• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Монголын эрдэмтэд хүмүүнлэгийн солилцооны талаар хэлэлцэв

CRI       (GMT+08:00) 2014-10-15 10:03:00

      Хятад, Монголын нэрт эрдэмтэн, судлаачдын оролцсон "Хятад, Монголын Хүмүүнлэгийн солилцооны шинэ боломж, шинэ сорилт" олон улсын эрдэм шинжилгээний хурал 10-нд Бээжингийн Их сургуульд амжилттай болж өндөрлөлөө.

      Тус хурлыг Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 65 жил болон Бээжингийн Их Сургуулийн Монгол судлалын төв байгуулагдсаны 10 жилийн ойг угтаж Бээжингийн Их Сургуулиас зохион байгуулсан бөгөөд Хятад, Монголын холбогдох эрдэмтэн, судлаач, оюутны төлөөлөл 50 гаруй хүнийг оролцуулав.

      Бээжингийн Их Сургуулийн дэд захирал Лю Вэй, Хятадын Соёлын яамны гадаад харилцааны газрын дарга Жан Айпин, МУ-аас БНХАУ-д суугаа Элчийн сайдын яамны элчин зөвлөх Т.Батцэцэг, БНХАУ-аас МУ-д сууж асан элчин сайд Гао Шүмао, соёлын атташе асан хатагтай Ү Шин-Ин, Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Төмөртогоо, Бээжингийн Их Сургуулийн Монгол судлалын төвийн эрхлэгч Ван Хао, МУ-ын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн судлаач Н.Ариунгуа, Хятадын НШУ-ы хүрээлэнгийн судлаач Залгаа, МУИС, ӨМИС, МУБИС-ын хятадач, монголч эрдэмтэн, судлаач болон БНХАУ дахь Монгол оюутны холбооны төлөөлөгчид хуралд оролцсон юм.

МУИС-ийн Күнзийн институтын захирал, нэрт хятадач М.Чимэдцэеэ БИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч Ван Хаод өөрийн бүтээлээ гардуулж буй нь

       Бээжингийн Их Сургуулийн дэд захирал Лю Вэй хурлыг нээж үг хэлэв. Бүтэн өдөр үргэлжилсэн хурлаар хоёр талын эрдэмтэн судлаачид өнөөгийн Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны шинэ боломжийг эрэлхийлж, шинэ сорилтыг даван туулах талаар өөрсдийн санал бодлоо идэвхтэй солилцож, хоёр орны өнөөгийн харилцаанд тулгарч буй асуудлуудыг олон улсын шинэ нөхцөл байдал, дотоод гадаад хүчин зүйл, соёл, боловсрол, шинжлэх ухаан, худалдаа эдийн засаг зэрэг олон талаас нь гүнзгий авч хэлэлцээд, энэ удаагийн хурлын өндөр ач холбогдлыг санал нэгтэй онцлон тэмдэглэв.

      Энэ удаагийн хуралд, Хятадын НШУ-ы хүрээлэнгийн судлаач Залгаа "Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцоог шинэ шатанд гаргах нь", МУ-ын нэрт орчуулагч, хятадач Д.Болдбаатар "Монгол, Хятадын найрсаг харилцаанд соёлын солилцооны эзлэх байр суурь" , БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны соёлын атташе асан Ү Шин-Ин "Хүмүүнлэгийн солилцоо нь хоёр орны найрсаг харилцааг эрчимжүүлэх чухал тулгуур", МУИС-ийн судлаач Н.Алтанцэцэг "Монгол, Хятадын их бүрэн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь чухал", Хятадын орчин үеийн олон улсын харилцаа судлалын хүрээлэнгийн судлаач Хуан Ин "Хятад, Монголын харилцаан дахь хүмүүнлэгийн солилцооны байр суурь, ач холбогдол", МУ-ын ОУСХ-гийн Хятад судлалын салбарын эрхлэгч Н.Ариунгуа "Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны шинэ боломж, шинэ сорилт" сэдвээр, мөн хоёр орны эрдэмтэд Хятад дахь Монгол судлалын үүсэл хөгжил, мөн Монгол дахь Хятад судлалын талаар сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлж, өндөр үр дүнд хүрсэн юм.

Мэдээлсэн: Э.Эрдэнэсувд

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе