|
|
||
МУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас 28-нд Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 65 жилд зориулж хүлээн авалт зохион байгууллаа. Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжяний урилгаар БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд болон түүнийг дагалдан яваа УИХ-ын зарим гишүүд, БНХАУ-ын Ардын УТЗЗ-ийн Үндэсний хорооны дарга, Хятадын Гадаад орнуудтай найрамдлаар харилцах нийгэмлэгийн дэд дарга, БНХАУ-д суугаа гадаад орнуудын элчин сайд нар, дипломат ажилтнууд, БНХАУ-д ажиллаж амьдарч буй монгол иргэд хүлээн авалтад оролцов.
З.Энхболд үг хэлэхдээ, "Монгол, Хятад хоёр орон олон мянган жилийн уламжлалт найрсаг харилцаатай хөршүүд билээ. Хоёр орны дипломат харилцааны 65 жилд хоёр тал харилцаагаа олон улсын хууль дүрмийн хүрээнд шинэ хэлбэр, шинэ зарчмаар богино хугацаанд амжилттай хөгжүүллээ. Хоёр орны харилцааны өнөөгийн хөгжилд сэтгэл хангалуун байгаагаа онцлон тэмдэглэхийг хүсэж байна" гэв.
МУ-ын Их Хурлын даргын энэ удаагийн айлчлал бол дарга Ши Жиньпиний МУ-д хийсэн төрийн хэмжээний айлчлалын дараахан болж байгаагаараа онцлог гэдгийг хүлээн авалтын үеэр зочид төлөөлөгчид онцолж байлаа. БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шяолун манай сурвалжлагчид ярихдаа, "Монгол Улсын Их хурлын даргын Хятад улс дахь энэ удаагийн айлчлал нь дарга Ши Жиньпиний МУ-д айлчлах үеэр байгуулсан хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг эрчимжүүлэхэд маш чухал ач холбогдолтой юм" гэлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа, "Өнгөрсөн 8 дугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин МУ-д айлчлах үеэр талууд олон чухал гэрээ хэлэлцээр байгуулсан. Эдгээр гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд бид энэ удаагийн айлчлалын үеэр Петрочайна, Синопек зэрэг Хятадын үндэсний компаниудтай олон чухал уулзалт хийлээ. Монгол улс хөрш орнуудтайгаа эдийн засаг худалдаа, соёлын бүх шатны хамтын ажиллагааг хөгжүүлэхийг чухалчилж байгаа" гэж манай сурвалжлагчид ярилаа.
Сүүлийн жилүүдэд Хятад, Монголын эдийн засгийн харилцаа эрчимтэй, хурдтай хөгжиж байгаа билээ. БНХАУ-ын Ардын УТЗЗ-ийн Үндэсний хорооны дарга Лүо Фүхэ үг хэлэхдээ, "БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн Торгоны замын эдийн засгийн бүсийг бүтээн байгуулах санаачилгыг МУ-ын Талын замын санаачилгатай уялдуулж, талуудын эрх ашигт нийцсэн стратегийн хамтын ажиллагааг ахиулах нь чухал юм" гэж цохон тэмдэглэв.
27-нд Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян МУ-ын Их Хурлын дарга З.Энхболдтой хэлэлцээ хийж, хоёр парламентийн харилцааг тогтмолжуулах, улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ талаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Сумьяабазар манай сурвалжлагчид ярихдаа, "Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр орны хууль тогтоох дээд байгууллага, парламентийн хоорондох харилцааг шинэ төвшинд гаргах, мөн нийгэм, хүмүүнлэг, хүүхэд залуучуудын солилцоог идэвхжүүлэх, хоёр орны хамтын ажиллагааг сурталчлан таниулах чиглэлд эрчимтэй хамтарч ажиллах талаар тохиролцсон нь маш өндөр ач холбогдолтой юм" гэлээ.
Хоёр орны соёл, хүмүүнлэгийн харилцааны талаар Бээжингийн Их Сургуулийн Монгол Судлалын Төвийн эрхлэгч Ванхао, "Соёл хүмүүнлэгийн харилцаа нь хөгжлийн орон зайны хувьд улс төр, эдийн засгийн харилцаанаас илүү өргөн юм. Тиймээс хоёр орны ардын харилцаа, хүмүүнлэгийн солилцоог илүү олон сувгаар өргөжүүлэх шаардлага бий" гэж тэмдэглэв.
МУ-ын Их Хурлын дарга З.Энхболд 27-28-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, олон үр дүнд хүрснийг талууд санал нэгтэй онцолсон юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |