• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цахиагийн Элбэгдорж : БНХАУ-ын дарга Ши Жиньпиний айлчлал хоёр орны харилцаанд дэвшил гаргаж, амжилттай болно гэдэгт итгэлтэй байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-08-19 17:29:34

    БНХАУ-ын дарга Ши Жиньпин 21, 22-нд Монгол улсад төрийн айлчлал хийнэ. Хятадын төрийн тэргүүн 11 жилийн өмнө умард хөршдөө айлчлал хийж байсан юм. Монгол улс бол Ши Жиньпин тушаалд орсны дараа тусгай айлчлал хийх маш цөөн хэдэн орны нэг болох юм. Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж саяхан Хятадын олон улсын радио зэрэг Хятадын хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд Улаанбаатарт ярилцлага өгчээ. Тэрээр хэлэхдээ, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний айлчлал хоёр орны харилцаанд дэвшил гаргаж, амжилттай болно гэдэгт итгэлтэй байна гэжээ.

    Тэрээр хэлэхдээ, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гэдэг утгыг авахад, нэгдүгээрт, харилцан итгэлцлийг улам нэмэгдүүлэх чиглэлд бид ажиллах нь ээ. Хоёрдугаарт, хоёр орны аюулгүй байдлын хамтын ажиллагаа өргөжих нь ээ. Гуравт нь, дамжин өнгөрөх тээвэр болон дэд бүтцийн талаар ярьдаг асуудалд маш том ахиц дэвшил гарах нь ээ. Дөрөвт нь, олон талт хамтын ажиллагааны агуулга, хэлбэр улам баяжих нь ээ. Тавд нь, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа харилцан ашигтайгаар шинэ шатанд гарах нь ээ.
Саяын хэлсэн энэ чиглэлүүдээр тодорхой гэрээ, хэлэлцээрүүдийг Ши Жиньпин даргын айлчлалын үеэр байгуулна гэж итгэж байгаа гэжээ.

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ, Монгол Улс бол их өвөрмөц байршилтай орон. Монгол Улс нь БНХАУ, ОХУ-ын хооронд дангаараа, бүхлээрээ байрладаг, дэлхий дээр байгаа цорын ганц орон. Тийм учраас манай гадаад бодлогын үзэл баримтлалд хоёр хөрштэйгээ найрсаг харилцаатай байх нь Монгол улсын гадаад харилцааны эн тэргүүний зорилт гэж томъёолсон байдаг.

    Би Монгол улсын хувьд хоёр үнэн байдаг гэж боддог. Бид нар хөрш улсууд. Энэ бол хөдлөшгүй үнэн. Хоёр дахь нь, хөрш улсууд учраас байнга бидэнд шийдвэрлэх асуудлууд гарч ирдэг. Тиймээс бидний үед гарч ирж байгаа асуудлуудыг бид аль болохоор ард түмнийхээ эрх ашигт, мөн хөрш орнуудынхаа тавьж байгаа эрх ашигт нийцүүлж шийдвэрлэхийн төлөө ажиллах ёстой гэж боддог.

    Бусад улстай харилцах бодлогоо бид нар гурав дахь хөршийн бодлого гэж томъёолдог. Гурав дахь хөршийн бодлого гэдэгт хоёр хөрштэй харилцах харилцаанд ямар нэг сөргөлдүүлэх юм уу, аль эсвэл хоёр хөрштэй харилцах харилцаанд тэнцүүлэх гэсэн агуулга байдаггүй гэдгийг энд хэлэх нь зөв байх. Ер нь дэлхийн бүх улс орнуудтай ижил тэгш харилцах нь мэдээж Монгол улсын өөрийнх нь бодлого гэдгийг та бүхэн ойлгох байх гэж найдаж байна гэжээ.

    Ярилцлагын үед Ц. Элбэгдож сэтгүүлчдэд хэлэхдээ, манай хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг улам бэхжүүлэх, хоёр орны харилцааг улам идэвхжүүлэхэд та бүхний оролцоо их чухал шүү гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе