Хятад улсын дарга Ши Жиньпин Монгол улсад төрийн айлчлал хийхийн өмнө Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Хятадын хэвлэлийн төлөөлөгчдөд ярилцлага өгч, хоёр талын харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар Хятадын сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулж, Монгол Хятад хоёр орны стратегийн түншлэлийн харилцааны төвшинг цаашид дээшлүүлэхэд бэлэн байна гэжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ, Монгол Улс нь БНХАУ-тай анхлан дипломат харилцаа тогтоосон, БНХАУ-тай хиллэж буй орнуудаас хамгийн урт хугацаанд дипломат харилцааны түүхтэй явж ирсэн цөөхөн орны нэг гэж хэлж болно. Сая тэмдэглэж хэлснээр 65 жил болж байна. Монгол Улс БНХАУ-тай стратегийн түншлэлийн харилцааны түвшинд харилцаагаа бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө сүүлийн жилүүдэд ажиллаж ирсэн. Одоо БНХАУ-ын дарга Ши Жиньпиний айлчлалын үеэр стратегийн түншлэлийн харилцаагаа иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон өргөжүүлэх бэлтгэл ажлыг хийж байна. Стратегийн түншлэлийн харилцаа гэдгийг бид ойлгохдоо энэ харилцааны онцлог нь хоёр ард түмний язгуур эрх ашигт нийцсэн харилцаа гэж ойлгодог. Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гэдэг бол энэ харилцааг агуулгын хувьд улам баяжуулж байна гэж ойлгож болно. Энэ чиглэлд би таван зүйл харж байгаа.
Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гэдэг утгыг авахад, нэгдүгээрт, харилцан итгэлцлийг улам нэмэгдүүлэх чиглэлд бид ажиллах нь ээ. Хоёрдугаарт, хоёр орны аюулгүй байдлын хамтын ажиллагаа өргөжих нь ээ. Гуравт нь, дамжин өнгөрөх тээвэр болон дэд бүтцийн талаар ярьдаг асуудалд маш том ахиц дэвшил гарах нь ээ. Дөрөвт нь, олон талт хамтын ажиллагааны агуулга, хэлбэр улам баяжих нь ээ. Тавд нь, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа харилцан ашигтайгаар шинэ шатанд гарах нь ээ.
Саяын хэлсэн энэ чиглэлүүдээр тодорхой гэрээ, хэлэлцээрүүдийг Ши Жиньпин даргын айлчлалын үеэр байгуулна гэж итгэж байгаа гэжээ.
Ерөнхийлөгч Ц. Элбэгдож хэлэхдээ, БНХАУ нь Монгол Улсын хувьд худалдааны болон хөрөнгө оруулалтын тэргүүлэх түнш орон юм. Үүнийг ойрын жилүүдэд эрс нэмэгдүүлэх боломж байгаа гэж бид харж байгаа. Хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах явдал бол Монгол Улсын худалдаа, эдийн засгийн бодлогын нэг гол чиглэл байгаа юм. Энэ чиглэлээр саяхан УИХ-аас тодорхой хууль, шийдвэрүүд гарсан. Цаашдаа ч бид хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах талаар идэвхтэй ажиллана. Хөрөнгө оруулалт, худалдааны хувьд бид нар адил тэгш, харилцан ашигтай байх гэдэг зарчмыг голчилж баримтална гэжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ, Хоёр орны бүс нутаг дахь харилцааны талаар Ши Жиньпин дарга маш тодорхой томъёолж хэлсэн байгаа. Манай хоёр орны харилцаа нь энэ бүс нутгийн хамгийн эв зохицолтой харилцааны нэг болж чадсан гэж хэлсэн. Би энэ дүгнэлттэй санал нэг байгаа. Зүүн хойд Азийн бүс нутгийн харилцаа, ялангуяа Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар гаргаж байгаа Монгол Улсын санаачлагыг БНХАУ-ын зүгээс дэмжиж байдагт талархаж байгаагаа энд бас хэлье.
Ши Жиньпин дарга хоёр орны харилцааны асуудалд онцгой ач холбогдол өгч ихээхэн анхаарал тавьж байдагт би хувьдаа их баяртай байдаг. Өнгөрсөн оны есдүгээр сард Бишкект ШХАБ-ын уулзалтын үеэр тусгайлан уулзалт хийсэн. Мөн энэ оны тавдугаар сард Шанхайд болсон олон улсын хурлын үеэр Ши Жиньпин дарга өглөөний цай тусгайлан барьж, хамт уулзаж, олон хүрээний сэдвээр бид ярилцсан. Ши Жиньпин дарга хоёр орны харилцааны асуудалд маш их элэгсэг, чин сэтгэлээсээ асуудлыг шийдэх чиглэлийг барьж ханддаг.
Энэ айлчлалын үеэр олон жил яригдсан томоохон гэрээ, хэлэлцээрүүд, манай хоёр улсын хоорондох, Засгийн газрын хоорондох гэрээ, хэлэлцээрүүдэд гарын үсэг зурагдана гэдэгт итгэж байгаа. Хамгийн гол нь манай улс далайд гарцгүй улс гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Тийм учраас дамжин өнгөрөх тээврийн асуудал их чухал. Дамжин өнгөрөх тээвэр, төмөр замын харилцаа, далайн боомттой холбоотой хоёр орны Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр их амжилттай болж, зурагдах шатандаа явж байгаад баяртай байна. Ши Зиньпин даргын айлчлалын үеэр энэ хэлэлцээрүүд зурагдана гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Мөн эрчим хүчний үйлдвэрлэл, нүүрс болон ашигт малтмалын салбар, дэд бүтэц, соёл, хүмүүнлэгийн салбарын чиглэлээр тодорхой гэрээ, хэлэлцээрүүд хийгдэнэ гэж итгэж байгаа. Бас манай хувийн хэвшлийнхний хооронд тодорхой гэрээ, хэлэлцээрүүд хийгдэж, тодорхой ажлууд эхлэх байх гэж найдаж байна гэжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд сул тал байгаа. Бараг нэг салбар, уул уурхайн салбараас хэт их хамааралтай байгаа. Энэ хамаарлыг багасгах явдал бол бидний эдийн засгийн бодлогод барьж байгаа бас нэг гол зорилт. Үүнийг хийхийн тулд таны асуусан үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийн орлогын эх үүсвэрүүдийг төрөлжүүлэх, олон болгох асуудал чухал байгаа. Бид БНХАУ-ын анд нөхөдтэйгээ уулзахдаа ч хэлдэг. Монголыг зөвхөн түүхий эд экспортлогч гэдэг байдлаар харж болохгүй. Энэ бол манай ард иргэдийн эрх ашигт нийцэхгүй байна. Ийм учраас Монголд байгаа байгалийн баялаг, хөдөө аж ахуйн баялгийг бид боловсруулж, үйлдвэрлэж, нэмүү өртөг шингээж зах зээлд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх нь Монголын эрх ашиг юм. Мэдээж Монголд бүх зүйлийг үйлдэрлэх боломжгүй. Гэхдээ тодорхой зүйлүүдийг үйлдвэрлэх, боловсруулах бүрэн боломж байгаа. Монголын энэ бодлогыг БНХАУ-ын зүгээс ойлгож, дэмжиж, хамтран ажилладагт бид нар талархаж байдгийг цохон тэмдэглэе.
Торгоны замын санаачилга манай бүс нутгийнхны дунд идэвхитэй яригдаж, хэрэгжиж байгаа. Түүхээс авч үзэх юм бол Торгоны зам гэдэгт Монгол улс, Хятад улсын хувьд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн улсууд гэж боддог. Торгоны замын энэ төслийг Монгол, Хятад улсын оролцоогүйгээр төсөөлөх бараг боломжгүй гэж би хувьдаа бодож байгаа. Бид Хятад улстай 4710 км хил хуваалцаж оршдог. Гэтэл өнөөдөр төмөр замын хөгжил, хийн хоолой тавьж байгаа, авто замын хөгжил гээд Хятад улстай хөрш байгаа зарим нэг орнуудтай Монгол Улсын энэ чиглэлийн хөгжлийг харьцуулж харахад үнэхээр хоцорч яваа. Энэ чиглэлийн хөгжлийг идэвхжүүлэх шаардлага манай хоёр оронд үнэхээр байгаа. Манай хоёр орон үүнийг хийж чадна гэж би итгэж байгаа. Таван хоолой гэснээс энэ хоолойн бодлогыг бид шат дараатай, гэхдээ хамгийн боломжтой байгаагаас нь хэрэгжүүлэх ёстой гэж бодож байгаа. Хамгийн эхнийх нь төмөр замын асуудал. Мөн Монголд эрчим хүч үйлдвэрлээд бас экспортлох хоолой татах боломжтой гэжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Аялал жуулчлал бол Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах боломжтой чухал салбарын нэг юм. БНХАУ-ын иргэд бол дэлхий дээр хамгийн их, олон тоогоороо аялж жуулчилдаг хүмүүсийн нэг. Энэ чиглэлд байгаа боломжийг ашиглаж, улам өргөтгөж ажиллаасай гэж би үнэхээр боддог. Далайд гарцгүй орны хувьд мэдээж агаарын харилцаа маш чухал. Энэ чиглэлд агаарын харилцаагаа хөгжүүлэх талаар идэвхитэй ажиллаж байгаа. Мөн БНХАУ-тай ч гэсэн гэрээ хэлцэл байгуулан ажиллаж байна. Монголын ард түмний ёс заншлыг хүндэтгэдэг, Монголын байгалийн сайхныг үзэх, Монголын ард түмний ёс заншлын өвөрмөц байдлыг үзэх гэсэн хүн бүхэнд Монгол Улс нээлттэй гэдгийг энд хэлье гэжээ.