• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монгол хоёр орны харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшив

CRI       (GMT+08:00) 2014-08-21 23:31:30

    БНХАУ-ын Дарга Ши Жиньпин 21-нд Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой хэлэлцээ хийв. Хоёр орны төрийн тэргүүн нар Хятад, Монголын харилцааны хөгжлийг хамтдаа дүгнэж, олон салбарын харилцаа хамтын ажиллагааг төлөвлөн, олон чухал нийтлэг ойлголтод хүрч, Хятад, Монгол хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшүүлж, сайн хөршийн найрсаг харилцаагаа хадгалан, харилцан туслалцаж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад, Монголын харилцааны хөгжилд түүхэн шинэ хуудсыг хамтдаа бичиглэхээр санал нэгтэй шийдвэрлэв.

     Хэлэлцээний өмнөхөн, Цахиагийн Элбэгдорж Төрийн ордны өмнөх талбайд дарга Ши Жиньпинд зориулан өргөн их угтах ёслол хийв. Сүр жавхаатай морьт цэрэг Төрийн ордны хоёр талд эгнэв. Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Ли-юань хүрэлцэн очиход Элбэгдорж болон түүний гэргий Болормаа нар халуун дотноор угтан авлаа. Үндэстний дээл хувцсаар гоёсон хүүхдүүд Ши Жиньпин болон Пэн Ли-юаньд цэцэг бэлэглэв. Хоёр орны төрийн тэргүүн нар ёслолын индэрт гарч, цэргийн хөгжмийн хамтлаг Хятад, Монгол хоёр орны төрийн дууллыг эгшиглүүллээ. Ши Жиньпин Элбэгдоржийн хамт хүндэт харуулын өмнүүр явж мэндчилэв. Ши Жиньпин Монголын талын гол албаны хүмүүс болон гадаадын улс орнуудаас Монгол улсад суугаа элчин төлөөлөгчтэй нэг нэгээр гар барин мэндчилж, Элбэгдоржид Хятадын талын хамт дагалдан яваа хүмүүсээ танилцуулав.

      Хоёр орны төрийн тэргүүн нар хэлэлцээ хийв. Цахиагийн Элбэгдорж хэлэхдээ, энэ он бол Монгол, Хятад хоёр орон дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Ши Жиньпин дарга Монгол улсад төрийн айлчлал хийж буй нь чухал түүхэн ач холбогдолтой. Ши Жиньпин дарга бол бидний хүндэт зочин, Монгол улсын ард түмэн маш их баяртай байна. Ши Жиньпин даргын энэ өдөр Монгол улсын сонинд нийтэлсэн нийтлэлийг би уншсан, хоёр орны харилцааны хөгжлийн талаар дэвшүүлсэн таны саналыг би бүрэн дэмжиж байна. Ши Жиньпин дарга уг нийтлэлдээ, Хятад, Монгол хоёр орон харилцан итгэлцсэн, хариуцлагатай сайн хөрш, сайн түнш, сайн найз байх болно гэж цохон тэмдэглэсэн. Би үүнийг бүрэн зөвшөөрч байна. Ши Жиньпин даргын энэ айлчлал хоёр орны хамтын ажиллагааг ахиулж, нэн баялаг үр дүнд хүргэж, Монгол, Хятадын харилцааг шинэ шатанд гаргана гэдэгт итгэж байна гэжээ.

     Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Монгол дипломат харилцаа тогтоосон 65 жилийн турш найрсаг хамтран ажиллах нь хоёр орны харилцааны гол чиглэл байж ирлээ. Талууд өөрсдийн улс орны байдлаа үндэслэн сонгосон улс төрийн тогтолцоо, хөгжлийн замыг харилцан хүндэтгэж, тал талынхаа цөм болсон ашиг сонирхол болон анхаарч байгаа асуудлыг үнэнчээр хүндэтгэн, нөгөө талынхаа хөгжил болон өөрийн хөгжлийн чухал боломжийг үнэнчээр хүндэтгэн Хятад Монголын харилцааг тасралтгүй шинээр хөгжүүлж ирсэн юм. Энэхүү нь тийм ч хялбархан олдоогүй тул эрхэмлэх хэрэгтэй. Монголын талтай хамтран сайн хөршийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтын хөгжил цэцэглэлтийг биелүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Энэ удаа хоёр талаараа хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон дэвшүүлэхээр шийдсэн нь маш чухал стратегийн ач холбогдолтой бөгөөд хоёр орон, хоёр ард түмний язгуур эх ашигт нийцэх юм. Хоёр талаараа дараах хэдэн ажлыг сайтар хийх хэрэгтэй.

      Нэгт, улс төрийн аюулгүйн хамтын ажиллагааг эрчимжүүлэх. Миний бие ерөнхийлөгч Элбэгдоржийн хамт олон арга хэлбэрээр хамтдаа сонирхож байгаа чухал асуудлаар нягт хэлхээ холбоотой байхад бэлэн байна. Ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг энэ оны 11 дүгээр сард БНХАУ-д очиж АПЕК-ийн дээд хэмжээний албан ёсны бус уулзалтын хугацаанд зочин орны түншийн яриа хэлцэлд оролцохыг урьж байна. Тайвань, Түвдтэй холбоотой асуудлаар Монголын баримталж байгаа зөв байр суурийг Хятадын тал сайшааж, хоёр орны хууль тогтоох байгууллага, гадаад харилцаа, улс төрийн нам, батлан хамгаалах зэрэг салбарын хооронд яриа хэлцлийн механизм тогтоохыг дэмжинэ.

      Хоёрт, бүтээлч хамтын ажиллагаагаа бүх талаар өргөтгөх. Хятад Монгол бүтээлч хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийн тулд өөр өөрийн давуу талаа ойлгож, хоёр талын давуу талаа уялдуулах хэрэгтэй. Хятадын тал Монголын талтай хамтран ажиллахдаа харилцан ашигтай, хамтаар хожих зарчим баримтална. Хятад Монголын нягт хамтын ажиллагаагаар дамжуулан Монголын талын өөрийн давуу талаа эдийн засгийн давуу тал, хөгжлийн давуу тал болгоход нь туслах эрэл хүсэлтэй бөгөөд хүчин чадалтай юм. Хоёр тал Хятад Монголын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизмыг цаашид ч сайтар ашиглан Хятад-Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2020 он гэхэд хоёр талын худалдааны хэмжээг 10 тэрбум ам долларт хүргэх зорилтыг биелүүлнэ.

     Хоёр тал уул уурхайн эх баялгийг нээн ашиглах, дэд бүтцийн барилга байгуулалт, банк санхүүгийн хамтын ажиллагааг цогцоор хөгжүүлэх зарчмаар дэд бүтцийг харилцан холбох, том төслөөр хамтран ажиллахыг тэргүүлэх чиглэл болгон уул уурхайн бүтээгдэхүүнийг гүнзгий боловсруулан шинэ эрчим хүч, цахилгаан эрчим хүч, хөдөө аж ахуй, хилийн боомт зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ. Хоёр талын валютыг харилцан солих цар хүрээг өргөтгөж, хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрийг үзэглэх бэлтгэл ажлыг эртхэн эхлүүлж, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг идэвхтэй ахиулна. Хятадын тал транзит тээвэр, далайн гарц зэрэг талаар Монголын талд дөхөм үзүүлнэ. Монголын талтай хамтаар Ази Европын транзит тээвэрт тус дөхөм үзүүлж, торгоны зам дагуух эдийн засгийн бүсийг хамтаар байгуулах болно. Монголын талтай хамтран Ази тивийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг хүрээнд хамтран ажиллахад бэлэн байна. Хятадын аж ахуйн нэгжийн Монголд хөрөнгө оруулж, үйл ажиллагаа эрхлэхэд нь таатай орчин бүрдүүлэхийг Монголын талаас хүсэж байна.

      Гуравт, хүмүүнлэгийн солилцоог хөгжүүлэх. Хоёр тал Хятад Монголын найрсаг солилцооны жилийн арга хэмжээг сайтар зохион байгуулж, хоёр орны залуучууд, хэвлэл мэдээлэл, аман болон биет бус соёлын өвийг хамгаалах, хил дамнасан халдварт өвчин дэлгэрэхээс сэргийлэх, цөлжилттэй тэмцэх зэрэг салбар дахь солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Монголын талд боловсон хүчин бэлтгэхэд туслалцаа үзүүлэхэд Хятадын тал бэлэн байна, мөн Монголын талын Хятадад соёлын төв байгуулахыг сайшааж байна.

      Дөрөвт, олон улсын болон олон талт салбарт хамтран ажиллах. Манай хоёр тал НҮБ, Ази Европын хурал, ШХАБ, Азид итгэлцэл хамтын ажиллагааг бэхжүүлэх хурал зэрэг олон улсын байгууллага болон бүдүүвчийн хүрээнд хамтын ажиллагаа зохицуулалтаа эрчимжүүлэх болно. Монголын талын олон улсын үйл хэрэгт идэвхтэй үйлдэл гаргахыг Хятадын тал дэмжиж, Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагад элсэн орохыг дэмжиж, Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын тухай Улаанбаатарын санаачилгыг дэмжиж, Хятад Монгол Орос гурван орны тэргүүн нарын уулзалт хийх гэсэн санаачилгыг дэмжинэ.

      Ц.Элбэгдорж хэлэхдээ, "Монгол улс Хятад улстай сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг өндөр хэмжээнд чухалчлан үздэг, энэ нь Монгол улсын гадаад бодлогын тэргүүний чиглэл юм. Хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг байгуулах болсон нь Монгол Хятадын харилцаа түүхийн хамгийн сайн үед орж байгаагийн илрэл болж байна. Ши Жиньпин даргын хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай саналыг миний бие бүрэн дэмжиж байна. Хятад улс хоёр орны хамтын ажиллагаанд Монгол улсын эрх ашгийг илүү их бодолцохыг Монгол улсын ард иргэд талархан хүлээн авах болно. Монгол улс Хятад улсын Тайвань, Түвдийн зэрэг асуудлаарх байр суурийг тууштай дэмжих бөгөөд Хятад улсыг хагалан бутаргах аливаа хүчин болон үйл ажиллагааг дэмжихгүй юм. Монгол улс Хятад улстай хоёр талын худалдааг өргөжүүлж, хөдөө аж ахуй газар, тариалан, нүүрс, цахилгаан эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна. Хятад улс Монгол улсад транзит тээврийн талаар дэмжлэг үзүүлж байгаад талархахын хамт Хятад улсын дэвшүүлсэн Торгоны замын эдийн засгийн бүсийг байгуулах санаачилгад идэвхтэй оролцож, Ази Европын төмөр замын транзит тээврийг хамтдаа хөгжүүлэхэд бэлэн байна. Монгол улс хоёр орны соёл хүмүүнлэгийн харилцаа, харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт Хятад улстай нягт харилцаж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахыг хүсэж байна" гэлээ.

      Уулзалтын дараа хоёр орны төрийн тэргүүн "БНХАУ болон МУ-ын хооронд иж бүрэн түншлэлийн харилцааг байгуулан хөгжүүлэх тухай хамтарсан тунхаг"-т гарын үсэг зурж нийтлэв. Мөн хоёр орны гадаад харилцаа, эдийн засаг, худалдаа, транзит тээвэр, уул уурхай, дэд бүтэц, банк санхүү, соёл, орон сууцны барилгажилт зэрэг салбарын хамтын ажиллагааны олон гэрээг байгуулахад байлцав.

      Хоёр орны төрийн тэргүүн сэтгүүлчдийг хүлээн авч уулзав. Ши Жиньпин, "Хятад улс Монгол улстай харилцаагаа хөгжүүлэхийг гадаад бодлогынхоо тэргүүний чиглэл гэж үздэг, Монголын талтай хамт харилцан итгэлцсэн, хариуцлагатай сайн хөрш, сайн нөхөр, сайн түнш байхын төлөө хамтдаа хүчин чармайлт гаргахыг хүсэж байна. Бид зүрхэнд ойрхон, сэтгэлд уяатай, эрх ашиг харилцан шингэсэн найрсаг хөрш, ээлтэй хөрш байж, харилцан дэмжиж, харилцан тусалж, хоёр улсын сэргэн мандал, хамтын хөгжилд хүрэхэд бэлэн байна" гэж онцлон тэмдэглэв.

     Ц.Элбэгдорж, "БНХАУ-ын дарга Ши Жиньпин бидний уулзалт хэлэлцээр найрсаг, элэгсэг дотно уур амьсгалд боллоо. Бид Монгол Улс, БНХАУ-ын хоорондын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгохоор шийдвэрлэж, хоёр орны харилцааны суурийг тодорхойлсон, цаашид харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлийг баталгаажуулсан, аливаа асуудлыг эрх тэгш, нээлттэй харилцан хэлэлцэж шийдвэрлэх өргөн боломжийг нээж байгаа юм.

      Ван Хүнин, Ли Жаньшү, Ян Жечи зэрэг албаны хүмүүс хамт байлцав.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе