|
|
||
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И зургадугаар сарын 24-26-ны өдрүүдэд манай улсад айлчлах гэж байна. Уг айлчлалын талаар Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягтай ярилцлаа.
-БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн энэ удаагийн айлчлалын ач холбогдлыг Та хэрхэн дүгнэж байна вэ.Айлчлалын гол онцлог юунд оршиж байна?
-Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 2014 оны зургадугаар сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын энэ оны нэгдүгээр сард БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын хариу айлчлал юм. Хятадын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНХАУ-ын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэх, олон улсын болон бүс нутгийн хүрээн дэх хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд түлхэц үзүүлэхэд оршиж байна. Үүгээрээ энэ удаагийн айлчлал чухал ач холбогдолтой болох юм. Гадаад харилцааны сайд Л.Болд Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн зэрэг олон салбарын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцоно. Гадаад хэргийн яамд хоорондын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар хэлэлцэж, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлуудаар хоёр талын баримталж буй бодлого, байр суурийн талаар нухацтай ярилцана. Түүнчлэн Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд Д.Тэрбишдагвад тус тус бараалхаж, хоёр талын өргөн хүрээтэй асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Мөн ойрын хугацаанд хоёр талын хооронд хэрэгжүүлэх өндөр, дээд төвшний айлчлалын бэлтгэлийг хангах, Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хоёр талын харилцааны болон бусад харилцан сонирхсон асуудлаар мэдээлэл, санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрэхэд чухал ач холбогдолтой болно.
-Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа. Хоёр талын харилцааны хэтийн төлөвийг Та хэрхэн харж байна вэ?
-Монгол, Хятадын хооронд 1949 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 65 жил өнгөрч байна. Тэгэхээр энэ он тэмдэглэлт ойн жил бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсны 20 жилийн ой мөн тохиож байгаа юм. Эдгээр тэмдэглэлт ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор хоёр тал энэ оныг Найрсаг солилцооны жил болгон зарлаж олон ажил арга хэмжээ хамтран зохион явуулахаар тохиролцож шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Үүнд, харилцан соёлын өдрүүд зохиох, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах, урлагийн тоглолт хийх, кино өдрүүд зохиох, хүүхэд, залуучуудын солилцоо хэрэгжүүлэх зэрэг баялаг арга хэмжээнүүд тусгагдсан байгаа. Эдгээр ажил арга хэмжээний дотор дээд, өндөр төвшний харилцан айлчлал багтаж байна. Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлалын дараа БНХАУ-ын даргын хийх төрийн айлчлал, мөн оны сүүлчээр УИХ-ын дарга З.Энхболдын өмнө хөршид хийх айлчлал төлөвлөгдөж байна.
Сүүлийн жилүүдэд БНХАУ, Монгол Улсын бүх талын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирлээ. Өдөр, дээд төвшний харилцан айлчлалууд тогтмолжиж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхтэй үргэлжилж байна. Хоёр тал бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны механизмуудын хүрээнд амжилттай хамтран ажиллаж байна. Соёл, боловсрол, шинжлэх ухаан, техник, эрүүл мэнд, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаа нь хоёр улсын иргэдийн харилцан ойлголцол, найрамдлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэ бүхний үндсэн дээр 2014 онд Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаа улам эрчимжин гүнзгийрч, өндөр дээд төвшний харилцан айлчлал, салбар хоорондын, иргэд, хүүхэд залуучуудын харилцаа, солилцоо идэвхтэй хэрэгжих сайхан төлөв бүрэлдээд байна.
Өнөөдөр Монгол, Хятадын харилцаа түүхэн дэх хамгийн таатай үедээ явж байна. Хятадын тал ч ингэж дүгнэдэг. Улс хоорондын харилцааны дээд төвшин болох стратегийн түншлэл хэрэгжиж байна. Улс төрийн харилцаанд ямар нэгэн маргаантай асуудал байхгүй, бүс нутаг, олон улсын асуудлаар үзэл бодол, байр сууриа тогтмол солилцож, дэлхий дахин, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын төлөө идэвхтэй хамтран ажиллаж байна. Газар нутаг, хилийн маргаантай асуудал байхгүй. Монгол, Хятадын хилийн зурвасыг хамтран бүрэн тодотгож тогтоосон. Нэг үгээр хэлбэл энхийн хил болсон. БНХАУ олон жилийн туршид манай худалдааны хамгийн том түнш, хамгийн том гадаад хөрөнгө оруулагч байсаар ирлээ. Өнгөрсөн тавдугаар сард Шанхай хотод болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын дээд төвшний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцож ярилцсан. Энэ үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин "БНХАУ нь Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэнэ. Хоёр улс харилцан ашигтай харилцаж, хамтран хөгжиж, хамтдаа хожих ёстой" гэсэн БНХАУ-ын албан ёсны байр суурийг дахин нотолсон юм. Түүнчлэн Монгол Улстай хамтран ажиллахдаа "Монголын талд илүү ашигтай байхаар хандана" гэсэн нь манай улсад хөгжлийн боломж, давуу талыг бий болгох таатай нөхцөлийг бүрдүүлж байна.
-БНХАУ бүс нутагтаа хамгийн олон хөрштэй орон. Тус улс хөрш орнуудын бодлогоо дахин тодорхойлж, хамтдаа хөгжье гэдэг үзэл баримтлалыг гаргасан гэсэн. Энэ талаар тодруулж өгнө үү?
-Өнгөрсөн 2013 оны 10 дугаар сард Хятадын төр засаг хөрш зэргэлдээ улс орнууддаа чиглэсэн гадаад бодлогынхоо асуудлаар хурал хийж, хөрш орнуудтайгаа тогтоосон гадаад харилцаагаа шинэчлэн идэвхжүүлэх, онцгой анхаарах талаар тусгай шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу он гарсаар хэдхэн сарын хугацаанд хөрш орнууддаа чиглэсэн Хятадын гадаад харилцаа ихээхэн эрчимжиж, хэд хэдэн оронтой чөлөөт худалдааны хэлэлцээр, чөлөөт бүсийн хэлэлцээр байгуулж, мөн өнөөгийн харилцааны төвшингээ дээшлүүлэх, шинэ алхам хийх зэргээр идэвхтэй харилцах боллоо. БНХАУ-ын удирдлага хөрш орнууддаа "илүү дотно, илүү чин сэтгэлээсээ, илүү нээлттэй, хүртээлтэйгээр хандаж, хамтын ажиллагаанаас хөрш орнууддаа илүү ашиг тус хүртээх" гэсэн шинэ үзэл санаагаар хандаж буй нь Монгол-Хятадын хоёр талын харилцаа болон бүс нутгийн хамтын ажиллагаанд илүү таатай нөхцөл бүрдүүлж байна гэж Монголын тал үзэж байгаа. Үүнтэй холбогдуулан хэлэхэд Гадаад харилцааны сайд Л.Болдыг энэ оны нэгдүгээр сард Хятадад айлчлах үеэр БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао хүлээн авч уулзан дээрх бодлогоо тайлбарлан танилцуулж, Хятадын хөгжлийн энэ таатай боломжийг хөрш зэргэлдээ улс орнууд онцгойлон анхаарч ашиглаж эхэлснийг дурдаад Монгол Улс ч бас Хятадын хөгжлийн энэ боломжийг алдалгүй ашиглаасай, хамтдаа хөгжье гэж хүсч байгаагаа илэрхийлсэн байдаг.
-Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа хэрхэн өрнөж байна вэ. Тэр дундаа томоохон төслүүдийн хамтын ажиллагаа ямар шатандаа явж байгаа вэ?
-Монгол Улс 2011 онд БНХАУ-тай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн 2013 онд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр байгуулсан. Энэ үндсэн дээр хоёр талын улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн зэрэг бүх салбарт харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд эрчим хүч, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүд дээр хамтран ажиллаж, түрүүчээс нь зарим тодорхой үр дүнд хүрэх сайхан төлөв бий болж байна. Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны гол тулгуур нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа гэж талууд үздэг. Хоёр талын аж ахуйн нэгжүүд уул уурхай, барилга, зам, тээвэр, ХАА, банк, санхүүгийн салбарт эрчимтэй хамтран ажиллаж байна. БНХАУ нь Монгол Улсын гадаад худалдааны хамгийн том түнш, бас хамгийн том хөрөнгө оруулагч билээ. Манай улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад БНХАУ сүүлийн 14 жилийн турш тэргүүлэх байр эзэлж ирснийг дурдах нь зүй.
Энэ удаагийн айлчлалын үеэр Монгол, Хятадын харилцааны ойрын жилүүдийн явц байдлыг дүгнэж, цаашид улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх хоёр талын сонирхлыг нотолж, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцох юм. Өнгөрсөн онд хоёр улсын удирдагчдын хүрсэн чухал тохиролцоонууд болон "Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээнүүдийн талаар, тухайлбал эдийн засгийн хамтын ажиллагаа, түүний дотор нүүрс хийжүүлэх, төмөр замын бүтээн байгуулалт зэрэг томоохон төслүүдийн хамтын ажиллагааны талаар ярилцах болно. Монгол Улс нийт 5600 км шинэ төмөр зам барихаар төлөвлөсөн бөгөөд 2013 онд эхний ээлжинд баригдах 1800 км төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Шинэ төмөр замын болон түүнтэй уялдаатай хөгжүүлэх аж үйлдвэрийн бусад төслүүдэд Хятадын нэр хүнд бүхий томоохон аж ахуйн нэгжүүд, банк санхүүгийн байгууллагууд зах зээлийн зарчмын дагуу оролцох асуудал нээлттэй. Хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх зорилгоор урьд нь ажиллаж байсан Монгол, Хятадын Эрдэс баялаг, эрчим хүчний зөвлөлийг өргөтгөн Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл болгохоор талууд тохиролцоод байна. Монгол Улсад нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станц хамтран байгуулж, БНХАУ-д эрчим хүч экспортлох сонирхолтой байдаг. Энэ яриа хэлэлцээг үргэлжлүүлж өндөр, дээд хэмжээний айлчлалын үеэр ахиц гаргах боломж бий. Нүүрс хийжүүлэх төслийн хамтын ажиллагаа нэлээд ахицтай байгаа бөгөөд ойрын үед бодит үр дүнд хүрэхээр ажиллаж байна. Энэ төсөл нь хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэнд хамгийн том төсөлд тооцогдох бөгөөд манай эдийн засгийн хөгжилд болон агаарын бохирдлыг бууруулахад маш чухал ач холбогдолтой юм.
-Олон нийт Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар ойлголт, мэдээлэл багатай байдаг. Ялангуяа төмөр зам, уул уурхайн хамтын ажиллагааны талаар янз бүрийн сэтгэгдэл, байр суурь илэрхийлэх нь бий. Үүнийг Та юу гэж үздэг вэ?
-Өнөөдөр дэлхийн улс орнууд маш түргэн хурдацтай хөгжин өөрчлөгдөж байна. Бүс нутгууд эрчимтэй хөгжин даяарчлагдаж, хөгжлийн боломжуудыг алдалгүй ашиглахыг зорьж, хамтын хөгжлийн төлөө гадаад харилцаа, аюулгүй байдлын таатай, найдвартай орчныг бүрдүүлэхийн төлөө улам бүр идэвхтэй хамтран ажиллах боллоо. Цаг ямагт өнгөрснийг эргэн харж, түүнтэй жишиж харьцуулах нь урагшлан хөгжихөд төдийлөн эерэг үр нөлөө үзүүлэхгүй байх нь бий. Өнөөдөр бид урагшаа харах, хөгжил цэцэглэлийн боломжийг алдахгүй ашиглах, хамтын аюулгүй байдлын найдвартай орчныг бий болгохыг илүү их анхаарах нь зүйтэй юм. Өнөөдөр шинээр тавих төмөр замыг өргөн, нарийн царигаар тавих асуудлаар янз бүрийн хэлэлцүүлэг өрнөж байна. Энэ асуудлыг холбогдох байгууллагууд хамтран хэлэлцэж УИХ, Засгийн газарт оруулж шийдүүлнэ. Өөрөөр хэлбэл, монголчууд бид өөрсдөө л шийднэ. Шийдвэр гаргахад улс төрийн аюулгүй байдал, эдийн засгийн бодит үр өгөөж, бусад олон талын нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдэх нь мэдээж. Үүнд гадны ямар нэгэн нөлөө байх боломжгүй.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |