• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Үүшин" морин хуурын симфони оркестр Сувдан театрт тоглолоо

CRI       (GMT+08:00) 2014-05-30 16:55:06

         ӨМ-ын Ордос хотын Үүшин хошууны морин хуурын симфони оркестрийн тоглолт нэрт хөгжмийн зохиолч, удирдаач Цагааны найруулгаар 5 сарын 28-нд Бээжингийн Их Театрт ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

          Тоглолтод Хөлүнбуйр ардын дуу "Үхэрт хүйтэн", Ордос ардын дуу "Хүүхэн мордуулах дуу", Баяннуур ардын дуу "Хун галуу" зэрэг Монгол ардын дууны найруулга, алдарт морин хуурч Чи Булагийн "Түмэн агтын төвөргөөн", хөгжмийн зохиолч Цагааны "Ордосын залуус", "Хурай, хурай" , Дармагийн "Уралдааны морьд" зэрэг бүтээлээс гадна Хятад болон дэлхийн сонгодог бүтээлүүдийг морин хуураар эгшиглүүлэн, олон орны үзэгчдийн сонорыг мялааж, сэтгэлийг цэнгээсэн юм.

          Бээжин хотын иргэн 76 настай Ма гуай тоглолтын талаарх сэтгэгдлээ ярихдаа, "Би урлагийн байгууллагаас тэтгэвэртээ гарсан хүн. Их Театрт үргэлж тоглолт үздэг. Анх удаа морин хуурын симфони оркестрийн тоглолт үзээд сэтгэл минь маш их хөдөллөө. Монгол морин хуур дэлхийд тэмүүлэн эгшиглэж буйг харж байна" гэлээ.

         Үүшин хошууны морин хуурын симфони оркестр нь 2010 онд морин хуурын чуулга нэртэйгээр байгуулагдаж, 2013 онд симфони оркестр болсон юм. Өдгөө 56 хүний бүрэлдэхүүнтэй тус оркестр урын сандаа 60 гаруй бүтээлтэй бөгөөд 2010 онд Хонгконгийн дэлхийн хөгжмийн Golden Bauhinia Awards наадмаас 7 төрөлд гранпри, 2012 онд МУ-д зохиогдсон олон улсын морин хуурчдын тэмцээнээс тэргүүн байрын шагнал тус тус хүртжээ.

          Бүх Хятадын нэгдүгээр дэсийн жүжигчин, ӨМ-ын алдарт уртын дуучин Лхасүрэн гуай тоглолтын завсарлагааны үеэр манай сурвалжлагчид ярихдаа, "Хошууны дэсийн жижиг чуулга өнөөдөр өдий зэрэгтэй, нийслэлийн Их Театрт ирж бүрэн хэмжээний тоглолт хийнэ гэдэг үнэхээр амаргүй ээ. Тэднээр бахархаж байна" хэмээн сэтгэл хөдлөн хэлж байлаа. Тоглолтыг мөн дуучин Тэнгэр зэрэг Хятадад төдийгүй дэлхийд танигдсан алдар суутнууд үзэж сонирхон суугаа харагдав.
Ордосын "Малчин" эмэгтэй найрал дуучдын "Хүүхэн мордуулах дуу", монгол дээлээ өмсөж, гартаа уурга барьсан багачуудын найрал дууны хамтлагийн "Хурай, хурай" дуу танхим дүүргэн суусан үзэгчдийн халуун алга ташилт дунд монгол хүний дуу хуур, бүжиг наадмын яндашгүй баян өв соёлыг энэ зууны эзэн, их гүрний нийслэлээс дэлхий дахинаа түгээн байх мэт санагдаж байлаа.

          Бээжингийн Худалдаа, эдийн засгийн их сургуульд суралцаж буй Монгол улсын оюутан Оюунтөгс "Бээжингийн Сувдан театрт өмнө нь Монгол улсын ардын урлагийн долоон хамтлагийн тоглолтыг үзэж байсан бол энэ удаа Өвөр Монголын морин хуурчдын тоглолтыг үзлээ. Монгол хүний амин сүнс болсон морин хуурыг дэлхийд таниулах их үйлсэд хүчин зүтгэж байгаа хоёр орны нийт уран бүтээлчдэд амжилт хүсье" гэж хэлсэн юм. /Э.Эрдэнэсувд мэдээлэв/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе