлхийд тэргүүлэх болсон. Эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх тал дээр Монгол Улс Азийн улс орнуудтай хэрхэн хамтран ажиллах боломжтой вэ. Ялангуяа Монгол улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг хөрш орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тал дээр Монгол Улс ямар бодлого баримталж байна вэ?
Д.Ганхуяг: ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцааг хөгжүүлж, тэнцвэртэй харилцах явдал бол манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. Сүүлийн жилүүдэд хөрш орнуудтай хамтын ажиллагаа тогтвортой урагшлан хөгжиж, эдүгээ аль алинтай нь стратегийн түншлэлийн түвшинд хүрээд байга нь манай энэ бодлого амжилттай хэрэгжиж ирснийг харуулж байна.
Хүн ам цөөтэй байдаг нь хамтын ажиллагааны зарим тодорхой асуудлыг гардан хэрэгжүүлэхэд хүн хүч дутагдах зэрэг практик хүндрэл гардаг тал бий. Гэхдээ хоёр хөршийн маань аль аль нь манай нөхцөл байдлыг ойлгож, бололцоотой хэлбэрээр дэмжлэг үзүүлж ирсэн. Өмнө нь бид өөрсдөө ч, бусад орнууд ч манай газар зүйн байрлалыг сул тал гэж үзэж ирсэн боловч сүүлийн үед хоёр том хөршийн дунд оршдог нь манай улс эдийн засгаа хөгжүүлэхэд таатай боломжийг олгож байна гэж үзэх явдал нэмэгдэж байна. Товчоор хэлэхэд, манай гурван улс харилцан бие биенээ нөхөж, харилцан дэмжиж, хамтран хөгжиж буй мөнхийн сайн хөршүүд, стратегийн түншүүд юм.
БНХАУ нь манай гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын хамгийн том түнш. Манай гадаад худалдааны нийт эргэлт болон манай улсад орсон нийт хөрөнгө оруулалтын талаас илүү хувь нь БНХАУ-д ногддог. Цаашид тус улсад экспортлох барааны нэр төрлийг олшруулах, Хятадын хөрөнгө оруулалтыг уул уурхайгаас бусад салбарт түлхүү оруулах, мөн байгаль орчинд ээлтэй, тэргүүний технологи нэвтрүүлэхийг бид чухалчилж байна.
Монгол Улс далайд гарцгүй орны хувьд транзит тээврийн салбарт хөнгөлөлт эдлэх, энэ үүднээс гурван талын транзит тээврийн хэлэлцээр байгуулах хэлэлцээг хоёр хөрштэйгээ явуулж байна.
Монгол Улс хоёр хөрштэйгээ олон улсын болон бүс нутгийн хэмжээнд идэвхтэй хамтран ажиллахыг зорьж байна. АСЕМ, АХАИББХ, ШХАБ зэрэг бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага, механизмуудын хүрээнд хоёр хөрштэйгээ идэвхтэй хамтран ажилладаг.
Сурвалжлагч: Энэ уулзалтаас Монгол улс ямар үр дүн гараасай гэж хүлээж байна вэ?
Д.Ганхуяг: Юуны өмнө тус хуралдаанаар АХАИББХ-ын Даргын хүндтэй албыг залгуулан авч байгаа БНХАУ-д танай радиогийн сувгаар дамжуулан баяр хүргэж энэхүү даргалах ажил үйлсэд нь амжилт хүсье.
Өнгөрсөн хугацаанд АХАИББХ-ын үйл ажиллагаа нэлээд эрчимжиж, Азийн орнуудын өмнө тулгарч буй сорилтууд, түүний дотор энх тайван, аюулгүй байдлыг хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль бусаар хар тамхи үйлдвэрлэх, наймаалах болон терроризмтэй тэмцэх, Азид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, байгаль орчны салбарт хамтран ажиллах, хүмүүнлэгийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх зэрэг чиглэлд АХАИББХ түлхүү анхаарч ирсэн. Энэхүү IY дээд хэмжээний уулзалтын дүнд Ази тивийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх илүү өргөн боломжууд нээгдэж, илүү таатай орчин бүрдэх болов уу гэж найдаж байна.
Сурвалжлагч: Цаг зав гаргаж ярилцлага өгсөн танд баярллаа.
\ХОУР-гийн сурвалжлагч М. Цэцэн\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |