|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин болон Монголын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нар хэлэлцээ хийж, Хятад Монголын харилцааг "стратегийн түншлэлийн харилцаа"-наас "иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа" болгон дэвшүүлэхээр шийдсэн нь хоёр орны харилцан итгэлцэл цаашид улам бэхжихийг харууллаа.
Нэгд, улс төрийн итгэлцэл нь зангилаа юм
Хүн хэдий хөрш айлаа сонгож болох боловч хөрш орноо сонгож чадахгүй. Олдошгүй дээд хувь тохиолоор, Хятад Монгол хоёр орон хуурай газрын хамгийн урт хилийн зурвасаар хиллэдэг, мөн нутаг дэвсгэрийн ямар ч маргаантай асуудал байхгүй билээ. Манай хоёр орны харилцаа 2011 онд "сайн хөршийн харилцан итгэлцсэн түншлэлийн харилцаа"-наас "стратегийн түншлэлийн харилцаа"-д шилжиж байсан бол энэ удаа дахин нэг шат өгсөн дээшлэв.
Гэвч энэ харилцааг зүгээр үзэглээд л орхичихгүй, заавал бодит ажил хэрэг болгох ёстой. Хэлэлцээний үеэр, Ши Жиньпин дарга Монгол улсын ерөнхийлөгчийн дэвшүүлсэн олон санаачилгыг дэмжсэн юм. Тухайлбал, НҮБ, Ази-Европын хурал, ШХАБ, Азид итгэлцэл хамтын ажиллагааг бэхжүүлэх бага хурал зэрэг олон улсын байгууллагын хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлж, Монгол улсыг АПЕК-д элсүүлэх, Зүүн хойд Азийн аюулгүйн байдлын талаарх Улаанбаатрын яриа хэлэлцээний санаачилга болон Хятад - Монгол - Орос гурван орны тэргүүн нарын уулзалтын тухай саналыг нь бүрэн дэмжсэн юм. Эдгээр нь Хятад улс Монгол улстай улс төрийн итгэлцлээ бэхжүүлэх хүсэлтэй байгааг илхнээ батлан харууллаа.
Монгол улсын хувьд цаашид ч эвсэлд үл нэгдэх байр сууриа хадгалах бөгөөд бусад хөрш, ялангуяа "Гуравдагч хөрш" болон Америкийн дарамт шахалтыг хэрхэн зохицуулж, Хятад улстай улс төрийн итгэлцлээ хэвээр байлгахаа бодолцох шаардлага тулгарч байна.
Хоёрт, Эдийн засгийн харилцан итгэлцэл нь тулгуур юм
Хятад улс олон жилийн турш Монгол улсын хамгийн том худалдааны түнш бөгөөд хөрөнгө оруулагчийн статусаа хадгалсаар ирсэн юм. Цаашид хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны гол агуулга нь "Уул уурхай, дэд бүтэц, банк санхүү" -гийн салбарыг нэгтгэсэн цогц хамтын ажиллагааны зарчим байх болно.
Монгол улсын хувьд Хятадын боомт, далайн гарцуудаар дамжуулан гадаад худалдаагаа хөгжүүлэхийг хүсэж байна. Хятад улс хамтран ажиллах чин эрмэлзлээ илэрхийлж дараах чиглэлд түлхүү дэмжлэг үзүүлнэ. Үүнд, Хятад Монголын хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, 7 боомтыг шинээр байгуулж, боомтын бараа нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлнэ. Мөн хоёр орны иргэний агаарын тээврийн хамтын ажиллагааг цаашид улам дэмжиж, зах зээлийн эрэлт хэрэгцээний дагуу хоёр орны агаарын тээврийн зах зээлд нийлүүлэх стандартыг өргөжүүлнэ.
Хятад улсын хувьд, Монгол улсад хөрөнгө оруулахдаа хөрөнгө оруулалтын тогтвортой нөхцөл байдлыг шаардана. Уул уурхайн салбараар жишээ татахад, Монгол улс газрыг хувьчилдаг ч уул уурхайн хайгуул, олборлолтын эрхийг улс эзэмшдэг. Газар нутгийн өмчлөгч болон эрх олгогч тал нь нэгдэлтэй биш байгаагийн улмаас зөрчил бий болдог. Үүнийг зохицуулахын тулд Монгол улсын УИХ-аас зарим хуульд нэмэлт өөрчлөлт хийж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгох талаар хичээл зүтгэл гаргаж байна.
Хятад, Монголын эдийн засгийн харилцан итгэлцлийн хувьд, Монгол улсын дэд бүтцийг сайжруулах нь хамгийн чухал асуудал юм. Монгол улсад эрчим хүч, байгалийн баялаг ихтэй, гэхдээ цахилгаан эрчим хүч, хөрөнгө санхүү, технологийн нөхцөл байдал тааруухан бөгөөд авто зам, төмөр замын дэд бүтцийн байгуулалт хоцрогдонгуй зэргээс шалтгаалж уул уурхайн нөөц баялгаа "ашиглаж чадахгүй, экспортолж дийлэхгүй" байдал тулгарч байгаа юм.
22-ны өдөр дарга Ши Жиньпин Монгол улсын УИХ-д илтгэл тавихдаа, Монгол улсыг Хятадын хөгжлийн боломжоос ашиглахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Гэвч өнөөдрийн байдлаар Хятад, Монгол хоёр орон төмөр замын царигийн асуудал дээр эргэлзсэн хэвээр байна.
Төмөр замын асуудлыг бодитоор шийдвэрлэж чадахгүй юм бол Монгол улс Хятад-Монголын эдийн засгийн "хурдны галт тэрэг"-т хэрхэн сууж чадах билээ?
Гуравт, Хүмүүнлэгийн харилцаа бол үр юм
Ши Жиньпин Монголын хэвлэлд нийтлэл гаргахдаа "Сайн хүлэгтэй бол холын замаас халшрахгүй, сайн нөхөртэй бол хүчир бэрхээс айхгүй" гэсэн зүйр үгийг хэлсэн. Энэ нь харилцан соёлоо ойлголцсоны суурин дээр харилцан сэтгэл зүрхээ ойлголцох болно гэсний илэрхийлэл байсан. Бүх харилцаа хүмүүнлэгийн харилцаатай салшгүй холбоотой юм.
Одоогийн байдлаар 8000 гаруй Монгол улсын оюутан улсын тэтгэлгээр болон хувийн зардлаар Хятад улсад суралцаж байна. 2012 оны эцсийн байдлаар, Монгол улсын 30 гаруй их сургуульд хятад хэлний мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж, 30 гаруй бага дунд сургуульд хятад хэлний сургалт явуулж байна. Өдгөө Монголд 10 мянга гаруй хүн хятад хэлээр ярьж чаддаг. Жил тутамд Монгол улсаас 1 сая гаруй иргэн Хятад улсад зорчсон гэсэн тоо бүртгэл бий. Энэ нь Монгол улсын бүх хүн амын гуравны нэгтэй тэнцэж байна.
Энэ удаа хоёр орны тэргүүн нарын уулзалтаар 2015 оноос эхлэн 5 жилийн хугацаанд жил тутамд Монгол улсын 100 залууг Хятад улсад, Хятад улсын 50 залуу Монгол улсад айлчлуулахаар тохиролцлоо. Ирэх 5 жилд Монгол улсаас Хятад улсад төрөл бүрийн сургалтанд хамрагдагчийн тоог 1000 хүртэл, Хятадын засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог 1000 хүртэл тус тус нэмэгдүүлж, Монгол улсын хэвлэл мэдээллийн 250 төлөөлөгчийг Хятад улсад айлчлахыг урьсан байна.
Монгол Улсын Их сургуулийн дэрэгдэх Күнзийн институт, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн зохион байгуулах арга хэмжээг Монголын талаас цаашид ч дэмжихээ илэрхийлсэн. Үүнээс гадна, Монголын тал Бээжинд Монголын соёлын төв байгуулахад Хятадын талаас шаардлагатай туслалцаа олгоно. Ирэх 5 жилд Хятадын талаас Монголын талд 25 кино болон дэлгэцийн бүтээлийг орчуулгатай нь үнэ төлбөргүй нийлүүлнэ. Хоёр тал биет бус соёлын өвийн хамгаалалт, хил дамнасан халдварт өвчнөөс сэргийлэх, цөлжилттэй тэмцэх зэрэг салбарт хамтын ажиллагаа өрнүүлнэ.
Хятад Монгол хоёр орны хүмүүнлэгийн солилцоонд тооноос чанарын өөрчлөлт, тодорхой ахиц гарахаар болсон нь харилцан итгэлцсэний үр дүн юм.
Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хятад Монголын харилцаа бүрэн төгс амжилт олж чадсангүй гэж мэдээлж байгаа ч гэсэн Хятад Монгол хоёр орон харилцан итгэлцэлээ нэмэгдүүлж чадвал, нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадах нь дамжиггүй юм. "Хятад, Монголын өнө үүрдийн нөхөрлөлийг алд цэнхэр хадгаар уламжилъя, Хятад, Монголын хамтын хөгжлийн мөрөөдлийг цэлгэр уудам тал нутагт цогцлооё! " гэж Хятад улсын дарга Ши Жиньпиний хэлсэнээр хоёр орны харилцаа өнө үүд бат орших болтугай.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |